Ч.Бүрэнбаяр: 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

“Оюу Толгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албыг хариуцсан ахлах менежер Ч.Бүрэнбаяр, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ганзориг нар хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл өгсөн юм. Энэхүү ярилцлагын үеэр “Оюу Толгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албыг хариуцсан ахлах менежер Ч.Бүрэнбаяр сэтгүүлчийг бичлэг хийлгэхгүй, зөвшөөрөл аваагүй хэмээн маргалдаж улмаар зургаа авахуулаагүй тул түүний зургийг хүргэх боломжгүй болсондоо хүлцэл өчье.  

- Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хэмжээний хөрөнгө оруулаад байна вэ?

- 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа.

- Хөрөнгө оруулалт гадаадын аль нэг компаниар дамжиж байна уу? Эсвэл Оюу Толгойгоос шууд орж ирж байна уу?

-Хөрөнгө оруулалтыг “Оюу Толгой” ХХК, нөгөө талаас Монгол улсын Засгийн газар хийж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монголын Засгийн газар, татварын төлөгчдийн зүгээс ганц  төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Гадаадын компани, тухайлбал хуучин “Айвенхоу Майнз” гэж байсан, гарын үсэг зурсан. Өнөөдөр Рио Тинто ихэнх хувьцааг нь авсан бөгөөд өнөөдөр Оюу Толгойг Рио Тинто ивээн тэтгэж байгаа. Зэсээр дэлхийд хоёрт ордог Рио Тинто нь менежментийн асуудлыг Оюу толгойд хийж байгаа. Рио Тинто аливаа хөрөнгө оруулалтыг банкаар дамжуулж, санхүүг босгон, хөрөнгө оруулалт хийж байна. 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Тийм учраас 2009 онд гэрээ байгуулж, 2010 оны дөрөвдүгээр сард хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсон. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсон хоёр жилийн хугацаанд Оюу Толгой дээр үйлдвэрийн барилгыг барьж дууссан. Удахгүй ашиглалтад оруулахаар зэхэж байгаа. Ийм үйлдвэр хоёр битгий хэл таваас зургаан жилд баригддаг. Өөрөөр хэлбэл эхний баяжмал маань тун удахгүй гарах ёстой. Үйлдвэр маань ирэх оны эхний улиралд бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой бөгөөд анхны баяжмалаараа эдийн засгийн эргэлт оруулж байна гэсэн үг. Үүнээс өмнө геологийн эрэл хайгуул хийхэд нэг тэрбум ам.доллар зарцуулсан.

- Ханган нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ханш зах зээлийн ханшаас өндөр байна?

-Өнөөдөр Оюу Толгой компани гол төлөв Монголын компаниудаар дамжуулж ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 1400 гаруй Монгол ханган нийлүүлэгч тендер, ил тод байдлаар уралдаан зарласны үндсэн дээр бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлж байгаа. Оюу Толгой компани бол зөвхөн нэг талын компани биш. Рио Тинто, Монголын Засгийн газар бас хяналт тавьж байгаа. Аливаа санхүүгийн үйл ажиллагааг Монголын Засгийн газрын оролцоотой явуулж байгаа. Тийм учраас таван төгрөгний үзгийг тавин төгрөгөөр нийлүүлж байгаа гэдэг бол ор үндэсгүй зүйл. Энэ бол Монголын ард түмэнд зориулж барьж байгаа баялгийг ашиглах үйлдвэр учраас аль болох бүр ашигтай хөрөнгө оруулалт хийх бодлого баримталж байгаа.

- УИХ-ын нэр бүхий гишүүд харилцан ашигтай байх үүднээс гэрээнд өөрчлөлт оруулах талаар яригдаж байна. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Энэ асуултад би хувь хүний үүднээс бус Оюу толгой компанийн ажилтны хувиар хариулна. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаас өмнө хоёр тал зургаан жил ярилцсан. Гурваас дөрвөн удаа гарын үсэг зурах төвшинд хүрээд, Засгийн газартай эргэн ярилцаж 2009 оны аравдугаар сард гарын үсэг зурсан. Зургаан жил хэлэлцсэн гэрээ түүхэнд ховор. Гэрээнд “харилцан ашигтай” зарчим дээр ярилцсаны үндсэн дээр хоёр тал гарын үсэг зурсан. Гэрээ аливаа нэг тал ашиггүй бол нөгөө тал үүнд гарын үсэг зурахгүй байх эрхтэй. Тиймээс зургаан жилд хоёр талаас ажлын хэсэг гаргаж, ярилцсаны үндсэн дээр гарын үсэг зурсан. Тийм учраас 2008 онд УИХ-ын тогтоол гарсан. Уг тогтоолд ямар үндэслэлээр гэрээ байгуулж байгааг тусгасан. Тэр үндсэн дээр ажиллаад 2009 онд УИХ-ын 57-р тогтоол гарсан. Тэр үед С.Баярын тэргүүлж байсан Засгийн газар энэ гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрлийг нь өгсөн.  Эдийн засгийн байнгын хороонд гэрээний биелэлтэд хяналт тавих үүрэг өгсөн. УИХ-ын 57-р тогтоолыг үндэслэн Монгол улсын хууль тогтоомжид бүрэн нийцүүлж гарын үсэг зурсан. Тийм учраас хууль эрх зүйн үндэстэй баримт бичиг бол энэ Оюутолгойн гэрээ мөн гэж бид үзэж байгаа.

- Гэрээнд өөрчлөлт оруулах талаар та ярьсангүй?

- Гэрээнд өөрчлөлт оруулах тухай ярих бол УИХ-ын зарим гишүүд ярьж байгаа. Үүнд Монгол улсын Засгийн газар өгөөгүй гэж бид ойлгож байгаа. Тэр талаар бидэнд ярих зүйл байхгүй. Аливаа гэрээг гэдэг хоёр тал зөвшилцөн, харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулдаг. Энэ гэрээ тогтвортой байвал Монгол улсад ашигтай. Өнгөрсөн онд гэрээг дахин хянах тухай яригдсан. Тэр үед нөхцөл байдал бас л ингээд нэр хүндгүй болсон. Гэтэл энэ гэрээ байгуулснаас хойш Монгол улсын Засгийн газар хүлээцтэй, тогтвортой байгаа учраас өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалт 13 хувиар нэмэгдсэн. Тийм учраас энэ гэрээ тогтвортой байвал Монгол улсад өнөөдөр ч цаашид ч хэрэгтэй.

- Монгол улсын Засгийн газар хяналт тавьж чадахгүй байна гэж байгаа?

- Үүн дээр бид тайлбар өгөхгүй. Бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Харин энэ асуудлыг хариуцсан яам, холбогдох хүмүүсээс асуух нь зүйтэй болов уу гэж бодож байна.

- Танайхаас УИХ-ын гишүүдэд тайлангаа тавьсан болохоор л энэ талаар асуулаа?

- УИХ-ын гишүүд Оюутолгой дээр очиж танилцах, мэдээлэл өгөх тал дээр бид хамтарч ажиллаж байгаа. Манайхаас мэдээлэл шаардвал Засгийн газартай харилцах хэлстийнхэн гаргаж өгдөг.  


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top