Ш.Алтантуяагийн хэргийн гол сэжүүр Нажиб Разак өршөөлөөр гэрийн хорионд орлоо

Б.Сэцэн | Zindaa.mn
59 минутын өмнө

Малайзын хааны дэргэдэх Холбооны өршөөлийн зөвлөл тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийг гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ. Нажиб Разак нь хууль бус сан байгуулж улсад онц их хэмжэээий хохирол учруулсан хэрэгт буруутай нь тооцогдож 2022 оны наймдугаар сараас хойш шоронд хоригдож байсан юм.

Тэрээр 2009 онд албан тушаалаа авсны дараахан "1MDB хөгжлийн сан" байгуулсан байдаг. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, уг сангаас дор хаяж 4.5 тэрбум ам.доллар хулгайлагдаж, Нажибын хамтрагчид АНУ болон бусад орнуудад байрлах олон давхар банкны дансаар дамжуулан угаасан байна. Энэ хөрөнгийг Холливудын кино, зочид буудал, тансаг зэрэглэлийн дарвуулт завь, урлаг, үнэт эдлэл зэрэг тансаг худалдан авалтыг санхүүжүүлэхэд ашигласан гэж буруутгагдсан юм.

Онцлон дурдууштай нэг зүйл байгаа нь Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт нэг сэжмээр холбогддог. Ш.Алтантуяа нь амиа алдахаасаа өмнө Малайз улс Францаас "Scorpene" загварын шумбагч онгоц худалдан авах ам.долларын тэрбум гаруй өртөгтэй хэлцлийн үеэр орчуулагчаар ажиллаж байжээ. Тухайн үед Нажиб Разак Батлан хамгаалахын сайдын алба хашиж байсан бөгөөд уг хэлцлийг түүний ойрын зөвлөх, цэргийн шинжээч Абдул Разак Багинда удирдаж байсан юм.

Улмаар 2006 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Малайз улсын Шах Алам хотын ойролцоох ойд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан билээ. Түүний амь насыг хөнөөсөн хэрэгт Нажиб Разакийн хамгаалалтад ажиллаж байсан Азилах Хадри болон Сирул Азхар Умар нар холбогдон ял авсан. Хожим нь 2019 онд Азилах Хадри нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Ш.Алтантуяаг хөнөөх тушаалыг Нажиб Разакаас шууд авсан, түүнийг "гадаадын тагнуулч" гэж ойлгуулсан хэмээн мэдэгдсэн байдаг.

Нажиб Разак Ш.Алтантуяаг хэзээ ч харж байгаагүй, уулзаж байгаагүй бөгөөд амийг нь хөнөөх ямар ч тушаал өгөөгүй хэмээн бүх буруутгалыг тууштай үгүйсгэсээр ирсэн. Малайзын шүүхээс ч түүнийг гэрч эсвэл сэжигтнээр татаж байгаагүй. Гэсэн ч Ш.Алтантуяа уг хэлцлийн шимтгэлийн мөнгөнөөс хувь авахаар А.Р.Багиндатай маргалдаж байгаад амь нас нь хохирсон бөгөөд Нажиб Разакийг уг гэмт хэргийг нуун дарагдуулах болон захиалах ажилд оролцсон гэх сэжиг олон улсад үлдсэн юм.

Ш.Алтантуяагийн гэр бүлээс гаргасан 100 сая ринггитийн иргэний нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүхээс 5 сая ринггит (ойролцоогоор 1.1 сая ам.доллар) олгохоор шийдвэрлэж байсан. Гэвч Давж заалдах шатны шүүхээс уг нөхөн төлбөрийн хэмжээг 1.4 сая ринггит болгон бууруулж, Малайзын Засгийн газрыг хариуцлагаас бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан. Хохирогчийн гэр бүлийнхэн уг шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул Малайзын Дээд шүүхэд (Federal Court) давж заалдахаар хүсэлт гаргасны дагуу шүүх хурал товлогдсон байна.

Талийгаачийн аав С.Шаарийбуугийн зүгээс Азилах Хадрийн "Нажиб Разакаас тушаал авсан" гэх мэдүүлэг, нэмэлт тайлбарыг цагдаагийн байгууллага шалгаж дууссан уу гэдгийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Энэхүү шүүхийн хяналтыг (Judicial Review) хэлэлцэх Дээд шүүхийн хурал аравдугаар сарын 6-нд товлогджээ. Харин иргэний нөхөн төлбөрийн хэмжээг бууруулж, Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлснийг хэлэлцэх шүүх хурал аравдугаар сарын 27-нд товлогдоод байна.

Холбогдох мэдээллийг энэ холбоосоор уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top