“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван: Бурхан Халдун хамаг Монголчуудын шүтээн учраас онцгой хамгаалах ёстой

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

“Зууны мэдээ” сонин Монголчуудын түүх, соёлын хосгүй дурсгал Бурхан Халдун уулыг онцгой хамгаалалттай болгох санал дэвшүүлж, олон нийтэд хандан уриалж байгаа билээ. Энэ сэдвээр “Цагаан шонхор” компанийн захирал Ч.Энхтайвантай ярилцлаа.

-Та улс төрөөс завсарлага авч, Хэнтийн тойргоос нэрээ татан чимээгүй болсон. Харин манай сониноос саяхан Бурхан Халдуныг хамгаалъя сэдвээр зарласан хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн нь анхаарал татсан. Тэгэхээр таныг улс төрийг орхиж, харин нутаг усаа хамгаалахын төлөө үг хэлж үзэл бодлоо уралдуулахаас хойш суухгүй хүн гэж ойлголоо. Хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан саналаа жаахан тодруулна уу?


-Би Хэнтий аймагт төрж өссөн хүн л дээ. Бурхан Халдун уул анх төрийн тахилгатай болсноос эхлээд сүүлийн хэдэн жил ёслолын ажиллагааг ивээн тэтгэж ирсэн. Гэхдээ Бурхан Халдун зөвхөн Хан Хэнтийхний бус хамаг Монголчуудын шүтээн. Хэн хаана төрсөн гэдгээс үл шалтгаалж, хамаг монголчууд, дэлхийн монгол угсаатнуудын тахиж шүтэж ирсэн шүтээн уул нь юм.

Эзэн Чингис хаанаас хойш үе үеийн дээдсүүд оройн дээд шүтээн гэж үзэн хүндэтгэл үзүүлж, хэдэн зуунаар дархлан хамгаалж ирсэн байдаг. Хайрхан уул болон тэр хавийн нутаг Монголын Эзэнт гүрэн, монголчуудын түүхтэй салшгүй холбоотой. Шүтээн гэж байдаг бол түүний оройн дээд нь, өвөг дээдсийн маань дээд шүтээн өндөр дээд Бурхан Халдун хайрхан гэж түүх сурвалжид хүртэл тэмдэглэн үлдээсэн байдаг шүү дээ.

Энэ хайрханы талаар “Монголын нууц товчоо”-д ч олонтаа дурьдагдсан. Бусад түүхэн сурвалжууд ч бий. Тэр талаар болон хожмын түүхч, судлаачдын бүтээл, дэвшүүлсэн санал, бичиж тэмдэглэснийг яривал маш их юм бий. Товч хэлэхэд, би түрүүнд ч бас ярьсан. Бурхан Халдун бол хамаг монголчуудын оройн дээд шүтээн юм. Чингис хааны хэлсэн үг бий, “Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул” гэж. Гурван мөрний эх нь Бурхан Халдун уул. Бусдыг бүү нутаглуул гэдгийн учир нь харийн хүмүүсийг бүү очуул гэсэн үг. Энэ үгийн утгыг одоо орчин үед аваад үзэхэд буруу санаатан, бусармаг хүмүүсийг хол байлга гэж ойлгож болно. Тиймээс танай сонины хэлэлцүүлэг явуулна гэсэн зарлалыг хараад очсон юм.

Мөн та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж байна. Хайрхан уулаа дархан цаазат, төрийн тусгай хамгаалалттай газар гэсэн статусаар хамгаалах бус онцгой хамгаалалттай байгаасай гэж хүсч байна. Хамгаалалтын хэлбэр нь дотоодын цэрэг байгаасай, тэгж байж хамгаалалт жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж бодож байна. Яагаад гэвэл, тэр бол өвөг, дээдсийн маань Их хориг учраас түүх, соёлын олон асуудалтай холбоотой.

-“Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул” гэсэн эцэг, өвгөдийн гэрээслэлтэй. Нөгөөтэйгүүр тийш нь аялал, жуулчлал хөгжүүлэх нь хэр оновчтой бол?
-Олон хүний хөлөөр талхлаад байх газар биш. Гэхдээ монголчуудаа бол хорьж, цагдаж дийлэхгүй шүү дээ. Тэр чинь хамаг монголчуудын шүтээн. Тийм учраас Босго тэнгэрийн даваанаас цааш хүмүүсийг оруулахаа болих хэрэгтэй. Ийм шийдвэр гаргахад эсэргүүцэх нэг ч монгол хүн гарахгүй гэж бодож байна. Босго тэнгэрийн даваанаас цааш орлоо гэхэд зөвхөн төрийн тахилгад оролцох эрх бүхий хүн, Төрийн тэргүүн тусгай зөвшөөрлөөр, мориор нэвтэрдэг байх хэрэгтэй. Түүнээс биш машин оруулж болохгүй. Олон удаагийн тахилгад оролцохдоо харж байхад тэнд очсон машинууд байгалийг нүдэн дээр сүйтгээд хаячихдаг юм билээ. Замын бартаа ихтэй, ширэнгэ ойтой газар өөдөө гарах гэж тал талаас нь зүтгэсээр олон ч машин суудаг. Ингээд газрын хөрсийг ухаж, бургас модыг нь хугачаад хаячихдаг. Тэр байдлыг зогсоохгүй бол маш аюултай. Нэмж хэлэхэд нэг тахилга боллоо гэхэд очсон хүмүүс маш их хог хаядаг. Ийм учраас Босго тэнгэрийн даваанаас цааш явуулмааргүй байгаа юм. 

-Хэнтий аймаг ганц Бурхан Халдун уул ч бус ширхэг чулуу хүртэл түүх өгүүлэх нутаг. Тэмүүжинг хамаг Монголын Чингис хаанаар өргөмжлөн хаан ширээнд залсан түүхт Хар зүрхний хөх нуур, Гурван мөрний эхэн буюу Монголын цэвэр усны хагалбар, Чингис хаан, Жамух хоёрын анд бололцсон газар бүгд тэнд бий. Ингээд ярихаар аялал, жуулчлалыг зайлшгүй хөгжүүлэх шаардлага гарч ирээд байна?
-Түүх, судалгааны чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Тухайлбал, Өвөрмонголчууд Чингисийн онгон нэртэй аялал, жуулчлалын асар том цогцолбор байгуулчихсан. Тийшээ жилд олон сая хүн зорьж очдог. Гэтэл тэнд түүхт гол газрууд байхгүй. Тэгвэл бид түүн шиг цогцолбор байгуулж болно. Музей байгуулж болно. Зан үйлийг сэргээж, ёс заншлаа харуулсан үзмэрүүдийг дууриалган хийж болно. Заавал түүхт газар дээрээ олон зуун хүн аваачиж талхлуулаад, эсвэл ухаж төнхүүлээд байх шаардлагагүй. Гэтэл таны түрүүнд нэрлэсэн Хар зүрхний хөх нуурын яг эрэг дээр аялал, жуулчлалын газар байгуулж байгаль орчныг сүйтгэж байгаа юм билээ. Тэдгээрийг түүхт газраас зайтай байлгамаар байгаа юм.

Жишээ нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө арал бол “Монголын нууц товчоо” анх бичигдсэн, анхны их хурилдайнууд болсон түүхт газар. Тэнд барилга байшин барих бус хамгаалах ёстой. Харин аймгийн төвийнхөө хойд талд цогцолбор байгуулж болно шүү дээ. Энэ талаар Засгийн газраас гаргасан тогтоол бий. Аймгийн удирдлагууд ч ийм байр суурьтай ажиллаж байгаа юм билээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэд Чингис хааны цогцолбор байгуулах комисс байгуулагдан ажиллаж байгаа. Гол нь Чингис хааныхаа цогцолборыг Өвөрмонголынхоос дутуугүй байгуулж, гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий.

