Б.Алтан-Од: Энэ тэмцээнд орохын тулд ажлаа золиослосон

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

-Камертон2 шоуны шилдэг 16 багтсанд баяр хүргэе. Сэтгэгдэл өндөр байгаа биз дээ?

-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Гэхдээ би энэ тэмцээнд илүү том зорилготой орж ирсэн болохоор сэтгэл маань тэгтлээ хангалуун биш байна.

-Энэ тэмцээнд яагаад оролцоё гэж бодов?

-Би багаасаа хамтлагтай болж мундаг продюссертай болно гэж боддог мөрөөддөг байлаа. Найзуудтайгаа нийлээд хамтлаг болж дуу гаргаж байсан. Даанч продюссер, спонсор байхгүй болохоор бүтдэггүй юм байна лээ. Дараа нь ганцаараа дуулахаар шийдээд дуу, клип гаргасан ч бас л бүтээгүй. Харин энэ шоу нь надад их боломж олгож байгаа гэж бодож байна.

-Хамтлагтай байсан гэлээ. Хамтлагийнхаа талаар сонирхуулаач?

-Манай хамтлаг поп урсгалаар дагнаж дуулдаг байсан. Угаасаа би поп уянгын хоолойтой. Өмнө гурван найзтайгаа хамтлаг байгуулсан. Дараа нь шилдэг 16-ын нэг Ганзаяатай хамтарч дуу гаргаж байсан. Мөн би өөрөө “Never cry” гэдэг дуу дуулсан.

-Хаана ямар сургууль төгссөн бэ?

-Би арван жилээ Радуга, Гурван тамир сургуулийг төгссөн. МУИС-ийг ОУ-ын сэтгүүлч мэргэжлээр 2011 онд төгссөн.

-Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу? Хаана ажилладаг вэ?

-Сургуулиа төгсөөд “Sport box” телевизэд жил гаруй хугацаанд мэргэжлээрээ ажиллаж байсан. Харин одоо бол гарсан.

-Яагаад?

-Энэ шоунд оролцохын тулд гарсан.

-Энэ шоунд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна. Тийм үү?

-Эхэндээ үнэхээр их итгэлтэй байсан. Одоо бол хүчтэй өрсөлдөгч нар их байна. Гэхдээ надад мэдээж боломж үлдсэн гэж ойлгож байгаа. Түрүүлнэ гэсэн 100 хувийн итгэлтэй орж ирсэн болохоор сайн хичээх хэрэгтэй гэдгээ ойлгож байгаа.

-Тэмцээнээс болж ажлаасаа гарсан гэж байна. Хэрвээ түрүүлж чадахгүй бол юу хийх вэ?

-Энэ асуултыг надаас их олон хүн асууж байгаа л даа. Энэ асуултад тодорхой хариулж чадахгүй л байгаа. Ямар ч байсан дуулахаа хэзээ ч орхихгүй. Мэдээж бас дуулахын хажуугаар ямар нэг юм хийж л таарах байх.

-Камертон2 шоуны энэ удаагийн дөрөвдүгээр шалгаруулалт өмнөх шатуудаас ямар байв?

-Би энэ шатанд тааруухан оролцсон гэж бодож байгаа. Тэнцсэн ч гэсэн сэтгэл хангалуун биш байгаа. Өмнөх шатууддаа би хийе гэснээ хийж, харуулъя гэснээ харуулаад тэнцээд үлдэхдээ сэтгэл хангалуун байсан. Харин энэ шатанд тэнцсэн ч гэсэн сэтгэл хангалуун биш, нэг их баярлахгүй байгаа. Би сэтгэлээр унахаараа унтаад байдаг. Тэгээд сая нэг хэсэг хасагдсан юм шиг л баахан унтлаа.

-Дөрөвдүгээр шатандаа бэлтгэл тааруухан хангагдсан юм уу. Яагаад сэтгэлээр унахад хүрэв?

-Бэлтгэл тааруухан хийсэнд биш гэж бодож байна. Энэ шатанд бид дуугаа сугалж дуулсан. Миний сугалсан дуу “Нулимсаа арч охин минь” гэдэг дуу. Би өөрөө поп уянгын дуу дуулдаг болохоор энэ дууг дуулахад хэцүү байсан. Энэ дуу маань уянгын дуу ч биш, доргио ч биш дуу. Тэгээд сугалсан дуугаа сольё гэж гуйж үзсэн лдээ. Даанч “Нэгэнт сугалсан дууг буцааж болохгүй. Чи дандаа уянгын дуу дуулдаг. Ганц удаа доргио дуу дуулаад, өөрийгөө нэг өөрчлөөд үз” гэсэн. Тэгээд тэр дуугаа хурдан хэмнэлд оруулаад рок болгож дуулсан. Дуундаа орох гэж би их хичээсэн лдээ. Дуундаа орох гэж хэтэрхий хичээснээс болоод өнгө алдаад, дуулалтаа мартсан байсан. Хүмүүс дараа нь намайг нэлээн өнгө алдсан, хөгжим наана нь балбаад байдаг, би цаана нь поп хоолойгоор дуулаад байсан гэсэн. Гэхдээ муу дуулсан гэж хэлээгүй.

