Солгой зөв хоолойтнуудын солонгорон нэгдсэн өдөр

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 14

Одоогоос 17 жилийн өмнө нийтийн байрны хямдхан умгар өрөөнд амьдарч байлаа. Орой болгон ууж согтуурсан эрчүүд, орилж бахирсан эмэгтэйчүүд, тоглох ч тоглоомгүй халтар хүүхдүүд, гипсэн ханатай, эвдэрхий хаалгатай тэр газар байсхийгээд л хулгай гарна. Хажуу айлын яриа хажууд юм шиг сонсогдоно.

Нийтийн байрны өрөө ч гэлээ цонхны тавцанг нь солиод янзалчих санаатай гайгүй  хавтан хайхаар Зуун айлын барилгын материалын дэлгэмэл захаар дэмий тэнэлээ. Үдээс хойш юм даа. “Хөөе, цаана чинь Түвшинбаяр гэдэг залуу алтын төлөө барилдахаар гараад ирж” гэж хоёр худалдагч залуу хоорондоо ярьж буйг сонсоод шууд хөндлөнгөөс орж “Хаанахын бөхтэй үлдээ вэ?” гэхэд “Казахстаных гэнэ ээ” гэв.
 


Үүнийг сонсоод цээжинд нар мандах шиг болоод юун хавтан хайх өнөө муу умгар өрөө рүүгээ хөлийн хурдаар жирийлээ. Тэг дөрвөлжин, хүнд гэж жигтэйхэн зурагтаа жижигхэн ширээн дээрээ эвтэйхэн засаж тавьчихаад асаалаа. Өнөөх залуусын хэлснээр бол үдээс хойш 17 цагийн орчимд алтан медалийн төлөө барилдах гэнэ. Тэсэн ядан хүлээсээр цаг ч боллоо.

Манай залуу жижигхэн юм аа, өрсөлдөгчөөсөө. Аскат Житкеев гэж авдар шиг цээжтэй, дөрвөлжин эрүүтэй казахстан жүдоч одоогоор бол “Манчестер Юнайтед”-ын хамгаалагч Харри Магуайртай төстэй маягийн эр байна.
 


Н.Түвшинбаяр тэр хавраа Парисын “Их дуулга”-д түрүүлчихсэн, аймгийн начин цолтой байсан юм. Хүмүүсийн ярих нь “уран” гэдэг. Би барилдааныг нь тогтож харж байгаагүй болохоор яг ямар мэх хийхийг тааж мэдэх юм алга байлаа. Олимпын эхний өрсөлдөгч нь домогт Кэйжи Сүзүки. Сүзүкиг давхар хамж дайраад цэвэр ялчихсан сурагтай. Алтан медалийн төлөөх барилдаанд манай хүн өмслөө, дахиад ч өмслөө. Цаана нь Монголын спортын хамгийн хэцүү үед жүдодоо үнэнч үлдсэн хуруу дарамхан бөхчүүдийн нэг Халиуны Болдбаатар дагаж өмсөж буй мэт хөдөлгөөн хийнэ. Н.Түвшинбаяр өмсөөгөөрөө үнэлгээ авлаа. Ёоо, гар салганаж, аманд ямар ч шүлсгүй болчихсон мэт болсноо зурагтаас уяатай нүд маань бараг анивчихаа мартжээ. Яллаа!!!
 


Энэ тэнгэр минь муу хүүгээ хорвоод мэндлэхэд хоёр хөл маань өөрийн эрхгүй суун тусаад өндийсөн шиг яг өвдгөөрөө нугарч байна шүү. Энэ удаад босъё гэж бодсонгүй ээ. Зурагтынхаа өмнө сөхөрсөн чигтээ хэсэг суулаа. Нүдэнд нулимс цийлэгнэж, хэдэн арван жилийн турш Монголын гайхамшигт тамирчдын хөлс хүч, амь амьдрал шингэсэн Олимпын дэвжээнээс алтан медаль ингэж хүртэх гэж! хэмээн бодох тусам дотор хачин болно.

Үндэсний телевизийн сэтгүүлч н.Баярсайхан нулимсаа нуулгүй, хоолой нь зангиран “Бид Олимпын аваргатай боллоо!” гээд орилоод уйлаад байхаар дагаад нулимс гоожихгүй гээд ч яахав. Шанагаар биш юм гэхэд хоолны халбагын дайтай нулимс онигор нүднээс огцом бүлтрэн гараад хүрэн бор арьсан дээгүүр хурдан шаламгай уруудлаа.
 


Н.Түвшинбаяр Булганы Сайханы залуу. “Аварга” дээд сургуулийн бүтээгдэхүүн. Нэг хэсэг “Аварга”-ын дотуур байранд улсын арслан Х.Мөнхбаатар нарын зэрэг бөхчүүд байрлаж байхад хамт байсан хүү л дээ. Х.Мөнхбаатарын өвдөг айхавтар гэмтээд МҮБХ-ноос тусламж болгож цөөн хэдэн төгрөг олгохоор болоход Н.Түвшинбаяр үүрч очиж байсан юм. “Олимпын аваргад үүрүүлсэн улсын арслан” гээд хожим бичиж л байлаа.

Интернэт тухайн үед хурд нь хөөрхий 512 л байсан болов уу. 256 байсан байж мэднэ. Маргааш нь гүйж гараад урд байдаг Интернэт кафед орж, Н.Түвшинбаярын медаль хүртсэн интернэт дэх зургийг бичгийн цаасан дээр принтэрлүүлж аваад ханандаа наачихлаа. Тэгээд зургийнх нь өөдөөс хараад  эрхий хуруугаа гозолзуулж ярилцах нь холгүй болсон юмдаг. Бараг үнсэх ч дөхсөн байх.
 


Тэгж зурагтай үнсэлцэх хүсэл төрөхийн өмнөх орой юу болсныг бичье. Орой 19 цагийн үед юм даа, Сүхбаатарын талбай орлоо. Улсын начин Увсын Баянмөнхтэй таарлаа. Инээд алдчихсан жигтэйхэн явна. Тэр орой Сүхбаатарын талбай дүүрч, талбайг тойрсон замаар залуус Төрийн далбаагаа намируулан хашхирах нь хашхирч, уйлах нь уйлж олон удаа тойрцгоож билээ. Уг нь тэд нар бүгдээрээ дүрэм зөрчөөд байгаа юм. Гэвч замын цагдаа ч гэсэн хүн шүү дээ, зүв зүгээр инээмсэглэн явуулж, ерөнхийдөө зөвхөн баярлах л ёстой гэсэн дүрэм тэр оройжингоо үйлчилсэн.

Би яахав, нэг зурагчингаас гуйгаад зургаа дарууллаа. Хамгийн гайгүй хувцсаа өмсөөд гарсан хүн дажгүй л гарсан байдаг юм. Ер нь тэр орой тааруухан хувцастай байтугай хувцасгүй ч байсан хүмүүс огт тоохгүй танихгүй нэгэнтэйгээ гар барьж, тэврэлдэхээр байсан. Монголчууд хэзээ тийм байлаа даа. Үргэлж бодлоо нуудаг, дотогшоогоо зангаасаа болоод дуугаа хураан, хөмсгөө зангидаж явдаг социализмын бүтээгдэхүүнүүд маань тэр өдөр маасайтал инээж, баяр баясгалантай тэврэлдэж, хачин нээлттэй хамтдаа жаргаж билээ. Тэр алтан медаль тэгж монголчуудыг нэгтгэсэн юм.
 

Найдангийн Түвшинбаяраас өмнө олон гайхамшигтай сайн тамирчид маань олимпын алтан шаргал медалийн төлөө амьдраад, тэмцээд бараагүй учраас мөн ч алс холын юм шиг санагдаж байж билээ. Тэгтэл Н.Түвшинбаяр хэмээх залуу алтан медалийн төлөөх барилдаанд ялчихаад үсэрч дэвхцэж ч баярлалгүй, хоёр гараа алдлан дээш өргөсөн сэтгэлд дотно, сайхан санагдсан. Энэ залуу хожим юу хийсэн, яасан нь наймдугаар сарын 14-ны тэр өдөртэй хамаагүй. Заавал тэрийг нааж авчирч муулаад ч яахав. Зүгээр Монгол түмний магнайг тэнийлгэснийг нь л өнөөдөр дурсая.

Өргөн тал шигээ сэтгэл уужирч баярласан би үдэштээ умгар өрөөндөө ороод хэвтэхэд орилж бахирч байдаг хажуу айлууд маань хаха хөхрөлдөн баярлан цэнгэж, Тамирчны алдар дууг шөнөжингөө солгой зөв хоолойгоор солонгоруулан дуулж билээ.

Өнөөдөр Монголын анхны олимпын аварга мэндэлсэн өдөр!
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polkmnoipk(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
хеерхий дее(94.30.134.189) 2025 оны 08 сарын 25

тамирчны ялалт хямдхан олдоогуй ээ.бахархам ч гунигт тегсгелтэй хайран залуу

0  |  0
Зочин(202.126.89.26) 2025 оны 08 сарын 25

Ай хөөрхий сайхан дурсамж сайхан цаг залуу ч байж. Би балкон дээрээ гарч яллаа гэж орилсон чинь миний ханьтай хүүхдээ хамт салхилуулдаг хүүхэн танай нөхөр аймаар сэтгэлийн хөдөлгөөнтэй юумаа гэсэн гэдэг ккк.

3  |  0
S(66.181.179.115) 2025 оны 08 сарын 14

SEXSEER VANXANDI BOOW XXOOD ANUSDAAD80955877

0  |  0
Оогий(202.9.46.251) 2025 оны 08 сарын 15

Хар архийг 7 хоногт 3 хоног зарахгүй байвал болохгүй юу ?

1  |  0
Оогий(202.9.46.251) 2025 оны 08 сарын 15

Хар архийг 7 хоногт 3 хоног зарахгүй байвал болохгүй юу ?

1  |  0
Top