МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Засгийн газарт чиглэл өгөх тухай
"Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын 4 дүгээр зүйлийн 4.6.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тувахүмүүсийн (цаашид “Цаатан иргэн” гэх) амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батлагдсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:
1. Цаатан иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг 18 хүртэл насны цаатан хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүрмөнгөн тэтгэмж олгох, цаатан иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах эрх зүйн орчин бүрдүүлэх;
2. Цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт жил тутам 2-оос доошгүй удаа үнэ төлбөргүй хамруулж байх;
3. Цаатан иргэдэд үйлчилж буй хүн эмнэлгийн болон мал эмнэлгийн эмч нарт сар бүр үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгож, багийн эмчийг унаажуулж, унааг 2 жил тутам шинэчлэх, эмч, эмнэлгийн ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор давтан сургалтыг зохион байгуулах арга хэмжээ авах;
4. Цаатан иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор Улаан тайгын дархан цаазат газрын болон Тэнгис-Шишгэд голын ай савын байгалийн цогцолборт газрын захиргаанд цаатан иргэдийг байгаль хамгаалагчаар ажиллуулах асуудлыгзохион байгуулж, шийдвэрлэх;
5. Цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн талаарх зарлигийн хэрэгжилтийн асуудлыг хүн амын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга биечлэн хянаж, удирдлагаар хангах, цаатан иргэдийн тооллогыг жил бүрийн 11 сард багтаан зохион байгуулах ажлыг Хөвсгөл аймгийн болон харъяалах сумын засаг дарга хариуцаж гүйцэтгэн мэдээлэх;
6. Үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоорХөвсгөл аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 387 дугаар тушаалаар батлагдсан “Тува хэлний хөтөлбөр”-ийг тусган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7. Цаатан иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах;
8. Цаатан иргэдийн их, дээд сургуульд суралцаж буй хүүхдийн сургалтын төлбөрийг жил бүрийн 9 дүгээр сарын дотор нэрийн дансанд нь шилжүүлэх, орон нутгийн захиалгаар цаатан иргэдийг сургалтанд хамруулах тохиолдолд сургалтын зардлыг төрөөс бүрэн хариуцах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
9. Цаа бугын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2014 онд багтаан тодорхой тооны үржлийн насны этэр /хээлтүүлэгч/, мянд /хээлтэгч/ худалдан авах ажлыг зохион байгуулах;
10. Цаа бугын зүй бус хорогдлыг бууруулах үүднээс тусгай хамгаалалттай газар нутагт чонын болон булганы ав зохион байгуулахтай холбогдсон харилцааг Амьтаны тухайболон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
11. Монгол Улсын нутаг дэвсгэртхарилцаа холбооны үйлчилгээг бүх нийтэд хүртээх зорилтын хүрээнд цаатан иргэдийг орон нутгийн өмчлөл бүхий холбоогоор нэн даруй хангаж, цаашдын засвар үйлчилгээг орон нутгийн захиргаа хариуцаж байх арга хэмжээг авах.
Хоёр. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин суугч цаатан иргэд 3 жил тутам 1 удаа Завхан аймаг дахь Арцсуурийн байнгын ажиллагаатай хилийн боомтоор нэвтрэн Оросын Холбооны Улсын Тува Улсын Тож хошуун дахь төрөл төрөгсөдтэйгээ уулзахтай холбогдон гарах зардлыг Цагааннуур сумын төсөвт тусган, санхүүжүүлэхтэй холбогдсон журмыг баталж, 2013 оноос эхлэн хэрэгжүүлсүгэй.
Гурав. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.
Дөрөв. Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаанМонгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД
Ц.ЭЛБЭГДОРЖ Н.АЛТАНХУЯГ
Сэтгэгдэл ( 2 )
ovoo l doo.
nice very nice