-“Камертон-2” шоунд дөрөвдүгээр шалгаруулалт хүртэл амжилттай оролцож байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэгдэл их өндөр байна. 700 гаруй хүнээс шилдэг 16-д багтаж үлдэнэ гэдэг чамлахааргүй амжилт шүү.
-Энэ тэмцээнд орох санаа хаанаас төрсөн бэ? Хэн анх санал санал тавьсан бэ?
-Манай найзууд санал тавьсан. Би өмнө нь бас 2010 оны “Universe best songs” тэмцээнд оролцож шилдэг 20-д багтаж байсан.
-Аль сургуулийг төгссөн бэ?
-Би Чингэлтэй дүүргийн 24-р сургууль төгссөн. Би 10-р ангиа төгсөөд том осолд орж, тэрнээсээ хойш сурч чадахгүй хоёр жил хэвтэрт байсан. Харин одоо ээж, аавынхаа жижиг бизнест нь тусладаг даа.
-Хамгийн анх дуулах хүсэл хэрхэн бий болов. Дуулах авьяас гэрийнхний чинь хэн нэгнээс өвлөгдсөн үү?
-Манай эмээ, өвөөгөөс уламжлагдаж ирсэн. Манай өвөө дуучин Лигзэд, манай буурай эмээ МУГЖ шанзчин Базаррагчаа гэдэг хүн байсан. Тиймээс эмээ, өвөө хоёроосоо бага сага авьяас өвлөсөн байх. Би багадаа дуулах дуртай хүүхэд байлаа.
-Аль жанрын хөгжмийг илүү сонсдог вэ?
-Би яг нэг стилийг барьж сонсдоггүй. Гэхдээ би амьд хөгжимд илүү их дуртай. Хааяа хип хоп, солонгос хамтлаг дуучдаас сонсоно. Ер нь энд тэндээс түүвэрлэж сонсох дуртай. Солонгос хамтлаг дуучдаас зарим нь дажгүй санагддаг. Би аль гоё гэсэн дуу хөгжмийг сонсоно доо.
-Гуравдугаар шатны шалгаруулалтад дуучин Ганаа та хоёр хэн нь их жин хасахаа санасандаа барьсан. Хэр турж байна вэ?
-Ер нь бол турж байгаа. Бусад шалгаруулалтын бичлэгүүдийг хараад байхад шуугдаад байгаа юмуу даа гэж бодогдож байгаа. Би өөрийнхөө жинг хэмжээгүй байгаа. Ганаа ах өөрөө 7-8 кг хассан гэсэн. Ямар ч байсан санасандаа барьсан. Гэхдээ санасандаа гээд их том юм санахгүй л дээ. Өөрсдийнхөө боломж бололцоог харна.
-Турах бэлтгэл хийж байна уу?
-Хоолоо сойж байгаа. Өглөө их идэхгүй, өглөөний цайндаа боорцог ч юмуу хиам талх идээд өдөр 4-5 цагийн хооронд хоол иднэ. Орой юм идэхгүй байхаар аяндаа сурдаг юм байна лээ. Камертон хамтлагийн 17 насны төрсөн өдөр дээр Ганаа ахын онигоог ярьж байсан. Ганаа ах 18 кг тураад шөнө хөнжлөө идэж зүүдэлж сэрсэн гэсэн. Би ч гэсэн хөнжлөө идэж сэрэх гээд л байгаа. Гэхдээ айхтар хоолоо сойхгүй байгаа. Зүгээр энгийн ажлаа хийгээд явж байсан бол сойж болох байсан байх. Одоо энэ тэмцээнд оролцож байгаа үед хүнд амин дэм их чухал. Нойр хоол сайтай байхгүй бол болохгүй гэж бодоод хоолоо нэг их сойхгүй байна.
-Чи багын унаган махлаг хүүхэд байсан уу. Эсвэл хэвтэрт удаан байснаас болсон уу?
-Хэвтрийн дэглэмээс болоод нэлээн таргалсан. Сайхан гэдэстэй боллоо./инээв/ Ерөөсөө хөдөлдөггүй байсан, хөдлөхөөрөө толгой дээшээ хэдхэн см л өндийлгөнө. Байнга хэвтэрт байсан болохоор идэхээс өөр ажил олдохгүй, идэж хэвтсээр таргалсан даа.
-Хэрвээ чи дуучин Ганаагаас санаснаа авбал юу авах вэ?
-Энэ тухай харин бодож үзээгүй юм байна шүү. Би хамтарч дуулъя л гэж санал тавих байх даа.
-Дөрөвдүгээр шат амьд хөгжимтэй дуулж байгаагаараа их онцлогтой болж байна. Дуулахад ямар санагдав?
-Амьд хөгжимтэй дуулах хэцүү байсан. Бид нар дөрөвдүгээр шатанд тавхан өдрийн турш, өдөр болгон бөөнөөрөө цуглаж бэлтгэл хийдэг байсан. Бид нар яг нэгэн жигд сайн бэлдсэн.
-Энэ шатанд ямар дуу сугалсан бэ?
-Явах цаг боллоо.
-Дуулалт Камертон хамтлагийн дуулснаас хэр өөрчлөгдсөн бэ?
-Нэлээн өөрчлөгдсөн. Жааз болгосон. Тайзан дээр давтаж үзсэн. Ямар өөр болгосон юм бэ гэж хүмүүс их гайхаж байсан.
-Шүүгчдийн зүгээс энэ тэмцээнд оролцож байх явцад хэр шүүмжлүүлэв? Хэр хүлээж авсан бэ?
-Их тусгаж авч өөрийгөө өөрчилсөн. Би нэгдүгээр шатанд их урт үстэй, сахалтай байсан. Тэр үед намайг шүүгчид “Чи залуу хүн байна даа, өөртөө бага зэрэг анхаарал тавиач ээ” гэж хэлсэн. Бас дуугаа их бардаж, хүчилж дуулаад байна гэсэн. Үүн дээрээ анхаарч хоёрдугаар шатандаа намуухан дуулсан. Харин гуравдугаар шатандаа шүүмжлэл сонсоогүй. Дажгүй магтаал сонссон шүү.
-Хамгийн том урмын үг нь юу байв?
-Шүүгч Ганаа ах “Ганзаяа, би чамд хайртай” гэж хэлж байсан. Эх орноо хайрладаг, ээжийгээ хайрладаг тэр сэтгэлээр дуулдаг гэж бодож байна гэж хэлж байсан.
Сэтгэгдэл ( 0 )