Al Jazeera сувгийн “101 East” нэвтрүүлэг 2006 онд Малайз улсад монгол эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн ард байгаа хүмүүсийг эрх мэдэл, улс төр хамгаалж байгаа эсэхийг эрэн сурвалжилж байна.
Хорин жилийн өмнө Малайзын тусгай хүчний цагдаагийн хоёр алба хаагч Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг зэрлэгээр хөнөөж, цэргийн зориулалттай С4 тэсрэх бодисын тусламжтай цогцсыг нь дэлбэлж устгасан юм. Гэвч тэд ямар шалтгаанаар түүний амь насыг хөнөөсөн бэ гэдэг үнэн одоог хүртэл тодорхой болоогүй бөгөөд энэ нь түүнийг үүрд дуугүй болгох гэсэн улс төрийн хуйвалдаан байж магадгүй гэх сэжгийг төрүүлж байна.
“101 East” нэвтрүүлгийн баг эрүүгийн хэргийн шүүх хуралд хөндлөнгийн нөлөө орсон гэх гомдол, Ш.Алтантуяагийн авлигын асуудалтай гэгддэг шумбагч онгоцны хэлцэлтэй холбогдсон сэжиг, мөн цагдаа нар Ерөнхий сайд асан Нажиб Разакын тушаалаар хөдөлсөн гэх мэдүүлгийг шалгахаар Монгол, Малайз, Франц, Австрали зэрэг улсыг дамжин эрэн сурвалжилга хийжээ. Харин Нажиб Разак уг аллагад ямар нэгэн байдлаар оролцсоноо эрс үгүйсгэж байгаа юм.
“Малайз дахь аллага: Алтантуяа Шаарийбуугийн төлөөх шударга ёс” бол 2026 оны аравдугаар сарын 17-нд Al Jazeera-гийн 101 East нэвтрүүлгээс гаргасан хоёр ангит эрэн сурвалжлах баримтат кино юм. 2006 онд 28 настай монгол бүсгүй Ш.Алтантуяагийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргээс хойш бараг 20 жил өнгөрч буй ч, уг аллагын ард хэн байсан бэ гэдэг үнэнийг улс төрийн хүч нөлөө нуун дарагдуулсаар байна уу гэдгийг тус кинонд эрэн сурвалжилжээ.
2006 оны аравдугаар сард Ш.Алтантуяаг Малайзад хулгайлж, буудан хөнөөгөөд, улмаар ширэнгэн ойд цэргийн зориулалттай C4 тэсрэх бодисоор цогцсыг нь дэлбэлж устгасан юм.
Малайзын тусгай хүчний цагдаагийн элит ангийн алба хаагчид болох ерөнхий байцаагч Азила Хадри, Сирул Азхар Умар нарыг уг аллагад буруутай гэж үзсэн. Гэвч тэд Ш.Алтантуяатай хувийн ямар ч харилцаа холбоогүй байсан тул тэднийг ийм алхам хийхэд хүргэсэн гол сэдэл нууц хэвээр үлдсэн юм.
Ш.Алтантуяа нь Малайзын шадар сайд асан (дараа нь Ерөнхий сайд болсон) Нажиб Разакын ойрын зөвлөх Абдул Разак Багиндатай дотно харилцаатай байжээ. Францаас шумбагч онгоц худалдан авах олон тэрбум долларын өртөгтэй хэлцлийн явцад 150 сая гаруй долларын авлига, хахууль өгөгдсөн байж болзошгүй асуудлыг Ш.Алтантуяа мэдэж байсан тул дуугүй болгох гэсэн таамгийг тус баримтат кинонд хөнддөг.
Малайз улс цаазын ялыг халсантай холбогдуулан Дээд шүүхээс Азила Хадрийн цаазын ялыг 40 жил хорих ял болгон өөрчилсөн. Энэхүү ялыг хөнгөлөх хүсэлтийг Ш.Алтантуяагийн аав доктор С.Шаарийбуу дэмжсэн байна.
2026 оны нэгдүгээр сард Малайзын Давж заалдах шатны шүүхээс Ш.Алтантуяагийн гэр бүлд олгохоор шийдвэрлээд байсан таван сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая ринггит болгон бууруулжээ. Шүүхээс тухайн цагдаагийн ажилтнууд албан үүргээ гүйцэтгээгүй, харин Ш.Алтантуяатай холбоотой асуудлыг "хувийн тохиролцоогоор" шийдсэн тул Малайзын засгийн газар үүнд шууд хариуцлага хүлээхгүй гэж үзсэн байна.
Энэхүү баримтат киног Al Jazeera-гийн албан ёсны вэбсайт болон тэдний Al Jazeera English YouTube сувгаар үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )