-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-6-р ангиасаа хойш. Хамгийн анх Backstreetboys хамтлагийн тоглолтыг Унгарт үзэж байсан. Тэр тоглолтыг үзсэнээс хойш ирээдүйд хамтлаг байгуулна гэсэн зорилго тавьсан.
-Унгарт хэдэн жил амьдарсан бэ?
-1992 онд манай ээж мэргэжил дээшлүүлэхээр гэр бүлээрээ Унгар явсан. Тэнд 8-р анги хүртлээ сурч байгаад Монголд ирж 9,10-р ангиа төгссөн. Унаган унгар хэлтэй.
-Монголд ирснийхээ дараа мэдээж хэлний бэрхшээл тулгарсан байх?
-Тэгэлгүй яахав. Анх ирчихээд 3 сарын дотор крилл үсгээ сурч байсан. Эрчимтэй давтлага авснаар сайжирсан.
-Шүтдэг хамтлаг, дуучин?
-Boyz II men, Backstreetboys, Камертон, Номин талст хамтлаг гээд хуучны хамтлагуудыг нэлээд сонсдог. Эмэгтэй дуучдаас soul R&B, hip hop R&B чиглэлээр уран бүтээлээ туурьвиж байгаа бүх дуучдыг сонсох дуртай.
-Энэ шоунд хэрхэн оролцох болсон бэ?
-Анх Замбалгарав бид хоёр “Soul mate crew” хамтлаг байгуулж, 3 гишүүн солигдсоны дараа Оргилыгоо авч байлаа. Бид нийлж хоёр жилийн хугацаанд уран бүтээл хийж байсан ч санхүүгийн тал дээр асуудал үүссэн тул энэ тэмцээнд орохоор болсон. Хамгийн анх энэ шоунд оролцох саналыг Замбалгарав тавьсан. Хэрвээ энэ шоунаас тус тусдаа шалгарвал гомдолгүй гэж ярилцсан.
-Анх яаж танилцаж байсан бэ?
-СУИС-ийн эстрад дуулаачийн ангийн бэлтгэл курсэд гамм уншиж байхад Замбалгарав миний хоолойг сонсчихоод хамтарч дуулах саналыг анх тавьж байсан. Маргааш нь бид хоёр Өргөө кино театр дээр уулзаж би “Boyz II men” хамтлагийн дуунуудаас Замбалгаравт дуулж үзүүлсэн. Тэр цагаас хойш хамтарч уран бүтээлийн бэлтгэл сургуулилт хийгээд зургаан жил болж байна.
-Энэ хугацаанд өөрсдийн бие даасан ямар нэгэн уран бүтээл хийсэн үү?
-Бие даасан 5 уран бүтээл бий. Гэхдээ цацалт хийж байгаагүй. Дийлэнх нь гадны дуунуудын cover.
-“Soul mate crew” гэдэг нэрний утга?
-Хамгийн дотны найзууд гэсэн утгатай. Энэ нэрийг хоорондоо ярилцаж байгаад өгсөн. Crew гэдэг нэрээрээ 2 жил болж байна. Энэ хугацаанд тёнор хоолойтой 3 гишүүн солигдсон. Хамгийн сүүлийн гишүүн нь манай Оргил.
-Шантарч байсан үе байна уу?
-Гишүүд солигдож байсан тэр үед шантарч байсан.
-Урам зоригийг юунаас олж авдаг вэ?
-Хөгжмөөс. Хөгжим сонсоод маш их тайвширдаг.
-Танай гэр бүлд дуулдаг хүмүүс байдаг уу?
-Эмээгийн талынханд дуулдаг хүмүүс байсан гэсэн.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Ам бүл тавуулаа. Манай аавыг Батмөнх, ээжийг Мөнхжаргал гэдэг. Дунд дүүг маань Тамир, бага дүүг маань Бадрал гэдэг.
-Найз охинтой юу?
-Байхгүй.
-Ямар охидууд таалагддаг вэ?
-Өндөр, зөв галбиртай, би өөрөө даруухан учраас зан аашийн хувьд хөгжилтэй байвал зүгээр.
-Анхны хайртайгаа хэзээ учирч байв?
-Хамгийн анх 5-р ангидаа унгар охинд хайртай болж байсан.
-Унгар, Монгол охидын ялгаа?
-Унгар охид царай зүсээрээ Монгол охидыг арай гүйцэхгүй.
-Гэр бүл төлөвлөлтийн хувьд?
-Одоогоор төлөвлөөгүй.
-Дурлахаараа илэрдэг зан байдал?
-Би угаасаа бүрэг хүн болохоор гадаад байдалд минь илэрдэггүй.
-Хайр гэж таныхаар?
-Итгэл.
-Өөрийн чинь амьдралд тохиолдсон хамгийн дурсамжтай баярт мөч?
-Хамгийн бага дүү маань хорвоод мэндэлсэн өдөр.
-Өөрийгөө тодорхойлооч?
-Бүрэг.
-Стиль имижийн тухайд?
-Хүмүүс миний стиль имижийг хараад рок хөгжим сонсдог гэж боддог. Яг үнэндээ soul R&B урсгалын хөгжим сонсдог. Үсний хувьд долоон сарын өмнөөс ургуулж эхэлсэн.
-Нөхөрлөл гэж таныхаар?
-Маш агуу зүйл. Хамгийн дотны найзууд гэвэл Замбалгарав, Оргил.
-Үе тэнгийн залуучуудын тухайд өөрийн чинь бодол?
-Нэлээн ухамсартай болсон санагддаг. Харин хүн болгон хогоо хогийн саванд хийж байгаасай гэж хүсдэг.
-Бусад оролцогчиддоо хандаж хэлэх үг?
-Үзүүлбэрээ төгс үзүүлэхийн төлөө Урагшаа!

Сэтгэгдэл ( 0 )