“Coal Mongolia-2013” эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

"COAL MONGOLIA-2013” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн олон улсын чуулга уулзалт эхэллээ. Олон улсад нэр хүнд нь өсч гадаадын хөрөнгө оруулагчдын оролцдог монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн юм. Чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн зах зээлд монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн, нүүрсний үйлдвэрлэл, экспортын хурдацтай өсөлтийн үед салбарын өмнө тулгарсан асуудлыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, судлаачид зэрэг бүхий л талын оролцоотойгоор хэлэлцэж, нэгдсэн шийдэл, шийдвэр гаргах түвшинд аваачихыг зорьдог тус чуулганд АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Япон зэрэг улсын Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар оролцож өөрийн орны нүүрсний салбарын талаар мэдээлэл өгөх юм. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж нүүрсний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцдэг уламжлалтай.

Энэ удаагийн чуулга уулзалтаар үндсэн 7 сэдвийн хүрээнд хэлэлцэж, чуулж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, Монгол Улсын нүүрсний салбар дахь олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, Нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчны талаар хэлэлцүүлэг, Эрчим хүч, дэд бүтэц, Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, “Засгийн газрын цаг” хэлэлцүүлэг гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байна. Чуулга уулзалтаар дэлхийн болон монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл санаа, эрчим хүч болон коксжих нүүрсний шинэ төслүүд, техник технологийн шинэчилэл, дэд бүтэц, төмөр замын сүлжээ, тээвэрлэлт, байгаль орчин, нөхөн сэргээлт, усны менежментийн талаар тулгамдаж буй асуудал, экспортыг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлийг хэрхэн бий болгох гарцууд болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, монгол нүүрсийг өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг салбарын бүхий л чухал асуудлыг хэлэлцэж, илтгэлүүдийг тавих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top