Саус Гоби Сэндс-ийн сайн түнш Баруун Цанхийн хөрсийг хуулагч..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

Тавантолгой ордын Баруун Цанхийн талбайд зарласан олборлогчийн тендерт “Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани шалгарсан талаар “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Я.Батсуурь хэлээд байгаа ч, үнэн хэрэгтээ бол “Уул уурхайн үндэсний олборлогч” буюу "Mongolian National Operator Ltd" компанид тэр эрх нь очсон гэдгийг эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан өмнө нь мэдээлсэн билээ. Ер нь албан ёсны мэдээллийг өгөх ёстой эрхмүүд өөрсдөө нийтийг  төөрөгдүүлсэн мэдээллийг хийх боллоо. Тухайлбал,  “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийг Баруун Цанхийн олборлогчийн тендерт ялсан гэж Я.Батсуурь захирал эхлээд  хэлж байсан бол сүүлдээ  тэр нь  “Хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх тендер” болоод хувирчихсан цохиж явна.

Гэтэл улстөр бус жинхэнэ уул уурхай талын эх сурвалжууд нь 2010 онд байгуулагдсан “Уул уурхайн үндэсний олборлогч” компани Тавантолгойд  олборлолт хийх эрхийг авчихаад байгаа бол “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн зүгээс  техникийн туслалцаа үзүүлж байгаа гэдэг нь бодит мэдээлэл гэдгийг хэлж байгаа юм. Ямартаа л  “Уул уурхайн үндэсний олборлогч” компани Баруун Цанхид хөрс хуулалтыг эхлүүлэхийн тулд “Вагнер Ази” компанид ч хүртэл санал тавиад, тохиролцож чадаагүй нь хүртэл нийтэд дуулдаж байхав.

Харин холбогдох байгууллагуудын зүгээс  “Хишиг Арвин Индустриал” компанийгаа  л ярьсан  хэвээрээ.  Тэр хэрээр “Хишиг Арвин Индустриал” компани ч олны анхааралд орж ирж байна. Тэгвэл 1997 онд байгуулагдсан тус компанийн хувьд Саус Гоби Сэндс компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал асан Курт Черчийн дэмжлэгтэй гэх мэдээлэл байна.  Курт Черч өмнө нь Сентерра Гоулд компанийн охин компани Бороо Гоулд-д ажиллаж байсан бөгөөд тэр үеэс л “Хишиг Арвин Индустриал”-ийн захирал Хишгээтэй ойр ажиллаж иржээ. Эхний үедээ  “Хишиг Арвин Индустриал”-ийн зүгээс Бороо Гоулд-д ганц, хоёр техник л түрээслүүлдэг байж. Харин Курт болоод Хишгээ нарын хамтын ажиллагааны үр дүнд ихээхэн өргөжжээ.

Гэхдээ   Курт Черч  “Бороо Гоулд”-д  тийм олон жилийг зориулаагүй. Халагдсан байдаг. Харин дараа нь Саусгоби сэндс-т орохдоо “Бороо”-д хамт байсан өөрийн хамтрагчид болох н.Мягмар-Эрдэнэ болоод  “Бороо гоулд”-аас олон арван хүнийг халсан  Earl Crowdl гэх итгэлт нөхдөө дэргэдээ авсан байдаг. Сонирхолтой нь Курт Черчийн ойрын хүн болох н.Мягмар-Эрдэнэ гэгч нь Саус Гоби Сэндс-т хангамжийн менежерээс эхлээд  Ерөнхий менежер болон дэвшиж байсан бол өдгөө Уул уурхайн яамны сайд Д.Ганхуягийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа гэх.

Ямартай ч Курт Черч 2008 оны 1 дүгээр сараас эхлэн Саус Гоби Сэндс компанид  Ашиглалтын хэлтсийн менежер, Овоот Толгой уурхайн ерөнхий менежер, Ашиглалт хариуцсан Дэд Ерөнхийлөгч зэрэг албан тушаалуудад дараалан томилогдон ажиллах хугацаандаа өдгөөгийн Баруун Цанхийн олборлогчийн тендерийн “ялагч”-аар тодроод байгаа “Хишиг Арвин Индустриал” компанитай сайн түншилжээ.

Курт Черч тэнд ирснээр  “Хишиг Арвин Индустриал” компани  “Саус Гоби Сэндс” компанид бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэгч болон томорсон аж. Гэхдээ  маш өндөр үнээр тохирдог байсан  гэнэ.

“Саус Гоби Сэндс”  компани Нар мандах, Нар жаргах гэх нэртэй хоёр уурхайтай байсан бөгөөд “Хишиг Арвин Индустриал” компани нэг л мэдсэн зүүн уурхайгаас нь  олборлолт хийх эрхийг ямар ч шалгуургүйгээр авсан байсныг тухайн үед SGS-ийн уурхайд ажиллаж байсан хүмүүс хэлдэг. Тэгээд зогсохгүй “Саус Гоби Сэндс”-ийн хаана л техник хэрэгтэй болно тэнд  “Хишиг Арвин Индустриал”-ийн техникийг өндөр үнэтэйгээр оруулж ирдэг байж. Хэдийгээр өндөр үнэтэй техникээс татгалзах санал дотроосоо гардаг байсан  ч, дээрээс буюу Курт Черчээс мэйл ирээд л, үг дуугүй авахаас өөр аргагүй байдалд ордог байснаа экс  ажилчид нь ярьдаг. Тэрчлэн ингэж хүчээ авч эхэлсэн  “Хишиг Арвин Индустриал” компани өдгөө  “ХАКМС” ххк /Хишиг-Арвин Контракт Майнинг сервис/ болон Канад улсын Нуна Ложистикс компанитай хамтарсан “КАНУ” ххк зэрэг хоёр охин компанитай юм билээ.

Тавантолгойн ямар нэг тендерийн “ялагч” гэхэд хэцүү  “Хишиг Арвин Индустриал”-ийн талаар өгүүлэхэд ийм байна.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top