Засгийн газрын өнөөдрийн (2024.12.30) ээлжит бус хуралдаанаас Төрийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулж баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг ажиллуулах шийдвэр гаргалаа.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаан энэ сарын 24-нд болж, тус хорооны ажлын албаны ажиллах журам, үндэсний хорооноос ойрын хугацаанд яаралтай хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж холбогдох яамдаас санал авах ажлыг зохион байгуулж байна. Мөн үндэсний хорооны гишүүн байгууллагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдааныг 2025 оны эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ноцтой аюул учруулах нөхцөл үүсгэж байгаа тул дээрх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Эдгээр асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм. Утаа, түлш зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцох, эдгээртэй холбоотой шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгууллаа. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга хийх юм.
Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос эрдэмтдийн зөвлөлийг байгуулж шийдлийг танилцуулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, автомашинаас агаарын чанарт үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, Евро-5 шатахууны талаар, дулаалгын шийдлүүд зэрэг тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )