Э.Занданшагай: Энэ шоунд оролцож амьдралаа өөрчлөхийг хүссэн

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

-Камертон-2 шоунд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монголд анх удаа болж байгаа шоунд оролцож байгаа сэтгэгдэл маш өндөр байна. Өөрийгөө нээж, танилын хүрээгээ тэлж, биеэ зөв авч явах тал дээр суралцаж байгаа. Бусад шоунуудтай харьцуулахад хамаагүй чанартай шоу гэж дүгнэж байна.

-Хэрхэн оролцох болов?

-Хүсэл мөрөөдлөө биелүүлж, зорьсон зорилгодоо хүрч, хүмүүст өөрийнхөө дуу хоолойг сонсгоё л гэж бодсон. Хамгийн гол нь өөрийнхөө амьдралыг өөрчилье гэж оролцож байна.

-Шүтдэг хамтлаг?

-Камертон, Номинталст, хип хоп хамтлагуудыг сонсдог.

-Дуунаас чи ямар мэдрэмж авдаг вэ?

-Дуунаас өөрийгөө л олж авдаг .

-Шоунд оролцож байгаа хүмүүсээс хамгийн хүчтэй өрсөлдөгч?

-Бүгдээрээ. 15 хүний эсрэг 1 гэж л үзэж байгаа.

-Бусад оролцогчдоос өөрийн чинь давуу тал?

-Тэвчээртэй, сэтгэлийн хаттай.

-Тэмцээнд оролцсоноос хойш хувь хүнийхээ хувьд өсч дэвжсэн зүйл?

-Хүнтэй зөв харьцаж сурсан.

-Камертон-2 шоунд оролцож байх явцад тохиолдсон хөгжилтэй явдал?

-3-р шатанд 10 хүн баг болоод бэлтгэлээ хийж байхад тохиолдсон нэг явдал байна. Бэлтгэлийн байрны доор нэг дэлгүүр байдаг. Тэндээс гоймон авах гэтэл санаснаас үнэтэй байсан. Би бантаад худалдагч руу нь харж байснаа дээшээ ороод ирье гээд гоймонгоо хаячихаад яваад өгсөн. /инээв/

-Гэр бүлээ танилцуулаач?

-Ээжийг  Оюунчимэг гэдэг. Эхээс тавуулаа. Хоёр ах,нэг эгч, нэг дүүтэй.

-Хүүхэд насны сайхан дурсамж?

-Багадаа найзуудтайгаа хамт гол дээр хөл бөмбөг тоглож өссөн. Тэр үед л хамгийн сайхан байсан.

-Арван жилийн сурагч байхдаа ямар хүүхэд байв?

-Томоотой хүүхэд байсан.

-Найз охинтой юу?

-Байгаа. Найз охиныг маань Пагмасүрэн гэдэг. Бид хоёр нэг сургуульд сурдаг. Гурван жил гаруй үерхэж байна. Бүх цаг үед минь дандаа хамтдаа байсан найз охиндоо “баярлалаа, хайртай шүү” гэж хэлье.

-Анх найз охинтойгоо танилцаж байсан үеэ эргээд нэг дурсвал ?

-Манай гэр Шувуун Фабрикт байдаг юм. Найз охины маань гэр бүл нь манай гэрийн ойролцоо нүүж ирсэн. Хүүхдүүд хоёр хөөрхөн охин /эгч дүүс/ байна гээд яриад байдаг байсан. Эгч нь надад маш их таалагдсан. Түүнээс хойш харж явдаг болсон. Цагаан сарын үеэр дэлгүүр дотор таараад мэндэлсэн. Тэр үеэс хойш сайн танилцаж дотно болсон.

-Найз охиныхоо юунд нь хамгийн их татагдав?

-Хатуужилтай зан чанарт нь. Бид хоёр тэр зангаараа адилхан.

-“Би чамд хайртай” гэсэн үгийг хамгийн анх хэзээ хэлсэн бэ?

-Төрсөн өдрөөр нь хэлж байсан.

-Тэгвэл өөрт чинь?

-Хоёр жилийн өмнө аавыгаа алдаад хэцүү байх үед найз охин маань надад “Би чамд хайртай” гэж хэлж байсан.

-Бие биенийгээ дууддаг үгс?

-Хайраа гэж дууддаг.

-Ирээдүйн зорилго?

-Монголдоо төдийгүй хилийн чанадад нэрээ гаргасан эрэгтэй хамтлагийн гишүүн болох.

-Мөрөөдөл?

-Болд ах шиг болохыг хүсдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top