Хувьцаа гэдэг шувуухай буруу дэвээд байх шиг ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Иргэд маань хувьцаа эзэмших боллоо. Эрх баригчид энэ тухай их л сүржин зарлаж байна. Таван толгойн коксжих нүүрсний ордын буян уу, дарга нарын минь буян уу. Дарга нар болохоор өөрсдөөсөө өгч буй мэтээр гоёчилж ярихыг яана. Гэхдээ даргын хишиг биш эх орны хишиг бололтой. Иргэн бүр баялагаасаа эзэмших нь заяагдмал эрх юм гэнэ лээ. Энүүнд сонгууль монгууль ерөөсөө падгүй. Улс төрийн нам хэмээх хэдэн хүний хуйвалдааны буюу тоглоомын байгууллагууд 2008 онд иргэддээ өөрсдийнх нь юмыг амлаад санал авчихсан нь харин тун хачирхалтай. Төр, засаг хэдийд ямар баялгаа ашиглахыг ард түмнээсээ асуудаг жамтай л даа. Үүнийг иргэний ардчилал гээд байгаа юм. Намын ардчилал биш шүү. Иргэнийх. Иргэний ардчлалд нам гэх хуйвалдагчдын тойргийнхон хуруу, хошуу дүрэх нь утгагүй зүйл. Гэвч өнөөгийн төрд улс төрийн нам давуу эрхтэй оролцоод, иргэний нийгэм хөсөр хаягдаж байгаа. Энэ үзэгдэл түр зуурынх байх. Цаашдаа намаар өвчилсөн хүмүүсийн үе аяндаа мултарч таарах биз. Намаас нэр дэвшин төрийн эрх барих төлөөллийн байгууллага болох УИХ-д сонгогдсон хүмүүс өөрт нь итгэл хүлээлгэсэн сонгогчоо дор нь мартчихаад байна. Иймэрхүү улс төрчидтэй, УИХ, Засгийн газартай байгаа цагт иргэд амар тайван аж төрөх боломжгүй юм. Үүнийг бид олон жишээнээс ойлгож болох аж. Таван толгойн хувьцаа гэгчийг хар л даа. Дарга нар хувьцааг нь огт үнэлсэн юмгүй яаран сандран “Хүн бүрд 536 ширхэг энгийн хувьцаа, дээр нь 1 ширхэг давуу эрхийн хувьцаа өгч байна” гэж гайхууллаа. Үнэгүй юмыг бид юу гэж ойлгох вэ. Үнэгүй зүйл зах зээлийн нийгэмд нэгээхэн ч байдаггүйсэн. Хэрвээ байгаа бол тэр нь юу ч биш. Зүгээр нэг хоосон цаас ч биш, үнэхээр юу ч бишийн юу ч биш баймаар санагдаад байна. Хэдийд үнэ орох вэ гэхээр дарга нар аанай л мэдэхгүй гэж хариулж байгаа. Олон улсын зах зээлд гарч үнэ тогтворжихоор аяндаа үнэтэй болчихно гэсэн үлгэр хэлж байна. Үнэгүй юм хүнд өгчихөөд үнэ цэнтэйг мэдэж яриад байх нь их сонирхолтой байгаа юм. Таван толгойн ордын 96,3 хувийг төр мэдэлдээ авсан. Төр гэдэг маань нөгөө бидний итгэж сонгосон хэдэн хүн шүү дээ. Төлөөллийн ардчилалын хэлбэр буюу УИХ, Засгийн Газар юм. Тэрхүү төр мэдэлдээ авсан хувиасаа 10 хувийг нь иргэддээ ийм үнэгүй хувьцаагаар өгсөн. Дахиад 10 хувийг нь компаниуддаа худалдах юм гэсэн. “Эрдэнэс Таван толгой” ХК иргэдэд оногдох энгийн хувьцааг өгнө. Давуу эрхийн гэх ганц хувьцааг нь “Эрдэнэс МГЛ” компани олгоно гэнэ. Жил бүр энэ ганцхан хувьцааныхаа ноогдол ашгийг авна. 536 ширхэг энгийн хувьцаанаас ноогдол ашиг гэдэг юм та бидэнд ирэхгүй. Энэ нь зөвхөн төрийн эзэмшлийн уг компаний эрх мэдлийг иргэд гартаа атгалцаж байгаагийн илэрхийлэл төдий зүйл ажээ. Харин төр хэзээ хувьцаагаа зарж болно гэж зөвшөөрсөн цагт энгийн хувьцаагаа бид чулуу болгож болох “үлгэртэй”. Үнэлээгүй байгаа хувьцааг зарах тухай ярихаар жирийн иргэн Дондог, Дулмаа нарын хэнийх нь ч санаанд багтахгүй байгаа. Тэгвэл тэрхүү энгийн хувьцааг нь худалдан авах эрх бүхий компани одоогоор 53 мянган гаруй байна. Хувьцааны сургаар бас мөнгөтэй хүмүүс нь үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн эрхийн гэрчилгээтэй компани нэртэй байгууллагуудыг баахан худалдаж авлаа. Ухаандаа компани юм чинь иргэдийн энгийн хувьцааг худалдаж аваад их ашиг олно гэж бодсон бололтой. Гэтэл тэр хувьцаа нь нооль төгрөгийн үнэтэй байдаг. Компаниуд ч яг хэдэн төгрөгөөр хувьцаа авч хөрөнгөө зузаалахаа төсөөлөөгүй байна. Уг нь 2,8 сая хүнд нийтдээ энгийн 1,5 тэрбум орчим хувьцаа очно. Тэгвэл нэг компанид 28,300 ширхэг хувьцаа ноогдоно. Өөрөөр хэлбэл компаний эзэн гэх 53 мянган хүн ийм олон энгийн хувьцаатай болно. Дэндүү харьцангуй хуваарилалт байгаа биз. Иргэд шоовдорлогдож цөөн хувьцаатай хоцрох нь ээ.  