Монгол орны ураны нөөц

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Өмнөх ураны геологийн судалгааны ажлын үр дүнд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70% нь геологийн судалгааны ажлын тодорхой үе шатуудад /геологийн зураглал, агаарын геофизик, ерөнхий эрэл болон эрэл үнэлгээ, хайгуул, нарийвчилсан хайгуул/ ямар нэг хэмжээгээр хамрагдсан бөгөөд Хангайн нурууны уулархаг хэсэг болон БНХАУ-ын хил орчмын зурвас газрууд (30%) судалгаанд хамрагдаагүй үлдсэн. Олон жилийн эрчимтэй судалгааны үр дүнд Монгол орны нутаг дэвсгэрт ураны 11 орд, 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхт гажлуудыг илрүүлэн тогтоосон.

 

Монгол улсын нийт нутаг дэвсгэрт хийгдсэн ураны геологийн судалгааг нэгтгэн дүгнэж таамаг нөөцийг бүс нутаг, хүдрийн зангилаа, талбай, дүүрэг, сав газрын хэмжээнд хүдэржилтийн шалгуур, радиогеохимийн үзүүлэлт, талбайн тектоник, геологийн тогтоц зэргийг харгалзан математик статистикийн аргачлалаар болон эрэл хайгуул, нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд тулгуурлан баттай, бодитой, боломжтой зэргээр геологийн нөөцийг бодож Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон хуучнаар ЗХУ-ын Нөөцийн комиссын хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байдаг.

 

Өнөөгийн байдлар Монгол орны хэмжээнд ураны 11 ордын хэмжээнд 75 орчим мян.тн геологийн нөөц, баялаг зэргээр 1.5 орчим сая.тн таамаг нөөцийг тогтоогоод байна. 11 ордын хэмжээнд бодогдсон 75.2 орчим мян.тн нөөцөөс 7 ордын 67.3 орчим мян.тн нөөц эдийн засгийн хувьд ашигтай үйлдвэрлэлийн нөөцөд тооцогдож байна. Дээрх нөөц нь дэлхийн ураны нөөцийн 1 орчим хувь буюу дэлхийн цөмийн эрчим хүчний 1 жилийн хэрэглээг хангах боломжтой.

 

 

Ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэнд орох ураны орд газрууд, төслийн явц

 

Ураны орд эзэмшиж байгаа “Кожеговь” ХХК, “Гурвансайхан” ХХК, “Эмээлт майнз” ХХК-иуд  2-3 жилийн дотор Гурванбулаг, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан Уул, ураны ордуудын олборлолт, боловсруулалтыг эхлэх төлөвлөгөөтэй байсан ч ажил 1-2 жилээр хойшлох төлөвтэй байна. Шалтгаан нь хайгуулын ажлын явц, техник эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй, хөрөнгө оруулалт, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэгтэй холбоотой.

Ойрын 3-4 жилийн дотор Дорнод, Гурванбулаг, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан Уулын ордуудын олборлолт, боловсруулалтын ажлыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Ажлын явц дараах байдалтай байна. Үүнд:

 

-“Гурвансайхан” ХХК нь Хайрхан, Хараат ордуудын хайгуулын ажлын үр дүн нөөцийн тайланг 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, Гурвансайхан ордын тайланг 2012 оны 07 дугаар сарын 20-нд, Өлзийт ордын тайланг 2012 оны 08 дугаар сарын 06-нд тус тус Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалсан ба Хараат, Хайрхан ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 2011 оны 10 дугаар сарын 07-нд хүргүүлсэн. “Гурвансайхан” ХХК нь 2015 оны сүүлээс  газрын доор уусган баяжуулах аргачлалаар олборлолт, боловсруулалтаа эхлэх төлөвлөгөөтэй байна. “Гурвансайхан” ХХК нь боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг жилд 1000 тн уран үйлдэрлэхээр тооцож байна. Хайрхан ордын жилийн хүчин чадлын хэмжээг урьдчилсан ТЭЗҮ-д тусгагдсан байдлаар, Хараат ордын жилийн олборлолтын хүчин чадлын хэмжээг Хайрханы ордын олборлолтын жишиг үзүүлэлтээр авсан.

 

-“Эмээлт майнз” ХХК нь Гурванбулагийн ордын хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцүүлэн батлуулаад байна. Ордыг ашиглах нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэхээр 2012 оны 06 дугаар сарын 27-нд хандсан ба Үйлдвэр барьж байгуулах ажлыг 2012-2015 онуудад хийж дуусган, 2016 оны эхээр ураны хүдэр олборлолт, боловсруулалтын ажлаа эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.“Эмээлт майнз” ХХК нь боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг жилд 1000 тн шар нунтаг байхаар төлөвлөж байна.

 

-“Кожеговь” ХХК нь Дулаан Уулын төслийн нарийвчилсан хайгуулын ажлаа хийж гүйцэтгэн, газрын доор уусган баяжуулах туршилтын ажлаа 2011 онд багтаан дуусган, хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцүүлэн хамгаалсан. Одоогоор техник эдийн засгийн үндэслэлээ 2012 онд боловсруулж дуусгах, 2015 оны сүүлээс олборлолт, боловсруулалтын ажлаа эхлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

-Дорнод ордын нөөцийн шинэчилсэн тайлан, техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдсан бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Дорнод ордын ТЭЗҮ тусгагдсанаар эхний жилүүдэд 1000 тн, цашид 2000 тн шар нунтаг үйлдвэрлэхээр төлөвлөгдөөд байна.

 

          Цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийг олборлох, боловсруулах,үйлдвэр барьж байгуулах асуудал  

 

Дорнод, Гурванбулаг, Хараат, Хайрхан, Дулаан Уул, Гурвансайхан, Өлзийт ураны орд газруудын нарийчилсан хайгуулын ажлын үр, зарим ордын технологийн туршилтын явцын байдлыг үндэслэн эдгээр ордууыг түшиглэн 3 боловсруулах  үйлдвэрийг 2012 оноос үе шаттайгаар  барьж байгуулахаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллгаанд төлөвлөгдөж, тэдгээрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлууд хийгдэж байна. Үүнд:

 

1. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт оршдог “Хайрхан” ураны ордыг  түшиглэн боловсруулах үйлдвэр 2012 оноос баригдаж эхлэхээр төлөвлгдсөн ба үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэлд 2014-2025 онд жил бүр 1000 тн уран боловсруулж, энэ хугацаанд зах зээлд 9,900 тн уран нийлүүлэхээр төлөвлөсөн. Энэ үйлдвэр дээр Хараат, Гурвансайхан, Өлзийтийн ордын ураны хүдрийг боловсруулна.

 

2. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт оршдог “Дулаан Уул” ураны ордыг түшиглэн байгуулах боловсруулах үйлдвэрийг 2012 оноос барьж эхлэхээр төлөвлөгдөж, нарийвчилсан техник эдийн засгийн үндэсэл боловсруулагдаж байна.. Урьдчилсан техник эдийн засгийн үнэлгээнд боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг жилд 500 тн уран боловсруулж, энэ хугацаанд зах зээлд 4,500 тн уран нийлүүлэхээр төлөвлөж байна.

 

3. Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдын нутагт оршдог Гурванбулаг, Дорнод ураны ордыг түшиглэн боловсруулах үйлдвэрийг 2013 оноос барьж эхлэхээр төлөвлөж, үйлдвэрийн хүчин чадлыг жилд  3000 тн, нийтдээ зах зээлд 38,500 тн уран нийлүүлэхээр төлөвлөж байна.

 

Дээрх  боловсруулах  үйлдвэрүүд  ашиглалтад  орсоноор  1600  орчим ажлын байр шинээр бий болж, 514 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
battushig(192.82.90.28) 2022 оны 03 сарын 24

nariivchilsan medeelelee oruuj boldgumuda\n

0  |  0
Top