-Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг ирэх сард эцэслэн шийдэгдэх магадлалтай-
Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Малайз улсын Куала-Лумпур хотноо энэ сарын 6-ны өдөр эхэлж, өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр завсарлалаа. Энэ удаагийн хуралд талийгаачийн аав С.Шаарийбуу хохирогчоор орж байгаа бол ажиглагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга оролцсон юм. Өмнө нь энэ хэргийг эрүүгийн хуулиар шийдвэрлэн гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноосон боловч тэд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлж, өнөөдрийг хүртэл ямар нэг шийтгэл хүлээгээгүй байна. Харин энэ удаагийн хурал нь Монгол Улсын иргэн С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хурал бөгөөд хохирогчийн талаас Малайз Улсын Засгийн газраас нөхөн төлбөр гаргуулах хүсэлт тавьсан байдаг.
Хагас сарын хугацаанд үргэлжилсэн энэ удаагийн хурлаар Малайзын талын гэрчүүдээс мэдүүлэг авах үйл ажиллагааг явуулж, өмнө шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг дахин нотолж хавсаргах ажлыг гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл, гэрчүүдийг дахин байцааж, нотлох баримтуудаа дахин үнэлүүлэх шаардлагатай тул маш их цаг хугацаа орж байгаа талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.
Харин хохирогчийн аав С.Шаарийбуугийн өмгөөлөгчөөр Рамкарпал Сингх гэх хүн ажиллаж байгаа ба түүний үзэж буйгаар энэ хэргийг ирэх долдугаар сар, цаашлаад энэ ондоо багтаад эцэслэн шийдэх байх гэсэн хүлээлттэй байгаа аж.
“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ХӨНӨӨСӨН УГ ХЭРГЭЭС ШАЛТГААЛАН ХОЁР ОРНЫ ХАРИЛЦАА УДААН ХУГАЦААНД ЗОГСОНГИ БАЙДАЛД БАЙГААГ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ”
Дээрх шүүх хурлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянгын байр суурийг тодрууллаа.
-Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилолтоор Малайзад шүүх хуралд иргэн С.Шаарийбуугийн хамт оролцоод ирлээ. 13 жилийн өмнө гарсан энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй, буруутай этгээдүүд ялаа эдлээгүй хэвээр байна. Эрүүгийн хэргийг эцэслэн шийдэж, аллага үйлдсэн цагдаагийн офицеруудад Малайзын шүүх цаазаар авах ял оногдуулсан боловч хэрэгтнүүд ялаа эдлээгүй, нэг нь гадагшаа цагаачилж гарсан байна. Гол нь хэргийн захиалагчийг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй, талийгаач бүсгүйн аав балмад аллагыг захиалагчийн нэг гэж үзэж байгаа Разак Багинда цагаадсан гэх мэт асуудал ээдрээтэй хэвээр байна. Харин Малайзын төрд шинэ удирдлага гарч ирснээр олон нааштай хандлага бий болсон. Ерөнхий сайд Мохатир Мохамад Ш.Алтантуяагийн амиа алдсантай холбоотой эрүүгийн хэргийг сэргээн шалгах хүсэлтийг прокурор болон Хааны ордонд хүргүүлсэн байна.
Тиймээс Малайзын шинэ Засгийн газар уг асуудалд шударгаар хандаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, ард түмэн талархалтай байгаа. Мөн Ерөнхийлөгч, Засгийн газар, Гадаад Хэргийн Яамнаас төрийн өндөр дээд хэмжээнд байнга бичиг явуулж ирсэн. Монгол Улсын иргэнийг зэрлэгээр хөнөөсөн уг хэргээс шалтгаалан хоёр орны харилцаа удаан хугацаанд зогсонги байдалд байлаа. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэж байж хоёр орны төрийн болон ард түмний харилцаа хэвийн үргэлжлэх үүд хаалга нээгдэнэ. Ингэх эрмэлзэл аль аль талд байгаа нь ойлгомжтой. Монголын талаас үүнийгээ тасралтгүй илэрхийлж, гацааг арилгахыг эрмэлзэж ирсэн. Ялангуяа Ерөнхийлөгчийн зүгээс сонгогдсон цагаасаа эхлэн байнга анхаарч, шинэ Ерөнхий сайдыг томилогдсоны дараа баяр хүргэсэн илгээлт явуулахдаа ч, олон улсын хэмжээний хурал, уулзалтаар тааралдаж биечлэн уулзахдаа ч энэ хэргийг дурдаж байсан. С.Шаарийбуу гуайн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Карпал гуайн гэр бүлийнхнийг Монголд ирэхэд нь хүлээн авч уулзсан. Гэрчийн мэдүүлэг авах шүүх хурлын үйл явцыг ажиглуулахаар Хүний эрхийн зөвлөхөө илгээлээ. Ерөнхийлөгчийн энэ мэт идэвхтэй үйл ажиллагаанууд болон Монголын төр засгаас баримталж байгаа байр суурийг Малайзын тал ойлгож асуудалд санаа тавьж, шийдвэрлэхийн төлөө байгаагаа ч саяын уулзалтаар мэдэгдсэн.
Бид Малайзын хуулийн байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцох ямар ч боломжгүй. Бид улстөрийн арга замаар байр сууриа маш шургуу, тууштай илэрхийлж байгаа. Энэ л бидний хамгийн дээд, маш сайн оролцоо. Энэ удаа Ерөнхийлөгч зөвлөхөө шүүх хурлын ажиглагчаар явуулсан нь их чухал алхам болсон. Энэ бол Малайзын шүүхэд төдийгүй, төр засгийн түвшинд бид хандлагаа, хоёр орны хооронд үүссэн хад чулууг нураах эрмэлзлээ харуулж байгаа маш чухал зүйл. Мөн энэ бол зөвхөн Малайзын Засгийн газарт төдийгүй дэлхий нийтэд монгол хүн хаа ч ажиллаж амьдарч явсан иргэнийхээ эрхийг төр нь хамгаалж, анхаарч байдгийн дохио, илэрхийлэл. Гадаадад ажиллаж амьдарч байгаа манай монголчууд, эх орондоо тэднийхээ төлөө санаа чилээж суудаг олон хүмүүс Ерөнхийлөгчийн энэ алхамд баярласнаа илэрхийлсэн. Бид бүх боломж, чадлаараа үүний төлөө хичээж ажиллах ёстой” хэмээв.
Сэтгэгдэл ( 4 )
Sain aav, Tand eruul enhiig husye!
мэдээж мөнгө харж малайз эртэй суугаа биз зайлуул. орос эмэгтэйг мөнгөтэй хужаа гэрлэе гэж гуйхад тэр орос эмэгтэй тоож суугаагүй. эмэгтэй хүн тийм л байх ёстой.
Шаарийбуу гуайд амжилт хусье! Та бол шантаршгуй тэмцэгч Монгол гэдгийг нотлон харуулж буй дайчин эцэг.Тантай Монголын тер Ард тумэн хамт бгаад бахархаж бна!
Шаарийбуу гуай жинхэнэ эр хүн, эцэг хүн байна.Эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа гэдэг шүү