Монгол судлалын талаархи тогтоолын төслийг хэлэлцэхээр болов

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар О.Баасанхүү гишүүний санаачлан боловсруулсан Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдлээ. Тогтоолын төслийг Монгол судлалыг шинжлэх ухааны тэргүүлэх салбар болгон төрийн ивээлд хөгжүүлэх, олон улсын Монгол судлаачдын шинэ залуу халааг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Шинжлэх ухааны Академийн харьяа Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэнгүүдийг нэгтгэн Монгол судлалын Үндэсний Академи байгуулан цаашид энэ чиглэлээр судалгаа хийдэг Төрийн бус байгууллагууд эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулж, Засгийн газраас төлөвлөгдсөн “Монгол судлалыг дэмжих сан”-гаас үйл ажиллагааг нь санхүүжүүлж байхаар боловсруулсан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд энэ асуудалд анхаарал хандуулан хэлэлцсэн бөгөөд тогтоолын төсөл санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү Олон улсын монгол судлалын холбоо Монгол судлалыг таниулах, өвлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ч 15 жилийн хугацаанд таван жилд нэг удаа хурал зохион байгуулснаас өөр дорвитой үйл ажиллагаа явуулаагүй. Тэр утгаар Монгол Улс өнөөдөр гадаадын судалгаан дээр суурилж, эсвэл тэдний гаргасан зүйлийг орчуулж монгол судлалаа ойлгох биш харин монгол судлалын үндсэн төв нь монголдоо суурилж монголд хүмүүс ирж судалгаа хийдэг байх, бид гадныхнаас зөвхөн мэдээлэл авдаг байдлаар судалгааг Монгол Улсад илүү төвлөрүүлээсэй гэж хүсэж байгаа тухайгаа тайлбарлан хэлж байлаа. Ингээд гишүүдийн олонх Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг санаачлагчид нь буцаах тухай Байнгын хорооны саналыг дэмжсэнгүй.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top