Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
56 минутын өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр (2026.08.17) Улаанбаатар хотод эхэллээ.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ удаагийн хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачигтай холбоотой асуудал болон газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг бууруулах, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны асуудлыг хэлэлцэнэ.

COP17-д НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 талын төлөөлөгчид, Засгийн газар, бизнес, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл, залуус, уугуул иргэд, малчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоор төлөвлөжээ.

Энэ удаагийн COP17 нь “Газраа сэргээе. Найдвараа сэргээе” уриан дор зохион байгуулагдаж байна. Хурлын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, дараагийн хоёр долоо хоногт талууд газрын доройтол, цөлжилт, ган гачгийн эсрэг хэрэгжүүлэх бодлого, шийдлүүдийн талаар хэлэлцэх юм.

COP17-ын дээд түвшний уулзалтууд хурлын хоёр дахь долоо хоногт буюу наймдугаар сарын 24-26-нд болох бөгөөд сайд нарын түвшинд газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэртэй байдал болон санхүүжилтийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top