Үүнийг ялгаварлал гэхээс өөр юу гэхэв. Төрөөгүй байхдаа шууд л үнэгүйдсэн хувьцаа гэгч энэ шувуухай ер нь буруу дэвээд байх шиг ээ. Иймэрхүү нэг онигоо гарсан санагдана. Монголын тэнгэрт нисч орж ирсэн аянчин шувууд хүртэл буруу дэвдэг гэсэн шог яриаг санаж байгаа байхаа, та бүхэн. Стандарт бус засаглалтай манайх шиг улсад юм болгон нь гажиг болдог бололтой. Тиймээс   гадаадын туршлагатай бизнесменүүд ийнхүү биднийг онигоо болгосон юм гэсэн. Таван толгойн хувьцааг тараах тухай төр засгийн ойлгомж муутай, тун эргэлзээтэй, шударга бус ийм шийдвэрийг МУҮИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн хэсэг оюутнууд шүүмжлэн хүний эрхийг бүдүүлгээр зөрчлөө хэмээн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад байна. Тэд нийт монголчуудынхаа эрх тэгш байх байгалаас заяасан амьдралын үндсэн зарчмыг хамгаалан тэмцэж байгаа хэрэг. Тэдгээр залуусыг улс төржилтөөр өвчилсөн Үндсэн хуулийн цэц хэрхэн үзэх нь одоогоор тодорхойгүй. Биднийг төлөөлж гарч ирээд төрийн түшээ хийж яваа “мартагсад” цэцэд их нөлөөлтэй байгаа. Тэгээд ч яг манайх шиг ийм маягаар баялгаа хуваасан Нигер, Конго зэрэг улсын гашуун сургамжийг санах хэрэгтэй байна. Тухайлбал Нигер улсын Засгийн газар 1997 онд стратегийн ордынхоо хувьцааг иргэддээ тараасан боловч гадаадын баячууд өндөр үнээр худалдаад авчихсан. Ингээд стратегийн ордуудынх нь дийлэнх эрх мэдэл харийнханы гарт оржээ. Манай дарга нарын анхнаас нь үнэгүйдүүлж алиалаад байгаа 536 ширхэг хувьцааны хэд нь харийнханд , хэд нь дотоодын компани нэртэй цөөн хэдэн хүний нэр дээр бүртгэгдэхийг бүү мэд. Ямартай ч иргэдийн гараас салгах нь салгаж таарна, цаадуул чинь. Өөр нэг эргэлзээтэй, бас хачирхалтай зүйл нь Таван толгойн ордыг одоогоор монголын 13 гэр бүл ил далдуур эзэмшиж байна. Мөн гадаадын банкууд IPO үйлчилгээ хийхээр боллоо. Шалгаруулалтанд орж байгааг харахад Английн “Голдман Сакс” болон Германы зарим банк нь авлига, гэмт бүлэглэлийн үүр уурхай юм шиг хэвлэлүүд бичиж байна. Олны үг ортой гэдэг. Оператор компаниудаа шалгаруулсан байдал, хөрөнгө оруулагчдаа татаж байгаа арга ажиллагаа нь ч бизнесийн алтан дүрмүүдийг зөрчөөд байна, Техник эдийн засгийн зарим үндэслэлүүдийг дахин нягтлах хэрэгтэй гэсэн шүүмж, санал ч яригдсаар байгаа. Монголын Төрийн өмчийн хорооноос Zindaa.mn сайт эдгээрийн талаар бодит мэдээлэл авах гэхээр дарга нар нь хойш тавиад өгөхгүй байна. Мэдээллийн эрх чөлөө сэтгүүлчдэд хаалттай хэвээрээ байгаа нөхцөлд жирийн иргэд энэ бүх яригдаад байгаа хувьцааны талаар “А” ч үгүй суух нь арга үгүй биз. Сэтгүүлчид хүссэн мэдээллээ төр засгийнханаас аваад иргэддээ түгээхээс төрийн томчууд эмээж байна. С.Батболдын Засгийн газар хувьцааг яаран тарааж, сонгуулийн шоу хийсэн нь цаанаа ихээхэн боольхой дагуулж байгаа бололтой. 


С.Зулаа. Zindaa.mn   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top