-Камертон2 шоуны хамгийн бяцхан оролцогч. Дөрөвдүгээр шалгаруулалтандаа оролцоод гарч ирлээ. Сэтгэгдэл ямар байна?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Өөрийнхөө хамаг л боломж бололцоо хүч чадлаа дайчилж дууллаа.
-Анх удаа амьд хөгжимтэй дууллаа. Ямар санагдав, хэцүү байв уу?
-Мэдээж анх удаа ингэж дуулах нь хэцүү байсан ч дуучин хүн амьд хөгжимтэй дуулах нь л илүү гоё юм шиг санагдлаа. Гэхдээ гоё мэдрэмж төрсөн.
-Амьд хөгжим сонсдог уу?
-Хааяа л сонсож байсан. Гэхдээ би поп, R&B урсгалын дуунууд их сонсдог.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Би Хан-Уул дүүргийн Хосе Мартийн нэрэмжит 52-р дунд сургуулийн 9б ангийн сурагч, одоо 10-р ангид орно.
-Танай ангийхан, сургуулийхан чинь хэр дэмжиж байна вэ?
-Манай ангийхан их дэмждэг. Сургуулийнхан намайг энэ тэмцээнд орсон гэдгийг мэдээгүй, одоо л мэдэж магадгүй. Би ер нь сургуулиа төлөөлөн дүүрэг, хотын тэмцээнүүдэд их оролцдог. Тийм болохоор намайг дуулдаг гэдгийг манай сургуулийн бүх хүн л мэднэ дээ.
-Найз охинтой юу?
-Найз охин байхгүй ээ. Охидууд таалагдаад сайн болж байсан ч ихэнх нь тоодоггүй юм аа. /инээв/
-Тэгвэл бодож явдаг ч юмуу сайн охин байдаг биз дээ?
-Манай ангийн охин бий.
-Хамгийн анх ямар тэмцээнд оролцож байв?
-Анх цэцэрлэгт байхдаа аав, ээж хоёртойгоо цуг "Аав, ээж, бид гурав" гэдэг тэмцээнд оролцсон. Тэр үед Хурд хамтлагийн дууг дуулж байсан шиг санагддаг юм. Анхныхаа тэмцээнд түрүүлээд том бамбарууш, чихмэл тоглоомоор шагнуулж байсан.
-Камертон2 шоунд оролцоод шилдэг 16-д тунаж үлдлээ. Гадуур явахад хүмүүс чамайг таньж байна уу?
-Хүмүүс намайг тэгж их таньдаггүй л дээ. Найзууд маань л хааяа тоглоомоор Justin Beiber гэж тоглодог болохоос биш бүр од болсон юм байхгүй.
-Энэ тэмцээнд оролцоход хэн нөлөөлөв? Яагаад энэ тэмцээнд оролцохоор болсон бэ?
-Тэмцээнд оролцоход аав, ээж хоёр минь нөлөөлсөн дөө. Тэд миний дуулахыг их дэмждэг. Аав ээж хоёртоо баярлалаа. Би өөрөө Камертон хамтлагийг шүтэн биширч, сонсож өссөн. Тийм учраас "Камертон2-т яагаад би байж болохгүй гэж" хэмээн бодсон. Өөрийгөө нэг сориод үзье гэж бодож оролцсон.
-Ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Аялал жуулчлалын салбарт ажиллана гэж бодож байна. Яагаад гэвэл гоё мэргэжил. Хүмүүст Монгол орныхоо сайхан байгалийг танилцуулж, газарчлаад л...
-Мөрөөдөл чинь юу вэ?
-Монгол улсаа хөгжүүлнэ гэж мөрөөддөг. Монгол хүн болгон л үүнийг мөрөөддөг байх.
-Тэгвэл чиний нүдээр харахад Манай улсын хөгжил, өнөөгийн байдал ямар харагдаж байна вэ?
-Хэцүү. Дүүрэн хог, хаана л явна хог. Гарах гэхээр утаа униар гээд муухай. Уушги бол авах юмгүй болж байна даа.
-Монгол улсаа хөгжүүлэхийг мөрөөддөг гэлээ. Юунаас эхлэх вэ?
-Хамгийн түрүүнд хоггүй Улаанбаатар. Хогийг үзэн яддаг.
-Хогийг үзэн яддаг юм байна. Тэгвэл өөрөө хог хаядаг уу? Бас хог хаяж байгаа хүмүүст шаардлага тавьдаг уу?
-Хааяа хог хаяна. Хогийн сав байхгүй болохоор хог хаях шаардлага гардаг шүү дээ. Тэгээд хоёр, гурван буудал хогоо бариад л автобусанд яваад байх хэцүү. Иймэрхүү зайлшгүй үед л хог хаядаг. Харин найз нартаа хог хаяхгүй байхыг хичээгээрэй л гэж хэлдэг.
-Хүний амьдралд гомдох, баярлах зүйл их тохиолддог. Чиний хувьд хэн нэгэнд хамгийн их гомдож байсан үе?
-Би анх зургадугаар ангидаа нэг охинд сайн болоод түүнд хоёулаа үерхэе гэсэн мессеж бичсэн юм. Тэгтэл шууд л үгүй гэдэг хариу ирсэн. Тэр л их эвгүй, гомдмоор санагдаж байсан. /инээв/
-Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Тэмцээндээ амжилттай оролцоорой.
-Баярлалаа. Танай сайтын хамт олонд ч бас амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )