Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрсөн наймдугаар сард 30 удаагийн хяналт шалгалт хийж, 2994 иргэнд Зөрчлийн хуулиар торгууль оноожээ.
Торгууль ногдуулсан гадаадын иргэдийн 2,741 буюу 91.5 хувь нь уригч хуулийн этгээдтэй, 244 буюу 8.1 хувь нь уригч хувь хүнтэй, 9 буюу 0.3 хувь нь уригч иргэнтэй холбоотой зөрчил гаргасан байна.
Зөрчлийн төрлөөр нь авч үзвэл уригч хуулийн этгээд гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, мөн тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад бүртгүүлээгүй зэрэг зөрчил дийлэнх хувийг эзэлжээ.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч Монгол Улсаас гарахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан 12 улсын 94 гадаадын иргэнийг албадан гаргажээ.
Тэдгээр иргэнийг виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж, хуульд заасан хариуцлага хүлээсэн зэрэг үндэслэлээр Монгол Улсад дахин нэвтрүүлэхгүй байх хугацаа тогтоосон байна.
Гадаадын иргэнийг уригч иргэн, хуулийн этгээд нь тухайн иргэнийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, виз болон оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгах, хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх, эсхүл Монгол Улсаас гаргах, нутаг буцаах арга хэмжээ авахыг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )