Д.Батбаатар: “Рио Тинто“-гийн байр суурийг үг дуугүй дагаад явчихвал Монголын ирээдүйд хохиролтой

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

“Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хуралтай холбогдуулан “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Батбаатартай ярилцлаа.

 -Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийн талаар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суугаад байна. Хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр манай сайд нарын тавьсан тайлбарыг Та мэдсэн байх. Ер нь гэрээний асуудал өнгөрсөн хугацаанд ямархуу байдалтай явж ирэв?

-Сайд нар байр сууриа тодорхой илэрхийллээ. Ер нь энд үзэл бодлын ялгаа, зөрүү гэх юм байхгүй. Тавьж байгаа шаардлага туйлын зөв. Энэ бол сүүлийн гурваас таван сарын дотор гарч ирсэн ч асуудал биш. Өмнө нь ч яригдаж байсан. Аж ахуйн нэгж хоорондын хэвийн үйл ажиллагааны тухай л асуудал яригдаж байгаа. Монголын ард түмний эрх ашигт нийцсэн, хойч ирээдүйд ногдох үр ашгаа яаж  авах вэ гэдэгт хамгийн гол анхаарлаа хандуулах ёстой юм.

УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайдын хийсэн мэдээлэл, сайд нарын мэдэгдэл, “Рио Тинто”-гийнхонтой хийсэн хэлэлцээрийн явц зэргээс харахад хэлж яримаар зүйл гарах юм. Аж ахуйн үйл ажиллагаан дээр Засгийн газар өөрөө шууд хутгалдаж орох нь зөв үү, буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Бодлогын яамны дөрвөн сайд аж ахуйн үйл ажиллагаа, маргаанд оролцох нь хэр зөв алхам бэ гэдгээ юуны өмнө бодох хэрэгтэй байгаа  юм. Хэрвээ дараа нь асуудал үүсвэл Засгийн газар хүнд байдалд орно. Уг нь Засгийн газраасаа эрх авсан “Эрдэнэс Оюутолгой” компани хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцох боломжтой. Хувь нийлүүлэгчид хурал дээрээ байр сууриа илэрхийлж, одоо хөндөгдөөд буй, бидний сэтгэл зовоод байгаа асуудлаар тал талаасаа ярилцах нь зүйтэй байсан гэж би хувьдаа боддог. Сайд нарын өөрсдийнх нь хэлсэнчлэн бөхтэй жишээлээд ярья л даа. Нэгийн даваанд зодог шуудаггүй цэргийн хүүхдийг цолтой, хүчтэй бөхтэй барилдуулах гэтэл гэв гэнэт цаанаас нь олигтой ч бэлтгэл сургуулилтгүй, зодог шуудаггүй хэрнээ багцаалдаж ярьсан хэдэн тоотой аав нь давхиж орж ирээд “Би энэ хүнтэй чинь барилдана, ноцолдоно” гээд байвал ямар байх вэ. Харин тэгэхийн оронд хүүдээ эсвэл ажил хариуцсан залуучуудад арга мэхийг нь зааж өгвөл ямар харагдах вэ гэдгээ бодолцох ёстой. Уг нь “Оюутолгой” компанийн ТУЗ-д улсаа төлөөлж байгаа гурван гишүүнийг Засгийн газар дээр дуудаж, аль дээрээ онов, юун дээрээ алдав, ямар бодлого барьж байв гээд байр суурийг нь сонсох хэрэгтэй шүү дээ. Бид маш тодорхой бодлоготой, дэс дараатай үйл ажиллагаа явуулж байсан. Тэдгээр үйл ажиллагааг зөв ойлгосныхоо дараа алийг ил гаргах вэ, алийг нь цаанаа ярих вэ гэдгээ тогтохгүй, шууд л шоу хийгээд байна. Улстөржүүлж болохгүй улсын эрх ашиг бий гэдгийг мартаж болохгүй.

-2005 онд тогтвортой байдлын гэрээний хор уршиг ид яригдаж байх үед Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болох нь гэсэн асуудлыг иргэний нийгмийн зүгээс тавьж байсан. Гэрээг анх хийхдээ Засгийн газартай бус компанитай хийсэн бол асуудал зөв гольдрилдоо орох байсан. Бид гэрээгээ урдаас нь биш хойноос хийчихэж гэсэн яриа ч гарч байна?

-Одоо бид эргэж буцаад хэрэггүй. Яагаад гэвэл гэрээгээ байгуулсан, гарын үсгээ зурсан. Дэлхий нийт биднийг харж байгаа. Тийм учраас соёлтой хандах учиртай. Гэрээгээ байгуулснаас хойш үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил гаруй болж байна. Харин гэрээний биелэлтийг дүгнэх хэрэгтэй. Гэтэл учир зүггүй улс төрийн шоу хийж, ард түмэнд таалагдахын тулд хэдэн улстөрч гарч ирээд л 34 хувийг 51 болгоно, ерөөсөө болохоо байлаа, сүйрчихлээ шүү гээд ярих нь нэг талдаа өрөөсгөл. Ерөөсөө л монголчуудын хэт туйлширдгийн илрэл юм. Бид соёлт ертөнцөд, зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Гэрээгээ байгуулсан. Өмнөх хойдох юмаа ярихаа болиод энэ гэрээ маань юун дээрээ болоод байна, юун дээрээ болохгүй байна гэдгийг хоёр талаас ярилцах хэрэгтэй. Магадгүй энэ тохиолдолд “Рио Тинто” эргээд бидэнд хандана. Ингээд гэрээг дүгнэхэд ийм ийм асуудал байна, гэрээгээ өөрчилье гэсэн асуудал тавих тэр үед нь бид энэ заалтыг ингэж засъя, өөрчилье гэж яривал илүү дээр. Үүн дээр бидний байр суурийн ч гэх юм уу, ажил төрөлд хандах хандлагын ялгаа байгаа юм. Тиймээс хувь нийлүүлэгчдийг хоорондоо ярилцах бололцоогоор нь яаралтай хангаж, улстөрчид болон Засгийн газрын гишүүд энэ яриа хэлэлцээрээс гарах ёстой гэж бодож байна.

-Манай Засгийн газраас хувь нийлүүлэгчдийн хурал дээр эхний ээлжинд нэр бүхий 13 шаардлага тавьсантай Та танилцсан байх аа. Өмнө нь ийм шаардлага тавьж байгаагүй хэрэг үү?

-Дэвшүүлж тавьж байгаа 13 асуудлыг энэ Засгийн газар, ажлын хэсэг гаргаж ирээд тавьчихсан юм биш ээ. Өрөөсгөл хандаад байна. Оюутолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос эхлээд “Эрдэнэс МГЛ” хэмээх толгой компани, 2012 оны нэгдүгээр сараас “Эрдэнэс Оюутолгой” гэсэн охин компани байгуулсан. Эдгээр 13 шаардлага бол өнгөрөгч гурван жилийн хугацаанд ТУЗ-ийн гишүүдээрээ дамжуулан байнга шат дараатай тавьсан асуудлууд. Тэрэн дээр энэ нь буруу, тэр нь зөв гэх юм байхгүй. Маш зөв асуудлуудаа бид гаргаж ирсэн. Гэтэл хэвийн явж байсан  аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд улстөрчид, Засгийн газар хөндлөнгөөс хутгалдаж, дээр нь Ерөнхийлөгч орж ирээд асуудлыг эргээд хүнд байдалд оруулж байна. Магадгүй “Рио Тинто”-гийнхон энэ бүхэнд анализ хийн ажиглаж суугаа. Эргээд Засгийн газар, Ерөнхийлөгч өөрөө хүнд байдалд орвол яах вэ. Тэгэхийн оронд асуудал хариуцсан, Монголын талын 34 хувийг эзэмшиж байгаа “Эрдэнэс Оюутолгой” компани “Рио Тинто”-той тэгш эрхийн хүрээнд хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Бүр болохгүй болсон тохиолдолд Засгийн газар хэлэлцээрт орж, парламент дээрээ асуудлыг яривал зөв алхам болох байсан.

-“Оюутолгойн гэрээг байгуулснаар нь цааш үргэлжлүүлэхээс өөр аргагүй боллоо. Дараачийн гэрээнүүд дээрээ л анхааръя” хэмээн Ерөнхийлөгч айлд бэрд мордуулсан хүүхдийн жишээ дурдаж байгаад оны өмнөхөн ярьж байсан даа. Гэтэл оны дараа байр суурь нь огцом өөрчлөгдөж бараг 180 хэм эргэчихлээ. Ерөнхийлөгчийн байр суурь өөрчлөгдсөн шалтгааныг Та юу гэж дүгнэж байгаа бол?

-Үүнийг би Ерөнхийлөгчийн цэвэр улстөрийн шоу явчихлаа гэж ойлгож байгаа. Дахин сонгогдохоо л бодоод байна шүү дээ. Гэтэл энэ том ордын цаана улс орны ирээдүйд ногдох үр ашиг агуулагдаж байгаа. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан албан тушаалтнууд мэдээж монгол хүмүүс. Тэдэнд Монголын эрх ашгийн эсрэг хийсэн юм байхгүй. Алдсан оносон юм байгаа байх. Засч залруулах зүйлийг бид Засгийн газрын хуралдаан дээрээ ярилцдаг. Төрийн ажил явуулдаг ном журамтай. Гэтэл тэр шат дамжлагаа алгасаад байна.  “Оюутолгой” компани бол 250 мянган аж ахуйн нэгжийн л нэг нь. Гэвч тэр компанийн үйл ажиллагаанд дөрөв, таван сайд хутгалдаж орсон. Тэгсэн хэрнээ Засгийн газар дээрээ ярьсан юм байхгүй. Парламент дээрээ орж ирээд ярих ярихгүй юмаа дэлгэж тавьчихаад бид шат шатандаа нэгдмэл байр суурьтай болчихлоо гэж сурталчлах юм. Бүх төвшинд нэгдмэл байр суурьтай болоо юу гэтэл үгүй л байна. Зарим улстөрийн нам мэдэгдэл хийгээд эхэлчихлээ. Тиймээс энэ асуудал дээр болгоомжтой, бодолтой хандахгүй бол магадгүй бид арай өөр зорилгоор ашиглах гэж байж улс орныхоо ирээдүйд том гарз хохирол авчирчих вий гэдэгт сэтгэл зовж байна.

-Хувь нийлүүлэгчдийн хуралдааны үеэр Монголын талаас тавьсан нэг санал бол төслийн санхүүжилтийг нээлттэй болгох тухай байсан. Өмнө нь Таныг ажиллаж байхад санхүүжилт хэр нээлттэй байсан бэ?

-Төслийн санхүүжилт зайлшгүй хэрэгцээтэй. Гэхдээ үүнийг ямар хэлбэрээр авах вэ, монголчууд яаж оролцох вэ гэдэгт онцгой анхаарал хандуулах ёстой. Бид  2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөрөнгө оруулагч талтай харилцаж байгаад Лондонд болдог төслийн санхүүжилтийн хуралд олон удаа оролцсон.

Оролцох болгондоо байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Үүн дээр бид нухацтай, тооцоотой хандах хэрэгтэй. Ялангуяа энэ асуудалд сэтгэлээ чилээж явдаг эдийн засагчид, хуульчдын бүхэл бүтэн баг ажиллаж санаа оноогоо нэгтгэх ёстой. “Рио Тинто-“гийн хэлээд байгаа байр суурийг үг дуугүй дагаад явчихвал Монголын ирээдүйд хохиролтой санхүүжилт болно. Одоогийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд амжилттай арилжааллаа, төмөр замд оруулъя, барилгын салбарт оруулъя хэмээн маргалдаж байна. Гэтэл бидэнд бэлэн төсөл байгаа шүү дээ. Бондын хөрөнгөө Оюутолгой уруу хийчихэд болохгүй юм байхгүй. Гэхдээ энэ засаг төр өөрсдөө арай өөр юм уруу зүтгээд байгаа болохоор оруулахгүй л байх даа. Санаагаар болдогсон бол Оюутолгой уруу оруулчихвал үр ашиг нь хамаагүй дээшилнэ.

-Ер нь Оюутолгойн ТУЗ дахь Монголын талын гишүүний үүрэг гэж байна уу. Сүүлийн үед тэдэн рүү нэлээд давшилж байгаа шүү дээ?

-Би энд нэг зүйлийг туйлын хариуцлагатайгаар хэлье. Монголчууд бид яахаараа асуудлын үнэн мөнийг олоогүй байж бие биеэ хэмлээд байна вэ? Би ТУЗ-ийн гурван гишүүнийг хаана ч, юу ч дуугардаггүй юм уу, хаа таарсан газраа санаснаа санааны зоргоор ярьж явдаг улстөрч, эх оронч гэгдэх хүмүүсээс хавьгүй илүү, улстөрчид, эх орончид гэж боддог. Ер нь энэ хүмүүс өөрсдийнхөө өндөр мэдлэг, ур чадварын хэмжээнд улс, эх орны эрх ашгийг дээд зэргээр хамгаалдаг гэдгийг олон удаа харж мэдэрч, хамтарч ажилласандаа бахархдаг. Цаанаа хөрөнгө оруулагчдад ад болтлоо үзэлцэх, наанаа ард түмэндээ буруу үзэгдэж, хадны завсар хавчуулагдсан мэт хувь заяатай юм уу хаашаа юм бэ. Юманд учиртай хандах хэрэгтэй, энэ засаг төр. Хэрэв үнэхээр халах, солих хэрэгтэй гэж үзэж байгаа юм бол зүгээр л хэлээд халаач дээ. Ганц хийж чадаж байгаа юм нь тэр биз дээ.

Гэхдээ хүнд хүнлэг хандах хэрэгтэй. Төрийн бодлогыг зохих төвшинд авч явсан, гал дундуур эх орны эрх ашгийг авч яваа энэ хүмүүстээ төр засаг нь баярлалаа гэдэггүй юм гэхэд ядаж тэр өргөөд байдаг аягатай сүүгээ бариад амжилт, эрүүл энхийг хүсээд зүгээр л чөлөөлөөч. Битгий ингэж өмнөх бүхнээ үгүйсгэж, өөрсдийгөө болон өргөн олон түмнийг мэдээлэлгүй тэнэг мэтээр гадныханд харуулаад бай гэж хэлмээр байна.

ТУЗ-ийн гурван гишүүн Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд нарыг өмгөөлж дуугарах ёстой хүн нь Монголын талын 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал байсны хувьд би өөрийгөө мөн гэж бодож байна. Би ард түмнээ ч өмөөрнө, ард түмнийхээ төлөө дуугарч ажиллаж байсан дээрх хүмүүсийг ч өмөөрч энэ үгийг хаана ч хэлнэ.

Н.Сүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top