Д.Зориг: Би хэлсэн амандаа хүрдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

-4-р шатны шалгаруулалтад оролцоод гарч ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Чадах ядахаараа Камертон хамтлагийн “Та нар надад итгэхгүй байх” гэдэг дууг дууллаа.

-Хэр их бэлдсэн бэ?

-Хагас сар орчим бэлдсэн.

-Амьд хөгжимтэй дуулахад ямар санагдав?

-Маш их ур чадвар шаарддаг, үнэхээр хэцүү юм байна.

-Хэзээнээс дуулах болов?

-Би их сургуульдаа анх удаа дуулж байсан. Тэр дуу маань хүмүүст маш их таалагдсан учраас их урамшиж дуулахаар шийдсэн.

-Камертон-2 шоунд оролцсоноос хойш мэргэжлийн багштай болсон уу?

-Үгүй. Яг өөрийнхөөрөө л явж байгаа. Гэхдээ хөгжимчид маань их зөвлөгөө өгдөг.

-Энэ шоунд оролсоноор олж авсан хамгийн ололттой зүйл чинь?

-Өөрийгөө нээх чадварыг олж авсан. Мөн маш олон найзуудтай болсон

-Тэмцээнд орсноос хойш хамгийн том шүүмжлэлийг хэн өгөв?

-1-р шатны шалгаруулалтад шүүгч Эба “Чиний хоолой нэгэн хэвийн байдаг л хоолой байна” гэсэн. Тэр шатны дуулалт дээр нэг “вибраци” хийсэн. Тэр “вибраци” нь миний урьд нь дуурайж дуулдаг байсан Хайдав гуайн хийдэг вибраци байсан л даа. Тэрнээс болсон юм шиг байна лээ. /инээв/

-Шоунд оролцож байгаа оролцогчдоос хамгийн хүчтэй өрсөлдөгч?

-Оргил, Замбалгарав. Би хувьдаа “Камертон-2”-ын гишүүдийг таамаглачихсан. Миний бодлоор Оргил, Замбалгарав, Баярмандах, Мөнх-Эрдэнэ юм уу, Ганзаяа хоёрын нэг гэж бодож байна.

-Шүтдэг хамтлаг дуучин?

-Номинталст, Камертон хамтлаг, дуучин Ариунаа.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр хүүхэдтэй амьдардаг.

-Анх эхнэртэйгээ яаж танилцсан бэ?

-Анх эхнэрээ харах мөчид хэзээний л таньдаг хүн шиг их дотно санагдаж байсан. Би өөрөө алиалж охидыг инээлгэх маш дуртай /инээв/. Намайг хөгжилтэй зүйл ярихад инээдэг инээмсэглэл нь таалагдсан. Жил ирэх тусам улам татагдаж 2007 онд эхнэрээ гуйсан. Манай хүүхэд одоо ой 3 сартай.

-Хэр дурламтгай вэ?

-Гайгүй. Амьдралдаа гурван удаа хүнд сайн болж байсан.

-Амьдралын чинь хамгийн сайхан мөч?

-Охиноо тэвэрсэн тэр мөч. Учир нь охиноо эмнэлгээс гарсан өдөр би сарын хугацаатай гадагшаа сургалтанд явсан. Тэнд очоод юун сургалт, хичээл манатай, байнга л охиноо боддог байлаа. Сургалтаасаа ирээд охиноо ханатлаа тэвэрсэн дээ.

-Эцэг хүний хувьд охиноо яаж хүмүүжүүлье гэж бодож байна?

-Хайраар дутаахгүй хэрнээ эд зүйлээр жааахан дутааж өсгөе гэж боддог. Учир нь хүүхдийг хэт хангалуун өсгөхөөр буруу хүмүүждэг юм шиг санагддаг. Гэхдээ тэгж чадах нь уу яах нь вэ /инээв/.

-Сая дуулсан дуу “Та нар надад итгэхгүй байх” нэртэй. Өөрөө хэр худалч вэ?

-Би худалч биш ээ.

-Өөрийнхөө зан чанарыг тодорхойлбол?

-Хоёр ааштай. Дутагдалтай ч юм шиг, давуу тал ч юм шиг.

-Хэлсэн үгэндээ хэр хүрдэг вэ?

-Хүрдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top