Хэн дургүй байна вэ, та хариул!

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

      Амжилт бүтээл хоёрын ард сүг сүүдэр шиг дагаж явдаг нэг айхтар “нөхөр” бий. Алдартай. Амьдрал дээр түүнийг “хар” ба “цагаан” гэж ялган ярих нь бий. Гэвч яг үнэндээ цав цагаан ийм “нөхөртэй” таарсан хүн үзээд өгье гэсэн ч гардаггүй. Ялангуяа монголчууд бидний дунд ийм цагаан “нөхөр” тун ховор. Ихэнхдээ үлгэр домогт хааяа өгүүлсэн байх нь бий. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн юм.

    Ингэхэд энэ нөхрийн нэрийг “Атаархал” хэмээнэ. Атаа, жөтөө ч гэж дуудах нь бий. Агуулга нь адилхан байдаг учраас аль алинаар нь дуудсан ч ав адилхан ойлголт төрүүлдэг. Мөн энэ нөхөр хүн бүрийн зүрхний ховдол, тархины үрчлээс хоёрт тун гүнзгий тухалж, лаглайтал сууж авсан байдгаараа онцлогтой. Ер нь байнга сэргэлэн цовоо харайж явдаг нөхөр биш. Ихэнхдээ унтаж байдаг. Харин таны хажуугийн нөхөр, хөрш айл, анги хамт олон, баг, бүлэг амжилт гаргаад эхэлбэл энэ нөхөр ухасхийн босч, өөрийн үндсэн ажилд ханцуйгаа тохойгоо өнгөртөл шамалж байгаад яаравчлан ордог. Түүнийг хар атаархал гэнэ. Энэ нөхөр намайг ёстой байж суух газаргүй болгодог. Бушуухан шиг надаас илүү гарсан, надаас ихийг хийсэн, надаас давуулж амжуулсан нөхрийг даян дээрхээс далайн ёроолд унагах вэ гэхдээ хэдэн арван шөнийг нойргүй тарчилж, хэрзийтлээ туран нүднээс гарах нь юу ч биш.  Тэр ч бүү хэл санасандаа хүрч, шавайгаа хангаж чадахгүй бол гутарч гунисандаа өөрийгөө өндөр модны мөчрөөс зүүчих явдал ч гардаг.

    Ажаад байхад хар атаархлын мөн чанар увайгүй зүйлсээр үнэхээр дүүрэн байдаг. Юуны өмнө амжилт гаргасан нэгнээ үзэн ядаж эхэлнэ. Ямар сайндаа алдарт Гёте, “Атаархал, үзэн ядалт хоёр ихэр юм” хэмээн хэлсэн байх вэ дээ. Урвах шарвах, увайгүй загнах, урдаас нь нулимах, араас нь хутгалах, доогуур нь нүх ухах, дээрээс нь шахах энэ тэр гээд есөн жорын түмэн арга хэрэглэнэ. Өөрөөсөө доогуур зиндаанд аваачихын төлөө алаан хядаандаа тулах нь ч бий. Өөрөө ч их зовно. Өрөөл бусдыг ч амраахгүй. Шаналгана. Тэрбээр бусдынхаа амжилтыг харж, өөрийнхөө чадаагүйд хорсохдоо бүтэж үхэх шахан харайж явдаг.

     Өнөөдөр Монгол ардын нам яг ийм дүртэй байна. Тэд сонгуулийн дараа ялагдлынхаа шокноос гарч чадахгүй нэг хэсэгтээ манарч явсныг үгүйсгэх хүн гарахгүй байх. Тиймээс өндгөө алдсан тогоруу шиг хэсэг ганганалдав. Үсээ үгтээв, үгээ барав. Өвөр хоорондоо ч хэрэлдлээ. Харин бүлэг энэ тэр нь байгуулагдсанаас хойш жаахан сэхээ авч, ичэгсэд ичээнээсээ гарч эхэлсэнтэй зэрэгцэн МАН-ын ичигсэд мөн хөдөлж эхлэв үү гэлтэй харагдаж байна. Ингэхэд байна аа, Ардын намын алмайрлаасаа гарсан шалтгаан юу гэж та бодож байна? Ний нуугүй шулуухан хэлье. Амжилт. Н.Алтанхуягийн Засгийн газрын хийж буй алхам, авч буй арга хэмжээнүүд.

Хэдийгээр эдгээр ажил нь эхлэл төдий байгаа ч олон жил хулхиараа буудуулж ирсэн ард түмний сэтгэлд, “энэ нөхөд нээрээ юм хийж магадгүй нь” гэсэн итгэлийн гал сүүмэлзэж эхлээд байгааг хэн үгүйсгэх юм.  Мөн бас нэг зүйлийг ний нуугүй хэлэхэд ойр ойрхон Засгийн газрыг огцруулаад хаяхаар сүүлд нь ард нийт хэнтэйгээ хариуцлага тооцох нь тодорхойгүй үлдэж, эцсийн дүндээ зарчим, хариуцлага хоёр гэх зүйл алга болон олон нийт л хохироод хоцордогийг манайхан 1996-2000 онд авсан туршлагаасаа маш сайн мэддэг болсон байна. Тиймээс эдүгээ Ардчилсан нам болоод Н.Алтанхуяг гэдэг нөхрийн Засгийн газрыг дөрвөн жил тэвчээртэйхэн хараад нэгмөсөн дүн тавья гэсэн бодолтой чимээгүйхэн  алхаж явааг эрхэм улстөрчид анзаардаг биз ээ.

      Ингэхэд сөрөг хүчин Ардчилсан намд хэрэгтэй юу, хэрэгтэй. Н.Алтанхуягт хэрэгтэй юу, хэрэгтэй. Монголчуудад хэрэгтэй юу, хэрэгтэй. Ялангуяа надад, чамд, танд тун хэрэгтэй. Төр барьж байгаа АН-ынхныг алдаа гаргалаа гэхэд засч залаад, нөгөөхөө залруулахад нь туслах ёстой л гэж мунхаг миний бие ойлгодог юм шүү дээ. Түүнээс биш юу юуны туханд хүрэлгүй өрсөлдөгчөө нухаж дарах, нурааж унагаах юм ярих нь өнөөгийн ертөнцийн улстөрийн моод биш. Огцрох, огцруулах үндэслэл нь тодорхой, олон нийт үнэхээр хүлээн зөвшөөрөх хэмжээнд байх ёстой хэмээн хэлэх гээд буй хэрэг. Түүнээс биш хэн нэгнээс хонзон авах төдий жижиг зүйл байж таарахгүй. Заримдаа ч МАН-ынхан маань, “Хар гахай хараад хэрээний элэг хөшив” гэдэг шиг авирлах юм байна шүү дээ.

      Өө, мартсанаас МАН-ыг юу сандаргах болов гэдэг гол юмаа ярихаа мартаад баахан бурчихсан байна. Зөндөө юм байна. Юуны өмнө энэ Засгийн газар мөнгөтэй болсон явдал. “Чингис” бонд гэсэн үг. Мөнгөтэй болоодохсон юм чинь ажил хийж таарна аа даа. Ингээд төмөр зам, барагшин зам, барилга орон сууц, цахилгаан станцууд, метро гээд их бүтээн байгуулалт гараанаасаа эхлэх боломжийг АН-ынхан бүрдүүллээ. Энд нэг зүйлийг өгүүлэхэд эдгээр ажлыг анхлан сэдэхэд МАН ихээхэн үүрэгтэй оролцож асныг хэлэх нь зүйтэй шүү. Тэдний санаачилсан ажлууд ч нэлээд бий. Хамтарч засаг барьж байхдаа бодож төлөвлөсөн зүйлүүд ч байдаг. Харин одоо энэ бүхнийг хийж эхлэх хувь тавиланг улстөр хэмээх бурхан тэнгэр Н.Алтанхуягийн Засгийн газарт дангаар нь олгосон байгаа юм. Ер нь ажлыг хийх амархан, эхлэх л хэцүү гэдгийг МАН-ынхан мэддэг. АН-ын сая мэдрэх шиг боллоо. Гэхдээ энэ бүх их бүтээн байгуулалт эхэлсэнд л хамаг учир оршиж буй билээ.

