Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар Сургалтын төрийн сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, гадаадад суралцагчдын зээл, түүний эргэн төлөлтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр мэдээлэл хийсэн юм. Сүүлийн үед гадаадад төрийн сангийн зээлээр суралцагсдын олонхи нь төлбөрөө буцааж төлөөгүй, суралцаж, төгсөөд Монгол улсдаа ажилладаггүй гэх мэт олон асуудал үүсэх болсон. Ялангуяа гадаадын их, дээд сургуульд суралцагсад нь ихэвчлэн төрийн түшээдийн хамаатан садан, үр хүүхэд нь байдаг бөгөөд үүнийхээ мөнгийг эргүүлэн төлдөггүй гэсэн шүүмжлэл дагуулах болсон нь нууц биш. Энэ асуудлыг судлахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан юм байна.
Судалгаагаар, дээд боловсролын байгууллагад суралцагчдад Сургалтын төрийн сангийн олгосон санхүүжилтийн гүйцэтгэл 2008 онд 18,2 тэрбум, 2009 21,4 тэрбум, 2010 23,4 тэрбум, 2011 онд 11,1, 2012 онд 121,5 тэрбум болж өссөн үзүүлэллтэй гарчээ. 2012 оны төсвийн гүйцэтгэлийн 102 тэрбум төгрөг нь 2012 оноос эхлэн олгож эхэлсэн үндэсний болон урамшуулллын тэтгэлгийн санхүүжилтэд зарцуулсан гэсэн дүгнэлт гаргажээ.
2012 оны жилийн эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцах гэрээ байгуулж, зээл авсан нийт 1513 хүнээс 664 хүн сургуулиа төгсөн эх орондоо ирсэн гэж Сургалтын төрийн санд бүртгүүлжээ. Мөн 436 нь эх орондоо эргэж ирээгүй буюу төгссөн ч бүртгүүлээгүй байгаа бөгөөд 15 сургуулиа төгсч чадаагүй, 413 хүн гадаадад суралцаж байгаа гэсэн судалгаа байна. Гадаадын их, дээд сургуульд 2008-2012 онд 525 хүн Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилттэйгээр элсэн суралцсан бөгөөд Сургалтын төрийн сангаас тэдний сургалтын төлбөр, амжиргааны зардалд зориулж 2008, 2009 онд тус бүр 2,9 тэрбум, 2010 онд 3,9 тэрбум, 2011 онд 2,7 тэрбум, 2012 огд 5,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус хийсэн байна. 2012 оны эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн авлага нийт 50,9 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүний 60 орчим хувь буюу 30,3 тэрбум төгрөг нь өндөр хөгжилтэй оронд суралцагчдад олгосон зээл, 104 тэрбум төгрөг нь зээлийн хүүгийн авлага байгаа аж.
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд гадаадад суралцаад төгсч, ирсэн ч ажилд авдаггүй, мөн эргэн улс эх орондоо суралцсан мэргэжлээрээ ажилладаггүй гэх мэт шүүмжлэл хэлж байсан юм. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Гадаад суралцагсад сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа гэдэг нь үнэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тухайлбал, цалин бага, ажилд орохыг хүссэн ч ажилд авахгүй байх гэх мэтийн олон талын асуудал нөлөөлдөг. Тиймээс байнгын хорооны хуралдаанаас Засгийн газарт чиглэл өгч, төрийн сангийн зээлээр суралцагсдыг ажилтай болгох, зээлийг нь эргүүлэн ашиглах зэргийг тусгасан чиглэл Засгийн газар өгөх нь зүйтэй” гэсэн юм.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 2 )
gadaadad ooriin zardlaar surj baiga oyutanuud eh orondoo surj bga oyutnii abdag 70 myngiig abdag yumuu abdag bol haanaas yaj abah be
ene xymyysiig ner ystai xaana xezee syrgyyli togsson boloxiig ni il garga tegvel ted 7 xonogiin dotor oroo darna