Ц.Баярсайхан: Барилгын материалыг импортын татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт нээлтээ хийсэн Mining and construction Mongolia 2012” олон улсын үзэсгэлэнгийн үеэр Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа. 

-“Mining and construction Mongolia 2012” олон улсын үзэсгэлэнг Монголд зохион байгуулснаар манай улсад ямар ач холбогдолтой вэ?

-Өнөөдөр Монгол улсад анх удаа уул уурхай, барилга хот байгуулалтын олон улсын үзэсгэлэн болж байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар манай улсад уул уурхай, барилга, зам тээврийн салбар эрчимтэй хөгжих бололцоо бүрдэж байгаа юм.  Тухайлбал УИХ-аас “Шинэ бүтээн байгуулалт” гээд томоохон хөтөлбөр батлагдсан. Энэ төслийн хүрээнд 100 мянган айлын орон сууц, зам барилгын салбарын хөгжлийн гараа эхэлж байна. Дээр нь төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд томоохон цогцолборууд баригдах учиртай. Мөн шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй энэ мөчид уг үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа нь чухал ач холбогдолтой. Тиймээс манай барилга, уул уурхайн салбарынхан маань орчин үеийн техник технологитой танилцах улмаар нутагшуулах хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийх асар өргөн боломж олдож байна.

-Шинэчлэлийн Засгийн газар эмхлэн байгуулагдаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Тамга тэмдгээ гардсанаас хойш ямар ямар ажлуудыг эхлүүлээд байна вэ?

-Барилга хот байгуулалтын яамны чухал асуудлуудын нэг бол барилгын материалыг гаднаас бус дотооддоо үйлдвэрлэх явдал юм. Яамны зүгээс эхний ээлжинд цементийн, арматурын гэх мэт үйлдвэрүүдийг хөгжлийн банкаар санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр, тодорхой төслүүдийг Засгийн газраар хэлэлцээд хөгжлийн банкинд хүргүүлж байгаа.  Мөн түүнчлэн импортоор заавал авах шаардлагатай дотооддоо үйлдвэрлэдэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх замаар дотооддоо үйлдвэрлэх бололцоог хангах хуулийн төслийг Засгийн газарт оруулж байгаа. Удахгүй их хурлаар хэлэлцүүлнэ. Мөн түүнчлэн орон нутаг болоод барилгын төрөл бүрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор импортын татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж байна. Ойрын өдрүүдэд Дархан хот, Хөтөлийн цементийн үйлдвэртэй танилцана. Дархан хот бол уламжлалт байдлаар барилгын материалын үйлдвэрүүд төвлөрсөн хот байсан. Тиймээс хуучин үйлдвэрүүдийг сэргээх шинэ үйлдвэрийг дэмжих чиглэлийн ийм шийдвэрийг Засгийн газраар гаргуулахаар ажиллаж байна.

 - Сүүлийн үед орон сууцны чанар муудаад байна гэж их ярих болсон. Сайдын хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Ер нь яамны зүгээс одоо барьж буй байр суурь болон хот байгуулалтын норм, дүрмүүдийг хуульчлах  шаардлагатай гэж үзэж байгаа.  Дээр нь мэдээж барилгын чанар аюулгүй байдлын асуудал дээр бид онцгой анхаарал хандуулж ажиллана.Мөн цаашдаа иргэдийг орон сууцны зээл авах, иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх механизмуудыг судалж байна. Одоо импотекийн зах зээлийн хэрэгжүүлэх  улмаар хоёр дахь зах зээлд гаргах  урт удаан хугацааны зээлийн механизм хэрэгжүүлэх чиглэлээр бодлогуудыг боловсруулж байна. Удахгүй хэрэгжүүлэх ажилдаа орно. 

-Хотын дарга барилга барих газар нэмж олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Таны бодлоор энэ зөв шийдвэр мөн үү?

-Мэдээж хотыг барилгажуулах, иргэдийг орон сууцаар хангахын тулд тэдэнд зориулсан орон сууцны барилгаа ч барина. Иргэдийн өөрсдийнх нь өмчилсөн газар дээр хувийн орон сууц барих ажлыг ч өргөжүүлнэ. Тиймээс орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн бодлого гарна. Цаашдаа газар олголтын асуудлыг хот төлөвлөлтийнхөө бодлого хийгээд орон сууцжуулах хөтөлбөртэйгөө уялдуулж шийдэх болно. Ерөнхийдөө барилгын компаниудад газрыг ямар нэгэн байдлаар үнэ төлбөргүй олгох асуудал чухал байгаа. Газрыг бие биенээсээ авсан наймаанаас үүдэлтэйгээр барилгын үнэ өсч байна. Дээр нь мэдээж дэд бүтцийн асуудлыг төрөөс хийж өгөх ёстой. Ийм маягаар орон сууцаар хангах бодлогоо явуулна. Иргэдэд газар өмчлүүлэх ажлаа эрчимжүүлэх, өмчилж авсан газар дээрээ орчин үеийн сууц барих бололцоо нөхцөл зээлийн асуудлыг хамтраад шийдвэрлэнэ. Тиймээс Улаанбаатар хотын захиргаатай бусад яамдтайгаа орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах ойлголцлын түвшинд хүрэх асуудал чухал байгаа.

А.Алтантуяа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top