        Нөгөө талаас энэ бүх ажил эхлэх болсонтой зэрэгцээд МАН-ын цээжин дотор сэрж ядан байсан хар атаархал нүдээ нээв. Мөн дутуу унтаж байсан нойрноосоо хар даран сэрлээ. Өөрөөр хэлбэл АН ирэдүйн их амжилтын эхлэл болохуйц ажил өрнүүлэх болсон тул хар атаархал МАН-ыг тулаанд босгов. Энэ нь өнгөн дээрээ АН-тай үзэлцэж байгаа юм шиг харагдавч мөн чанартаа ард түмнийхээ амьдралтай тэмцэлдэж байгаа Ардын намын хамгийн арчаагүй дүр төрх. Тэдэнд арай хөгжилгүй Монгол, хоцрогдсон ард түмэн, замгүй аймаг, сууцгүй иргэд, харанхуй сургууль хэрэгтэй гэж үү? Үгүй байх. Чухамхүү тиймээс л МАН-ын хар атаархал гэх нөхрийг шоолох, шоглох гээд буй хэрэг юм. Түүнээс өөр юу ч биш. Тэгээд ч хар атаархлыг хонзонгоор цэнэглээд орхихоор хэн хүнгүй яахаас ч буцахааргүй болдог учир сэрэмжлүүлэх нь хэн хэндээ хэрэгтэй эд. Саяхан л гэхэд Н.Алтанхуягийг модонд төөрснийг дуулаад, хөлдөөд нөгөө ертөнцөд оччихоосой хэмээн Ардын намын зарим нөхөд нүд нь гялалзчихсан харайж явсан тухай дуулдсан. Атаархал жирийн хүнийг ийнхүү шулам чөтгөр болгодгийг хамгийн наад захын жишээ нь энэ. Ер нь атаархал өөрөө өөрийнхөө цээжинд үзэн ядалтыг үргэлжийн мөнхөд өлгийдөн тэвэрч явдаг болохоор хэзээ ч сайн сайхан зүйлсийг бодож сэддэггүй. Атаархлын хууль нь тийм. Түүний өвөрт хараал, зүхэл л байдаг. Яавал хорлох вэ гэж бодохоос бус амжилт бүтээл гаргасан нэгийгээ дэмжих туслах талаар санаа зовдог “тэнэг” атаархагчид манайхан дотор тун цөөхөн. Тэднийг тоолоход хөл, гарын хуруу оролцоод байх шаардлага огт үгүй. Гар байхад хаваасаг.

     МАН сэржээ. Нойрноосоо, шокноосоо сэрсэн байна. Ингэхэд хэн тэднийг сэрээв хэмээн эрхэм уншигчдаасаа дахин асууя? Өөрсдөө сэрсэн үү? Эсвэл тэднийг Н.Алтанхуягийн Засгийн газрын ирээдүйд амжилттай хэрэгжүүлж магадгүй төслүүд сэрээв үү? Энэ асуултыг уншигч танд тавья. Танаасаа асууя.  Мөн нэг зүйлийг онцлон өгүүлэхэд өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө сангийнхаа савыг уруу нь харуулаад гөвчихсөн МАН-ынхан энэ Засгийн газар мөнгө хаанаас олохыг нь хараад үхэх юм шүү хэмээн инээлдэж суусан юм. Яг нөгөө шав шалдан хүүхэн хөлсны тэрэг зогсоогоод суух үед энэ нөхөр хаанаасаа мөнгөө гаргаж төлөх юм бол хэмээн жолоочийн боддог онигоо шиг. Гэтэл мань хүн бонд гаргаад мөнгөтэй болчихсонд хэргийн гол учир байгаа юм.

     Одоо МАН-ынхан энэ бүхэнд атаархаж үхэх шахахдаа яаж ийж байгаад хорсолоо хонзонтойгоо хамт жаахан ч гэсэн дараад авахаар шийдсэн бололтой харагдаж байна. Тэд сүүлийн үед хоёр өвдөгөөрөө хавчигнаад үнэхээр хэцүү харагдах болж. Дээр нь энэ Засгийн газар баахан авилгачдыг торны цаана суулгах шинжтэй байна. Сая сая доллараар тоглодог өвөө, хүүхэд бүхий албан тушаалтнууд, машин машинаар мөнгө ачдаг дарга нарын нэрс тодроод л. Ард түмний хөрөнгө байсан музейн барилгыг авч ард түмний юм үздэг газар болгоно гээд л. Ер нь тоочвол их юм бий дээ. Харин одоо энэ бүхэнд хэн дургүй байгаа юм бэ гэдгийг эрхэм уншигчдаасаа асууя. Энэ эрхийг танд үлдээе. Эцэст нь хэлэхэд атаархагчдыг амжилт шаналган тарчлааж, хэрээ нүд харахаараа баясан, маш чангаар гуагалдаг хэмээн номонд бичсэн байх ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top