Тунхаг ихэдвэл мунхаг болдог

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 01

МАН “Эв нэгдлийн Тунхаг” гаргаж бүгдээрээ гарын үсэг зуржээ. Тэгээд хүмүүс будлих бий гэдгээс болгоомжилж МАН-ын олон Тунхгуудын товч түүхийг өгүүлье. Тэрнээс биш сайлах муулах гэсэн юм огт алга…

1. С.Баярын буюу “Инновацийн” Тунхаг.

2007 оны 10 дугаар сарын 25-ын өдөр. МАН-ын (тухайн үеийн МАХН) XXY Их Хурлаар “Инновацийн” Тунхаг батлав. Энэ Тунхагт хэрэв би эндүүрээгүй бол “Намынхаа энэ Тунхаг бичгийн үзэл санааны дор эвлэлдэн нэгдэж, Монгол Улсынхаа өнөө, ирээдүйн өмнө түүхэн хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлан, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, ил тод, нээлттэй, байдлыг дээдлэн эрхэмлэж, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримтлан ажиллана…Даяаршлын ертөнцөд дангааршсан өвөрмөц байдлаа алдахгүйгээр Монгол гэдэг нэрээ ертөнцийн чихнээ дуурсгасаар ирээдүй рүү итгэлтэй зорьцгооё” гэж уриалсан билээ.

2. Сү. Батболдын буюу “Тэрэлжийн” Тунхаг.

2010 оны 8 дугаар сарын 21-нд буюу “билэгт сайн өдөр”. МАХН-ын Удирдах Зөвлөл бас нэг Тунхаг гаргаж МАХН-ыг МАН болгосон. Яг Тунхагийн нэр нь “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” гэдэг юм.

Нийт 6 зүйлтэй энэ Тунхагт: “Намын бүх шатны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, ажлын арга барилыг өөрчлөн сайжруулж, дотоод ардчилал, бодлого баримтлах сахилга батыг бэхжүүлэн хэвшүүлнэ”, “Монгол улсын төрийн тогтолцоо, хууль эрхзүйн салбарт шинэчлэл хийж, хүний эрх эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн, хүнд суртлаас ангид, нээлттэй, тунгалаг, ард түмэндээ ээлтэй засаглалыг бэхжүүлэхийн төлөө манлайлан ажиллана” гэж Тунхаглаад: “Төр түвшин байж, түмэн олон маань сэтгэлийн чин зоригоор цэнгэлийн манлайд хүрэх болтугай” гэж ерөөсөн билээ.

3. “Эв нэгдлийн Тунхаг”.

2013 оны 3 дугаар сарын 29. МАН гурав дахь буюу “Эв Нэгдлийн” Тунхгаа гаргав. Ө.Энхтүвшингийнх үү, Г.Занданшатарынх уу, ёстой бүү мэд. Сүүлдээ судлаач бид нар хүртэл толгой эргэж байна ш дээ. Зөвхөн тоонд нь шүү дээ. Агуулгыг бол эд нартай солиотой хүн л ярьдаг байх. Гэхдээ энд би Тунхгийн сайн муу, сайхан муухайг ерөөсөө яриагүй ба бас ярихгүй…

Зүгээр л сүүлийн зургаан жилд 3 Тунхаг гаргасан нь Гиннесийн номонд орох “амжилт” гэдгийг л хэлж байна. Энэ удаад хэтэрхий шог үзэгдэл нэмж сонгууль болтол “бослого гаргахгүй” гэсэн гарын үсэг зуруулав. Тэгээд “эв нэгдэл” болчихож гэнэ. Энэ “эв нэгдлээ” Их Хурлаа хийж чадвал тэр үеэрээ хараарай л даа…

Зүй нь хэвийн, гажиггүй, эрүүл ухаантай, эгэл гишүүд, залуучууд, ирээдүйгээ боддог нам байсан бол Их Хурлынхаа бэлтгэл ажилд аль хэдийн орчихсон байх ёстой. МАН оюун сэтгэлгээний хомсдолуудаар дүүрчихсэн ийм арчаагаа алдсан нам байгаагүй л юмсан. Ингээд бодоход МАН-д “бичиг үсэг мэддэг хүн” үлдээгүй байх аа…

Ийм тэнэг байвал дээрэлхэж л таараа ш дээ, тэгээд дээрэлхэх нь “зөв” ш дээ…

Тунхаг гэдэг бол дэлхий дахины байдлыг үгүй юмаа гэхэд ядахдаа Монголынхоо байдлыг үнэлж дүгнэсэн юмыг хэлдэг юм ш дээ…
Ингэхэд Та нар Тунхаг гаргах тусмаа улам мунхаг болоод байх юм…

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top