Монголд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ганц үйлдвэр бол “Эрдмин” юм. Тус үйлдвэрийн зөвлөх, Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, доктор Ж.Дамдинжавтай ярилцлаа.
-Манай улсад катодын зэс үйлдвэрлэж байгаа ганц газар бол "Эрдмин" үйлдвэр билээ. Танай үйлдвэр жилд ойролцоогоор 2500 гаруй тонн зэс үйлдвэрлэж, улмаар зэс голтой цахилгааны утас зэрэг эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах нь зэсийн баяжмал үйлдвэрлэхээс эдийн засгийн хувьд хэр үр ашигтай талаар тодруулахгүй юу?
-Манай үйлдвэр жилд дунджаар 2500 тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэсээр 16 жил болж байна. Лондонгийн Металлын бирж дээр нэг тонн катодын зэсийн үнэ 8000 ам.доллар байна гэж үзье. Тэгвэл нэг тонн зэсээ яг л энэ үнээр худалдаалдаг. Харин нэг тонн зэсийн баяжмалыг 1600 орчим ам.доллараар худалдаалж байна. Энэ баяжмал дахь зэсийн агуулга 23 хувь байхад, боловсруулалтын болоод цэвэршүүлэлтийн зардлуудыг (TC, RC) хасаад “Эрдэнэт”-ийн баяжмалд байдаг мөнгөний агуулгыг нэмж тооцсоноор ийм үнэтэй болдог.
Бидний нэг тонн катодын зэсээр үйлдвэрлэж “100 айл”-ын зах дээр борлуулж байгаа цахилгаан дамжуулах ППВ 2х2.5 маркийн хатуу утас 12000 ам.доллараар борлуулагдаж байна. Мөн бидний нэг тонн катодын зэсээр үйлдвэрлэсэн тусгаарлагч бүрээстэй, 0.2мм-0.5мм-ийн зэс голтой гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд хэрэглэх ПВ 3х4 маркийн зөөлөн утас 15500 ам.доллараар борлуулагдаж байна. Эдгээр зэс голтой утсыг бид дотоодынхоо зах зээлд борлуулж байгаа. Цаашид экспортлох арга зам хайж байна. Тэгэхээр та бүхэн 1600, 8000, 12000, 15500 ам.долларын борлуулалтыг харьцуулж үзээд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд хэр үр ашигтайг төвөггүй ойлгох биз ээ.
-"Эрдэнэт үйлдвэр" зэсийн баяжмал гаргахдаа мөнгийг бага хэмжээгээр тооцдог. Гэтэл бодит байдалд баяжмал дотор бага хэмжээгээр тооцож байгаа мөнгөнөөс илүү эрдэс байх бололцоотой. Тэгэхээр боловсруулах нь маш олон талын үр шимтэй байх?
-Тийм ээ. Баяжмалаа хайлуулж боловсруулаад цэвэр зэс гарган авч Лондонгийн Металлын биржийн ханшаар борлуулаад зогсохгүй баяжмал дахь мөнгийг бүрэн гүйцэд ялган авч зах зээлд гаргана шүү дээ. “Эрдэнэт”-ийн нэг тонн зэсийн баяжмалд ойролцоогоор 70 гр мөнгө байдаг. Бас алтыг баяжмалаас ялган авдаг гэж ярьсан, бичсэн нь олон байдаг.
-Танай компани үйлдвэрлэсэн нийт зэсийнхээ хэдэн хувиар хэчнээн төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна вэ. Танайх катодын зэсээ экспортолдог. Харин цахилгааны утас зэрэг эцсийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл дээр борлуулж байгаа. Тэгвэл импортын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж ямар байна вэ?
-Бид газардуулгын утас, зарим нэг хүчний кабелийг оруулаад 40-өөд төрлийн цахилгааны дамжуулах утас үйлдвэрлэдэг. Манай хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болох 4 болон 6 метрийн урттай, оффисийн хэрэгцээний олон төхөөрөмж залгаж болох уртасгагч залгуур байна. Энэ бол цэвэр монгол бүтээгдэхүүн юм. “100 айл”-ын дэлгүүртээ тавиад сар гаруй болж байна. 6000-8000 төгрөгийн үнэтэй. Дэлгүүр маань ажиллаад гурван жил гаруй болж байгаа юм. Манай бүтээгдэхүүн хямд учраас 2-5 төрлийн зарим утас Хятадаас огт орж ирэхгүй болсон байна. Бид тэдгээр бүтээгдэхүүнийг Монголын зах зээлээс шахаж гаргасан гэсэн үг. Зэсийн баяжмал, катодын зэс нь үйлдвэрлэл хөгжсөн оронд бол түүхий эд юм.
Бид Хятадад кабелийн бүтээгдэхүүн экспортлох гэж оролдлого хийхэд тус улс баяжмал, катодын зэсэнд импортын татвар ноогдуулдаггүй атал кабелийн бүтээгдэхүүнд хоёр хувийн татвар ноогдуулдаг юм билээ. Тиймээс бид нарийсгаж цувисан зэс утсаа бүрээсгүйгээр экспортлох оролдлого хийж байна. Манайх шиг бүтээгдэхүүнийг хятадууд өөрсдөө үйлдвэрлэдэг тул үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа нь энэ хоёр хувийн татвар юм байна л даа. Манай үйлдвэрийнхтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг Орос болон бусад орноос импортолсоор байна. Хэрэв Засгийн газар ийм бүтээгдэхүүнүүдэд импортын татвар ноогдуулбал манай бүтээгдэхүүний борлуулалт эрс өснө. Чанарын хувьд манайх хоёр хөршийнхөөс дутахгүй. Бид үйлдвэрлэсэн катодын зэсийн дөнгөж таван хувиар кабелийн бүтээгдэхүүн хийдэг. Зарим төрлийн кабелиар эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах боломж манайд бий.
-Танай компани эхний ээлжинд мэдээж дотоодын хэрэгцээг хангахыг зорино. Улмаар цаашид үйлдвэрлэл өргөжсөнөөр гадаад зах зээл рүү экспортлох шаардлагууд үүснэ. Тэгвэл гадны улс орнуудад эцсийн бүтээгдэхүүн экспортлоход татвар нь өндөр байдаг. Иймээс маркетинг, менежмент тал дээр одооноос анхаарах шаардлагатай юу?
-Бүтээгдэхүүн хэдий чинээ их боловсрогдсон, хэрэглэгчийн хэрэгцээнд ойртсон байна тэр хэрээр их хугацаа, хөрөнгө, оновчтой менежмент шаардсан маркетингийн үйл ажиллагаа хэрэгтэй болохыг бид улам ихээр мэдэрч байгаа. Нөгөө талаас бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэгчийн чанарын шаардлагуудыг хангасан, өрсөлдөгчдийн ижил төрлийн бүтээгдэхүүнээс давуу байж зах зээл дээр амжилт олно. Тиймээс төр засгийн хэмжээнд одооноос анхаарах шаардлагатай.
-"Эрдмин" үйлдвэр ойрын жилүүдэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ хэмжээг хэрхэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа вэ, мөн бусад төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах уу, энэ чиглэлд судалгаа хэр хийгдэж байгаа вэ?
-Бидэнд катодын зэс үйлдвэрлэлийнхээ хэмжээг жилдээ 5000 тонн болгох төлөвлөгөө байдаг. Хэрэгжүүлэхэд нэлээн хүндрэлтэй, түүхий эдийн нөөц, их хөрөнгө мөнгө шаардлагатай. Харин бид хөдөлгүүрийн болоод элдэв ороомгийн зориулалттай лакадсан зэс утас удахгүй үйлдвэрлэж гаргана. Энэ талаар судалгаа сайн хийсэн. Хөрөнгө мөнгө ч тийм их биш. Бас компьютер, электроникийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгддэг зэс ялтас (фольга, foil) үйлдвэрлэх юмсан гэж мөрөөддөг. Төхөөрөмжүүд нь дандаа маш том масштабын үйлдвэрлэлийнх байдаг учир хүндрэлтэй. Хэрвээ Монгол Улс хаягдал зэсийг экспортлохыг хоригловол кабелийн маань үйлдвэр түүхий эдтэй болж өргөжүүлэх нөхцөл бүрдэнэ.
-Ер нь зарим эрдэмтэн судлаачид Оюутолгой зэсийн баяжмалаа гаргаж эхэлсэн, мөн Сайншандад зэс хайлуулах үйлдвэр барих шийдвэр гарсантай холбоотойгоор одооноос шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийж Зэс судлалын төв ч юм уу байгуулах хэрэгтэй гэдэг. Уг төв нь зэсийн шинэ хэрэглээг бий болгох чиглэлээр дагнан судалгаа хийх ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл, Оюутолгойгоос авсан баяжмалыг Сайншандад хайлуулж цэвэр зэс гаргана. Түүгээр нь шинэ, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг дээрх төв бүрдүүлж өгөх хэрэгтэй хэмээдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би эдгээр судлаач эрдэмтэдтэй санал нэг байдаг. Биотехнологи, нанотехнологийн эрин үе хаяанд ирж байгаа өнөө үед цэвэр зэсээр нэмүү өртөг шингээсэн ямар бүтээгдэхүүнийг ямар технологиор яаж үйлдвэрлэхийг урьдчилан төлөвлөдөг, улс орныхоо удаан жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлсон тийм төв байгуулаасай гэж хүсдэг. Ялангуяа эх орны минь ашигт малтмалын баялгийг түүхийгээр нь богино хугацаанд экспортлон цөлмөж, оруулсан хөрөнгөө хэд дахин үржүүлэх гэсэн гадаадынхны сонирхол асаж, нутаг дэвсгэрт маань том, гүн нүхнүүд үлдэж, монголчуудын маань сэргээгдэх ганц баялаг болох малаа бэлчээх газаргүй болоход холгүй байгаа өнөө үед зөвхөн ганц зэс ч биш, нүүрс, мөнгө, молибдены төвүүд байгуулагдан ажиллаж, улсын чанартай эрх мэдэлтэй байж төр засагтаа нэмэр болоосой гэж хүсдэг. Сайншандын зэс хайлуулах үйлдвэр ажиллахад Оюутолгой төдийгүй, Эрдэнэтийн бас Цагаан суваргын зэсийн баяжмалуудыг хайлуулж, Оюутолгойн баяжмал дахь алт, Эрдэнэтийн баяжмал дахь мөнгө зэрэг металлыг цэвэршүүлж экспортлох сайхан боломж бий болно. Оюутолгой, Цагаан суваргын зэсийн баяжмалыг Сайншанд руу тээвэрлэх төмөр зам зайлшгүй хэрэгтэй болно доо.
-Зэсийн үйлдвэртэй холбоотойгоор байгаль орчны асуудал яригддаг. "Эрдмин" үйлдвэрийн хувьд энэ тал дээр хэрхэн анхаарал хандуулдаг вэ. Ер нь зэсийн үйлдвэр байгуулахтай холбоотойгоор хүхрийн хүчил хөндөгддөг. "Эрдмин" үйлдвэрийн хувьд ийм хүндрэл байдаг уу. Мөн Сайншандад зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хүхрийн хүчлийг урагш тээвэрлэн борлуулна гэсэн хувилбарыг санал болгож байгаа юм билээ. Таны хувьд ийм бололцоо бий гэж харж байна уу?
-Манайх катодын зэсээ гидрометаллургийн L-SX-EW гэж баруунд нэршсэн технологиор Эрдэнэтийн Овооны исэлдсэн хүдрийн овоолгыг хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар зэсийн исэлдсэн эрдсүүдийг уусгаж зэсийн шимт уусмал бэлтгээд улмаар экстрагент хэрэглэж баяжуулаад электролитийн уусмалаа электролизлэж 99.99 хувийн цэвэршилттэйгээр гарган авч байна. Энэ технологиор дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа нийт зэсийн 40 хувийг гарган авч байгаа. Манайх үйлдвэрээ барьж байгуулахаасаа өмнө л байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөг хүртэл 15 жил ажиллахдаа нарийвчилсан үнэлгээний аудит хийлгэж, орон нутгийн Байгаль орчны алба, Мэргэжлийн хяналтын газрын шууд хяналтын дор хүрээлэн байгаа орчинд агаар, гүний ус, хөрсний дээжийг сар бүр хоёр удаа авч харгалзах лабораторид шинжлүүлж байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэр залгасан 1997 онд гаргаж байсан зөрчлийг дахиж гаргалгүй ажиллаж байна. Тухайн үед шимт уусмалын цөөрмийн доторлогоо урагдсанаас аваар гарсан юм. Энэ нь барилгын ажлыг хам хум, дутуу, чанаргүй гүйцэтгэснээс болсон байсан.
Манай үйлдвэр хүхрийн хүчил импортлогч хамгийн том аж ахуйн нэгж юм. Жилдээ 2100 орчим тонн 93 хувийн цэвэршилттэй хүхрийн хүчлийг ОХУ-аас импортлодог. Эхний жил Хятад улсаас бас импортлож байсан. Электролизийн цехэд ажиллаж байгаа ажилчид хамгаалалтын тусгай багтай ажиллаж зэсээ хураадаг. Экологийн шаардлагын дагуу барьж байгуулаад аюулгүйн техникийн шаардлагыг хангаж ажиллавал баяжуулах фабриктай ч харьцуулшгүй хүрээлэн буй орчинд ээлтэй технологи болно.
Сайншандын зэс хайлуулах үйлдвэр хүхрийн хүчлийг урд хөршдөө борлуулна гэсэн санал бол зөв юм. Учир нь бид Хятад улсаас хүхрийн хүчил импортлох гэхээр нэг тонн нь 330-340 ам.доллар байдаг. Бид Оросоос тонныг нь 210 ам.доллараар худалдан авч байна. Тэгэхээр Хятад улсад хүхрийн хүчлийн эрэлт хэрэгцээ их байна гэсэн үг. Ер нь хүхрийн хүчил бол үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад эрэлт хэрэгцээ нь ямагт өндөр байдаг. Иймээс Сайншандын зэс хайлуулах үйлдвэрийн хүхрийн хүчлээс айх шаардлага байхгүй.
-Манай улсын уул уурхайн салбарт дөрвөн жил болоод хүлээлтийн байдалд ордог цикл бий болчихлоо. Өөрөөр хэлбэл, сонгууль болоход дараагийн Засгийн газар ямар бодлого чиглэл баримтлах бол гэсэн хүлээлт уул уурхайн салбарынхны дунд үүсдэг. Энэ нь уул уурхайн салбарт баримтлах урт хугацааны тогтвортой бодлого байхгүйтэй холбоотой болов уу. Тэгвэл тодорхойгүй хүлээлтийн байдал нь компанийн цаашдын төлөвлөлт, өсөлт хөгжил, улсын орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Тийм ээ. Манай уул уурхайд урт хугацааны тогтвортой бодлого үгүйлэгдэж байгаа. Дээр ярьсан зэс төв шиг байгууллага л ийм урт хугацааны тогтвортой бодлого боловсруулах байх гэж бодож байна. Тодорхойгүй хүлээлт нь компанийн төлөвлөгөөт өсөлт хөгжил, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, манай үйлдвэрт үйлдвэрийн түүхий эд болох исэлдсэн хүдрээр хангагдах урт хугацааны гэрээ байдаггүй.
-Та шинэ Засгийн газраас уул уурхай, тэр дундаа боловсруулах салбарт ямар бодлого чиглэл баримтлаасай гэсэн хүлээлттэй байна вэ?
-Шинэ Засгийн газраас ашигт малтмалыг олборлох ээлж дараалал тогтоож, боловсруулах салбарыг яаралтай хөгжүүлэх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор бид хэд хэдэн зүйлийг дурьдмаар байна. Нэгдүгээрт, Сайншандын зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах, тухайн үйлдвэрийн түүхий эдийг Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэтийн зэсийн баяжмалуудаар хангах гэрээг одооноос холбогдох талуудтай хийх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, одоо зогсож байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх молибдений баяжмал боловсруулах “Шимтех” үйлдвэрийг дахин ажиллуулах шаардлагатай. Гуравдугаарт, хаягдал зэсийн экспортыг зогсоож, заримыг нь манай үйлдвэрт өгвөл бидний зэс хайлуулах зуух жилдээ 2000 тонн зэс хайлуулах хүчин чадалтай юм. Одоогийн байдлаар урд хөрш маань манай хаягдал зэсийг бараг л цэвэр зэсийн үнээр авч байгаа нь Монголд зэс боловсруулах үйлдвэр байгуулахын эсрэг арга хэмжээ авч байгаа юм шиг. Энэ зэсийг экспортлон хэсэг монгол амьдарч байгаа. Гэхдээ “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэг биз дээ.
Дөрөвүгээрт, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхэд эрчим хүчний хэрэгцээ асар их тул тавдугаар цахилгаан станцыг яаралтай барьж ашиглалтад оруулах хэрэгтэй. Тавдугаарт, Оюутолгой, Цагаан суваргаас зэсийн баяжмал зөөвөрлөх төмөр замыг барьж байгуулаасай гэж хүсэн хүлээж байна даа.
Mining.mn Г.Батзориг
Сэтгэгдэл ( 0 )