-Чиний хувьд поп, уянгын дуу дуулдаг гэж байна. Тэгвэл өөрөө зан чанарын хувьд ямар хүн бэ?

-Би нэлээн даруухан хүн л дээ. Дотогшоогоо гэж ярьдаг даа, тийм л хүн байх. Хүнтэй тэр бүр яриад байдаггүй, дуу цөөтэй. Ер нь дуулах болсон маань зан чанараас ч шалтгаалсан байж магадгүй. Би гэрийхэнтэйгээ ч юм уу, өөр хэн нэгэнтэй дотно, сэтгэлээ хуваалцаж ярьж чаддаггүй. Тийм болохоор дотроо байгаа, ярьж чадахгүй байгаа зүйлээ дуугаар дамжуулж гаргадаг. Гоё дуу дуулаад дотор байгаа хамаг хэцүү зүйлээ гаргаад, нулимсаа гадагшлуулаад сайхан унтаад өгдөг.

-Чи дөрөвдүгээр шат хүртэл амжилттай сайн оролцож байна. Энэ хугацаанд шүүгч нараас хамгийн гомдмоор шүүмжлэл авсан уу?

-Авсан. Гэхдээ би тэрийгээ дуулаад гаргасан. Би өмнө нь “Оддын эрэлд” тэмцээнд орж байсан. Тийм болохоор өөрийгөө сандрахгүй байх гэж бодсон. Тэгтэл энэ тэмцээний нэгдүгээр шалгаруулалтын өрөөнд Камертоныхныг хараад шууд л сандарсан. Тэд нарт “Та нар миний шүтдэг хамтлаг. Ялангуяа би Болд ахын улаан фен, хайртай” гэж хэлсэн. Тэр үед би юу яриад байгаагаа ч бараг ойлгоогүй. Тэгсэн Ганаа ах “Аая, Болд ахдаа таалагдах гээд байна уу” гэхэд бүр ч их сандарсан. Дуугаа дуулаад дууссаны дараа гурван шүүгч “Болж байна. Гэхдээ маягтай дуулж байна” гэсэн. Харин Ганаа ах намайг “Хэнд таалагдах гэж дуулаад байгаа юм. Би ийм дуучинд дургүй, тэнцүүлэхгүй” гэж байсан. Тэр үед л их сүрдмээр байсан. Би өөрөө тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан болохоор тэнцүүлэхгүй гэхэд л айдас төрсөн. Би хоёр өдөр орноосоо босоогүй, хүнтэй ч дуугараагүй. Дараа нь хоёрдугаар шатанд “Нөгөө гурван шүүгч үгүй гэсэн ч яахав, Ганаа ахаас л тийм гэсэн үг сонсож байж сална даа” гэж бодож байсан. Харин тэр үед бүгд тийм гэсэн. Ганаа ах ч би ийм хоолойнд дуртай гээд магтсан шүү.

-Бага насандаа ямар хүүхэд байсан бэ?

-Би бага насныхаа болсон явдлыг их сайн санадаг. Хүмүүст үүнийгээ ярихаар зарим нь итгэхгүй, худлаа ярьж байна, тийм юм гэж юу байдаг юм гэдэг. Би багадаа их өвчин ороодог хүүхэд байсан болохоор өвдөлтийг мартдаггүй юм шиг байна лээ. Би хоёр, гурван настай байх үеэ санадаг. Тэр үед эмээ надад халуун төмс өгөөд, би хэлээ түлж байсан юм. Тэрийг би маш сайн санадаг. Ээж маань тамирчин хүн. Тэр үед Азийн наадамд ороод зурагтаар шууд гарч байсан. Ээжийгээ зурагтаар хармаар байдаг, хэлээ түлчээд байдаг./инээв/

-Танай ээж тамирчин гэсэн. Ээжийнхээ талаар сонирхуулаач?

-Манай ээж багаасаа байт харваагаар хичээллэсэн, ОУХМ Жавзмаагийн Нарантуяа гэж хүн байдаг. Спортын хүмүүс Моза гэдэг нэрээр нь андахгүй. Одоо ээж маань оюутнуудын дасгалжуулагч хийж байгаа.

-Чамайг дэмжиж байгаа хүмүүстээ хандаж юу гэж  хэлэх вэ?

-Намайг сайн дэмжээрэй. Би та бүхэнд хөгжмийн ертөнцөд дутагдаж байгаа зүйлийг чинь харуулж чадна. Үүндээ ч итгэлтэй байна. Гар дээрээ шивүүлсэн “Итгэл найдвараа битгий алдаарай, Үргэлж хадгалж яваарай” гэдэг дуртай үгээ хэлье. Бас намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.                       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top