Тавантолгойн нүүрсийг сонирхдог “Тyssen Krupp”-ынхантай уулзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

ХБНГУ-д суугаа Элчин Сайд Б.Даваадорж Умард Райн Вестфален муж улсад танилцах айлчлал хийжээ. Тэрээр Умард Райн Вестфален муж улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сургууль, сургалтын сайд хат. Сильвиа Лөйрманн, мөн Умард Райн Вестфален муж улсын Эдийн засаг, эрчим хүч, аж үйлдвэр, дунд үйлдвэр болон гар үйлдвэрлэлийн сайд Гаррельт Дуин, Герман-Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Э.Поль, ГЭСА-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Рюланд болон Фоссло ХК, Германы хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэг ХХК, Тюссен Крупп ХК, Тюссен Крупп Удэ ХХК-тай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Танилцах айчлалын явцад Элчин сайд Германы гадаад бодлогын нийгэмлэгийн Дюссельдорф хот дахь форум, Дюссельдорф хотын аж үйлдвэрийн клуб, Герда Хенкел сан хамтран "Ашигт малтмал-мөргөлдөөн үүсэх аюул, ашигт малтмал, түүхий эдийн нөөц багасах хийгээд түүний германы гадаад бодлогод нөлөөлөх нь" сэдвээр зохиогдсон арга хэмжээг нээж, Монгол-Германы түүхий эдийн түншлэлийн хамтмын ажиллагааны талаар үг хэлсэн байна. Арга хэмжээнд "Түүхий эдийн аллианц" ХХК-ийн гүйцэтгэх захирал док. Д.Паскерт, Мanagent Engineers GmbH компанийн захирал док. П.Хахрайнер, Германы гадаад бодлогын нийгэмлэгийн Дюссельдорф хот дахь форумын Ерөнхийлөгч, Элчин сайд асан Ф.Шлегел нар илтгэл тавьж, арга хэмжээнд дээрх байгуулагуудын гишүүд болох 150 орчим хүн оролцжээ.

Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд ХБНГУ-д төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтуудтай танилцаж байсан. Тэдгээрийн нэг нь Дюсселдорф хот дахь “Тюссен Крупп Стийль Европе” (Тyssen Krupp Steel Europe) ХК-ийн Валсум дахь коксын үйлдвэр байсан билээ.

Дэлхийн 80 гаруй оронд салбартай, 180 мянган ажилчинтай “Тyssen Krupp” компанийн охин компани болох энэхүү үйлдвэр жилд 15 сая тонн ган төмөр гаргаж байгаа. Харин коксжих нүүрсний үйлдвэрт жилд 3.9 сая тонн нүүрсийг коксжуулдаг байна. Нүүрсээ Австрали , Канадаас авдаг.  “Бидэнд бусад орноос нүүрс худалдан авч тээвэрлэх нь  эдийн засгийн хувьд олборлохоосоо  илүү ашигтай байна. Манай улс нүүрсээ олон жил олборлож ашиглалаа, одоо бараг 2 мянган метрийн гүнээс  олборлох болоод байна. Хэрвээ тээврийн асуудлыг шийдчихвэл бидэнд  Монгол Улсаас нүүрс худалдаж авах сонирхол маш их бий. Учир нь монголын Таван толгойн нүүрс чанарын хувьд хамгийн сайн нь” гэж үйлдвэрийн удирдлага ярьж байсан юм.  Тус үйлдвэр нүүрс коксжуулах, ган төмөр үйлдвэрлэх технологиороо дэлхийд дээгүүрт ордог.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top