Шинзо Абэ ”Дархан Газрын тос” үйлдвэр байгуулахад тусална гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр хийсэн хэлэлцээнийхээ талаар хамтарсан мэдээлэл өглөө.

 Хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд амжилттай болж өнгөрснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, “гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг мэдэгдлээ.

 Япон улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Иймд Монгол, Японы Стратегийн түншлэлийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад яриа хэлэлцээ чиглэгджээ.

 Түүнчлэн, ноён Шинзо Абэ хоёр орны Стратегийн түншлэлийг ардчилал, энх тайван, бие биедээ харилцан туслах гэсэн гурван үзэл санааны дагуу эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга дэвшүүлснийг талархан хүлээн авч, энэ уриагаар хоёр орны харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд хамтран ажиллахаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлсэн байна. Ерөнхий сайд Ш.Абэ хоёр орны Стратегийн түншлэлийг эрчимжүүлэх, манай орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрч” санаачилга дэвшүүлсний дагуу хамтран ажиллахаар болжээ. Энэ зорилгоор бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, эдийн засгийн харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны бодит орчин бүрдүүлэх зорилготой “Эдийн засгийн туншлэлийн хэлэлцээр”-ийн явцыг түргэтгэж, ойрын хугацаанд байгуулах асуудлаар ярьж тохиролцжээ.

 Хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээр “Экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой Дунд хугацааны хөтөлбөр байгуулах нь зүйтэй гэж санал нэгджээ. Энэ хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дээд түвшний харилцан айлчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал нүүрс болон дэд бүтэц зэрэг салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, соёл, боловсрол, олон улсын тавцан дахь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгахаар төлөвлөж байна. Гэхдээ зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлахгүй бусад олон салбарт оруулах Японы хөрөнгө оруулалтыг сайшааж хүлээн авахаа, дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлсэн байна.

 Ерөнхий сайд Ш.Абэ Японы гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдол өсч байгааг тэмдэглээд манай орны дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тухайлбал, сургалт оношилгооны эмнэлэг байгуулах, Шинэ олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлэх, Дархан хотод Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

 Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад анхнаас нь нэн чухал дэмжлэг үзүүлсэн, манай гол түнш орон, гуравдагч хөрш Япон улстай цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам зузаатгаж, хамтран ажиллах байр суурьтай байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дотоодын болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчидтэй хийсэн мэдээллийнхээ үеэр дахин илэрхийллээ.

 Ноён Шинзо Абэ УИХ-ын дарга З.Энхболдод бараалхах бөгөөд айлчлалаа маргааш үдээс өмнө өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болж байна.(124.158.67.156) 2013 оны 03 сарын 31

ок. япончууд монголд тавтай морил.

0  |  0
Top