Мөн түүнээс гадна залуучуудаа эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэхэд ихээхэн нөлөөтэй. Солонгосын кинонуудыг харахад залуучуудынхаа үндэсний үзлийг сэргээхэд их анхаарч байна. Тэр нь үндэсний үзэлд нь, цаашид хөгжиж дэвшихэд нь ихээхэн үр нөлөө үзүүлж байна. Гэтэл нарийн яривал Солонгосын түүх Хүннү нарыг ялж байсан гэх сурвалжууд байхгүй, бүгд зохиомол. Гэтэл Монголын түүх баримттай, түүхэндээ хамгийн олон эзэнт гүрнийг байгуулсан улс.

Монголчуудын хамгийн сүүлчийн Эзэнт гүрэн гэхэд Энэтхэгт 1520-оод онд байгуулагдаж 200 жил оршсон Их Моголын Эзэнт гүрэн гэж бий. Их Монгол Улсаа дахин сэргээх гэж байгуулсан нь гадныхны хэлэнд сунжирч Их Могол болсон түүхтэй. 1720 он хүртэл оршин тогтнож байсан. Тэр үед Монголын Жаахан Шах Жахан хаан Таж Махалыг байгуулсан түүхтэй. Моголын Эзэнт гүрний үед дэлхийн хамгийн тансаг орд харшуудыг байгуулсан. Тэр нь Версиалын хаадын ордноос хавьгүй илүү байсан. Тухайлбал, Улаан цайз байна. Тэгэхээр тийм түүхтэй байж бид түүгээрээ залуучуудаа хүмүүжүүлвэл ирээдүйдээ итгэх, өөрсдөөрөө омогших, өвгөд, дээдэс түүх соёлоороо бахархах, түүнээсээ эрч хүч авч улс орноо хөгжүүлэх, улс орон, үндэстнийхээ төлөө зүтгэх үзлийг төлөвшүүлэхэд нөлөөтэй юм. Тиймээс аялал жуулчлал гол биш, тэр бол хоёрдугаарт, гуравдугаарт орох асуудал. Дахин хэлэхэд түүхт газрууд дээрээ очиж, барилга байшин барьж, газар шороог нь ухаж төнхөж болохгүй.

-Тэгвэл судалгаа, шинжилгээний ажил явуулахад ямар зарчим баримтлах ёстой бол?
-Бурхан Халдунд гадаадын ямар ч судалгааны анги, археологийн багуудыг ажилуулах, тийш нь нэвтрэх зөвшөөрөл өгч болохгүй. Тэд Монголын түүхч, археологичдоос илүү Бурхан Халдуныг судална гэж байхгүй. Төрийн зүгээс зайлшгүй судлуулах шаардлагатай гэж үзвэл түүх, археологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэсэн баг байгуулж ажиллуулах хэрэгтэй. Гадаадын судлаачид оролцуулъя гэж байгаа тохиолдолд тэднээс авах нэг л юм бий. Тэр нь техник, технологи, геофизикийн багаж төхөөрөмжүүд юм. Түүнээс өөрөөр гаднын хүмүүсийг тийш нь оруулах шаардлагагүй.

Бас нэг асуудал бол судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагуудад нь өгөхгүй бол аль нэг яамны улстөржсөн, ашиг хонжоо харсан түшмэл шийддэг байж таарахгүй. Тэгээд ч өвгөд, дээдсийнхээ ясыг өндөлзүүлж, амар амгаланг нь алдагдуулж булш бунхан хайх гэх мэт асуудал байж болохгүй. Бид нүүдэлчин ард түмэн. Суурин соёл, иргэншилтэй улс орнууд эцэг, дээдсийнхээ булш бунхныг ухаж гаргаад үзмэр болгож мөнгө төгрөг олж ирсэн өвөрмөц зан үйл бий байх. Манайд эртнээсээ тийм байгаагүй. Цаашид ч тэгэх шаардлагагүй. Эцэг, өвгөд маань энэ сайхан байгалийн баялагтай газар нутгийг бидэнд үлдээсэн байна. Түүнийг нь зөв зарцуулж чадахгүй байж заавал өвгөд, дээдсийнхээ булш бунхныг гаргаж ирж, яс үсийг нь өндөлзүүлж мөнгө олно гэдэг юу гэсэн үг вэ. Өвгөдийнхөө ясыг өндөлзүүлж, сүнсийг уурлуулж болохгүй. Их хориг их хоригоороо үлдэх учиртай.

