УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дага Д.Энхтуяа УИХ-ын өнгөрсөн болон шинэ долоо үйл ажиллагааны тоймыг сэтгүүлчдэд хүргэдэг уламжлалын дагуу УИХ-ын хаврын чуулганы эхний долоо хоногийн мэдээллээ өнөөдөр хийлээ.
УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганы хоёр дахь долоо хоногт УИХ урьдын адил ихээхэн ачаалалтай ажиллах төлөвтэй байгааг тэрээр онцоллоо. Тухайлахад, өнөөдөр хуваарь ёсоор намын бүлгүүдээс гадна 4 ажлын хэсэг хуралдах бол мягмар гарагт 4 байнгын хороо, лхагва гарагт 3 байнгын хороо хуралдана. Маргааш болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар олон нийтийн шүүмжлэлийг байнга дагуулж байдаг Сургалтын төрийн сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, гадаадад суралцагчдын зээл, түүний эргэн төлөлтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн мэдээлэл сонсоно.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар олны анхааралд байгаа Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудал; мөн Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Эдийн засгийн байнгын хороо Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Хууль зүйн байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай, Мөрдөх албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Маршалын албаны тухай, Гүйцэтгэх ажлын тухай зэрэг хуулийн төслүүд болон тэдгээрийг дагалдуулж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгааг дуулгав.
Мөн УИХ-ын даргын захирамжаар чуулганы нэгдсэн хуралдааны цагийг өөрчилж, үдээс өмнөх хуралдааныг 9-12, үдээс хойш 12-17 цаг хүртэл хуралддаг болсныг онцлоод энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудал; Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хууль сахиулах байгууллагын эрх зүйн шинэтгэлтэй холбогдуулж Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөснийг хэллээ.
Түүнчлэн сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга З.Энхболд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нартай холбоотой “З.Энхболд, Х.Баттулга нар засаг булаацалдаж эхэллээ” гэсэн агуулгатай бодит үнэнд үл нийцсэн, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацагдаж байгаатай холбогдуулан тус хэлтсээс хэвлэл, мэдээллийн нийт байгууллагын удирдлагуудад хандаж албан тоот илгээснийг дурдаад аливаа мэдээлэл нь бодит үнэнийг агуулсан, эх сурвалжийн нотлох тайлбар, баримттай байх ёстой. Иймээс хэвлэл, мэдээллийн байгууллагууд ийм гүтгэлгийн чанартай мэдээлэл нийтэлж нэвтрүүлэхгүй байж мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж ажиллахыг сануулав. Мөн удахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уулзалт Төрийн ордонд болох гэж байгаа тул УИХ-ын даргын санаачлагаар тэдэнд зориулсан налуу замыг бий болгох гэж буйг дуулгав.
УИХ-аас өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэсэн зарим хууль тогтоомжийн талаар Д.Энхтуяа дарга сэтгүүлчдэд товч танилцуулсан юм. Тухайлахад, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоол батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар боллоо. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 15.8 тэрбум төгрөг зарцуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос оруулсан саналыг дэмжлээ. Гэхдээ сонгуулийн зардлын хэмжээг үндэслэл муутай байна гэсэн гишүүдийн шүүмжлэлийн дагуу сонгуулийн зардлын төлөвлөлт, явц, гүйцэтгэлд аудит хийлгэх нь зүйтэй гэдгийг сонгуулийн төв байгууллагын удирдлагад анхааруулсан гэдгийг хэллээ. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр явуулах дахин санал хураалтын зардлын дээд хэмжээг 397.4 сая төгрөг байхаар баталсан. Энэ үндсэн дээр дахин санал хураалт өчигдөр болж, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар 50 гаруй хувийн саналаар ялсан мэдээтэй байгаа ч санал хураалтыг 22 цагт дуусгах байтал 20 цагт дуусгаж хууль зөрчсөн байж болзошгүй тухай яригдаж буйг тэрээр дуулгалаа.
Мөн УИХ-аас өнгөрсөн онд баталсан Шүүхийн тухай багц хуулиуд өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хуулиар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл тус тусдаа удирдлагатай байхаар болж буй учраас хуучин хуулийн дагуу шинээр томилогдох Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулсан тухай дурдлаа.
Сэтгэгдэл ( 0 )