УИХ-ын 26 дугаар тойргийн дахин санал хураалт маргааш болно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр нарын дунд УИХ-ын гишүүний суудлын төлөөх дахин санал хураалт болно. Өнгөрсөн жилийн сонгуулиар АН-ын нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 26.9 хувийн, МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.1 хувийн санал авч гурав, дөрөвт эрэмбэлэгдсэн тул дахин сонгууль явуулахаар болсон юм. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогчдын 28 хувийн санал авч байж УИХ-ын гишүүн болох ёстой юм байна.

Тэгэхээр энэ удаагийн дахин сонгуулиар УИХ-ын танхимд сууж буй 74 гишүүн дээр хэн нь нэмэгдэх нь тодорхой болно. Ямартаа ч энэ удаагийн санал хураалтаар АН-ын гишүүн Л.Эрхэмбаяр ялалт байгуулвал УИХ-д суугаа АН-ын гишүүд 35 болох юм. Хэрвээ Д.Сумъяабазар ялалт байгуулвал МАН-ын гишүүдийн тоо 25 болох бөгөөд сөрөг хүчний хүч нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс дахин санал хураалтын үр дүнд аль намын гишүүн ялалт байгуулахыг харах л үлдлээ. Багагүй хугацаанд олны анхаарлыг татаж байсан энэ асуудал маргааш болох дахин санал хураалтаар эцэслэн шийдэгдэх бөгөөд Сонгинохайрханчуудыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалжээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top