-Таныг түүх судалж, Монголын болон нутаг орныхоо түүхийг бодитоор мэдэж авъя хэмээн 1990-ээд оны эхээр энэ салбарын нэртэй эрдэмтдийг амьд сэрүүн байхад уулзаж ярилцаж байсан гэж дуулсан. Тэд юуг чухалчилж захиж байсныг сонирхмоор байна?

-1990-ээд оны дундуур би Чингис хаан судлалын олон улсын төв, Чингис хааны дурсгалыг судлах цогцолбор санг байгуулсан юм. Тэр ажлын хүрээнд Монголын нэртэй түүхч, судлаачид, эрдэмтэн мэргэдээс гадна дэлхийн монголч эрдэмтэд бидний зохион байгуулсан хурал, чуулганд оролцож байсан. Тухайн үед дэлхийн сор болсон эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцах завшаан тохиосон. Академич Н.Ишжамц, Ч.Далай, Чой.Лувсанжав нарын нэрт эрдэмтэд байсан. Цагийн аяс, насны жамаар олонхи нь бурхны оронд заларсан байна. Тэр үед би залуу ч байж Чингис хааны онгоныг олчих юм сан, Европынхон шиг том музей байгуулах сан. Тэгвэл улс орны эдийн засаг, нэр хүндэд хэрэгтэй гэж бодож, тэр талаар ярилцаж санал солилцож байхад Монголын төдийгүй, дэлхийн монголч эрдэмтэд “Болохгүй. Танай соёлд харшилна.

Нөгөөтэйгүүр, та бүхэн их хааныхаа онгоныг оллоо гэхэд хамгаалж чадахгүй” гэж хэлж захиж байсан. Түүнээс хойш би тэр бодлоо орхисон. Одоо тэгж бодож байгаа хүн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Би танай сониноос зарласан хэлэлцүүлэг дээр ч хэлж байсан. Дахиад ч хэлье. Өнөөдөр та бид Занабазрын музейгээсээ л тэр их хүний бүтээсэн бурхнуудыг алдаад байгаа биз дээ. Тэгэхээр яаж хамгаалах юм бэ. Музейн дарга, ажилчид нь алдаж асгаад, хольж солиод бужигнуулаад байгаа биз дээ. Тэр бүү хэл тэр том динозаврын араг яснуудыг гадагшаа алдчихаад байна шүү дээ. Ийм байхад их хааныхаа онгоныг олчихлоо гэхэд алдагдах, солигдохыг байг гэхгүй. Тиймээс болохгүй юм байна гэдгийг би хатуу ойлгосон.

Дэлхийн сор болсон агуу том эрдэмтэд бүгд тийм байр суурьтай байж, түүнийгээ ч хэлж захиж байсан. Энд тэнд их хаадын булш бунхан байна гээд зарлахад түүнийг гадаад, дотоодын тонуулч, дээрэмчдээс хамгаалах боломж алга байна шүү дээ, Монголд. Нисдэг тэрэг хөлөглөсөн зэвсэгт бүлэглэлүүд дайраад ороод ирэхэд бүх зүйл дуусна. Тиймээс дотоодын цэргийн хамгаалалт хэрэгтэй байгаа юм.

Ч.Үл-Олдох

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bor(202.179.15.26) 2013 оны 04 сарын 15

sanal neg bn. neeren solongos kino arai hydlaa aguu haan aguu janjin geh shig dersen shaahaitai yumnuud bj . harin bidnii ovog deedes jinhene aguu haan janjid baisan shuu dee.edniihee tuhai goe serial kinonyyd hiimeer yumaa.

0  |  0
unen (202.72.247.249) 2013 оны 04 сарын 15

sanal niilj bna hamaagui hun orood ochood bdag gazar bish shuuu

0  |  0
Top