Ц.Оюунгэрэл: Аймаг, сумын наадмуудаа брэнд болгох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

Цахим уулзалтын үеэр иргэд аялал жуулчлал, спорт, чөлөөт цаг, музей, үзмэрийн гээд олон салбарын асуулт тавихын зэрэгцээ ажил хэрэгч санал ч цөөнгүй хэллээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юуны өмнө аялалын маршрут бүхий аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, аймаг бүр аялалын онцлог бүхий брэндтэй болох нь чухал. Үндэсний их баяр наадмын үеэр жуулчид олноороо ирдэг. Гэвч наадмын билетийн үнэ хаданд гардгаас эхлээд шийдвэрлэх асуудал их гэдгийг иргэд салбарын сайдад тавьсан юм. “Баяр, наадам ганцхан нийслэлд төвлөрөх бус аймаг, сумын наадмуудаа брэнд болгох хэрэгтэй. Адаглаад л аймгийн наадмууд жил бүрийн хэдэн сарын хэдэнд хийгдэх нь тодорхой байх ёстой” гэсэн хариултыг Ц.Оюунгэрэл сайд өглөө. Уулзалтын үеэр аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээс жуулчид багатай үедээ ямар нэгэн сайн дурын буяны хандив өргөж байхын зэрэгцээ, жуулчлалын бүс нутгийн иргэдэд хандсан сурталчилгаа, таниулга хийх нь чухал гэсэн санал гарлаа.

“Тиранозаурус Батаар” –ын хувьд энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монголд хэрхэн авчрах, тээврийн зардлыг тооцох асуудлыг хэлэлцэнэ. 4 дүгээр сарын 16-17 өдрүүдэд Монголын талаас АНУ-д очиж, Батаарын ясыг тоолж, бүртгэлжүүлэхээр болсон байна. Монгол Улсын хувьд үлэг гүрвэлийн музей байгуулах нөөц, бололцоо бий. Хууль ёсоор болон хууль бусаар хил давсан олон үлэг гүрвэлийн яс байгаа. 1987 онд Европын орнуудад дэлгэгдэхээр гарсан Монгол Улсын үлэг гүрвэлийн үзэсгэлэн эх орондоо буцаж ирээгүй байна гэдгийг ч Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл цахим уулзалтын үеэр онцоллоо. Монголд үлэг гүрвэлийн 10 музей байгуулах боломжтой юм байна.

Спортын салбарын тухайд өвлийн спортыг хөгжүүлэх, түүний тулд жилийн 4 улиралд бэлтгэл сургуулилт хийх боломжтой спортын ордонтой болох шаардлагатай гэдгийг иргэд хэлж байлаа. Мөн спорт, соёл урлагаар дамжуулан хүүхдийг багаас нь төлөвшүүлэх ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж, бага ангийн хичээлийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй гэх саналыг “Өглөөний шинэ санаа”-д дэвшүүлсэн юм.

Энэ удаагийн “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтыг 2500 гаруй иргэн сонирхжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 06 сарын 20

Ho ho, who woluda thunk it, right?

0  |  0
Top