УИХ-ын гишүүн Р.Бурмаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.
Тэрбээр дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11,5 дахь хэсэгт гишүүний бүрэн эрхийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоол батлахаар тусгасан нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын шийдвэрээр бус тодорхой үйл явдал болсноор /тангараг өргөснөөр/ УИХ-ын гишүүний бүрэн эрх эхлэх тухай Үндсэн хуульд тусгайлан заасан байхад УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар уг асуудлаар буюу УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлаар заавал УИХ-ын тогтоол гаргасан байхаар заасан нь Үндсэн хуулиар тогтоогдоогүй нэмэлт хэм хэмжээ болсон юм байна. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрх эхлэх мөчийг Үндсэн хуульд нийцүүлэн Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлдэг байхаар буюу бусад гишүүний субьектив санаа зорилгоос ангид байлгаж, УИХ-ын тогтоол батлахгүйгээр Үндсэн хуульд нийцүүлэх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )