Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргаж, улс орны эрх ашгийг уландаа гишгэж байна хэмээн үзсэн УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн албан тушаалаас нь огцруулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Энэ асуудлыг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд гишүүдийн дунд ёстой л “цусгүй тулаан” өрнөсө гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайдыг огцруулах асуудлын хүрээнд улс оронд тулгамдаад буй олон асуудлын талаар хөндсөн бөгөөд УИХ дахь АН, МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд хатуу үгээр бие биеэ “чимхэж” суусан. Ингээд хуралдааны үеэр өрнөсөн эрхэм гишүүдийн яриаг товч сийрүүлэн хүргэе.
М.Энхболд: -Төрийн албаны тухай хуулийг зөрчиж гаргасан шийдвэрээ яаран өөрчилсөн нь ямар учиртай юм бэ. Хууль бус томилгоо хийчихээд түүнийгээ Үндсэн хуулийн цэцэд оруулахаас өмнө засчихсан нь гайхмаар байна.
Ч.Сайханбилэг: -Төрийн жинхэнэ албан хаагчийг Засгийн газраас томилж болно шүү дээ. Хамгийн ойр ажиллах ёстой нэгж агентлагуудын дарга нар нь томилогдож амжаагүй бол яагаад ингэж шийдэж болохгүй гэж. Эд нар зүгээр л улстөржөөд байна. Д.Лүндээжанцан гишүүн гинжин урвал үүсгэж, асуудлыг мушгиж байгаа нь буруу. Ардчилсан үндсэн хууль гарснаас хойших 22 жилийн түүхэнд анх удаа ийм муухай явдал болж байна. Та нар “Шинэчлэлийн” Засгийн газар байгуулагдсан өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь эсэргүүцсэн. Ерөнхий сайдыг амралтын өдрөөр ууланд аялаад буцаж ирсэн, хоёр улсын харилцаанд сэв суулгах үг хэлсэн, телевизүүдийг хаасан гэх хэрэгт буруутгаж байгаад огцруулах гэж байгааг чинь мэдэж байна.
Н.Алтанхуяг: -Хөвсгөл аймгийн Засаг дарга байсан н.Цэрэнжав хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж, газрын наймаа, өмч хувьчлалын булхайтай хэрэг нь хэрээс хэтэрсэн. Та нарын сонгох гэсэн тэр н.Ганболд чинь Хөвсгөл аймгийн ноос ноолуурын үйлдвэрт хоёр тэрбум төгрөгийн маргаантай гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй тухай мэдээлэл ирсэн учраас би сонгоогүй. Эдийн засгийн байдал хүнд байгааг мэдэж байна. Гэхдээ зөвхөн “Шинэчлэлийн” Засгийн газар гарч ирээд ийм болгочихсон юм биш. Бид баялгийн хуваарилалтыг хэрхэн шударга хийх вэ, ард иргэдийнхээ ахуй амьдралыг яаж өөд нь татах вэ гэж зорьж ажиллаж байгаа. Та нар УИХ-ын хаврын чуулганы эхний өдөр л хаяад гарсан улс. Өнөөдөр улс орон, ард түмэн гэж яриад байгаа шигээ анхаарч зүтгэсэн дорвитой ажил байна уу, та бүхэнд.
Н.Батбаяр: -МАН-ынхан худал үгийг 1000 давтахаар үнэн болдгийн үлгэрийг харуулах гээд байх шиг. Арай жаахан дорвитой асуудалд анхаарья л даа.
А.Тлейхан: -Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үнийн өсөлт, цалин тэтгэмжийн бага хэмжээнээс болж ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. Үүний бурууг хэн хариуцах юм бэ?
Н.Алтанхуяг: -Хээл хахууль, авлигын асуудалд ямар ч зөвшилцөл байхгүй. Улс орны эрх ашиг, ард иргэдийнхээ төлөө ямар ч асуудал дээр бид ярьж хэлэлцээд явах ёстой. Инфляцийг тогтвортой байлгах, бензиний үнийг нэмэгдүүлэхгүй байлгах тал дээр баталгаатай хариу хэлж чадна. Та нар хэдхэн хоног л тэсчих. Ойрын хугацаанд үндэсний нефть гаргах тал дээр бид зүтгэж байна. ОХУ, БНХАУ-аас гадна БНСУ-аас нефть оруулж ирэхээр төлөвлөж байгаагийн дээр өөрсдийн газрын тосыг ашиглаж чадвал бензиний үнэ бүр ч хямдарна.
М.Энхболд: -Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн томилгооныхоо тухай тайлбарлахгүй юм уу. 27 сургууль, 24 цэцэрлэгийн захирлуудыг хоморголон халсан явдлыг шударга зүйл гэх гээд байна уу?
Н.Алтанхуяг: -Төрийн банкнаас гаргасан иргэдийг орон сууцжуулах зээл, Яармагт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн мөнгөнөөс хувьдаа завшсан албан тушаалтнуудыг халах ёстой. Төрийн нэр барьж хөрөнгөжсөн нөхдийн дийлэнх нь ажлаа хүлээлгэж өгсөн. Заримыг нь ажлаас халсан. Ард иргэдийн нэрийг барьж хулгай хийсэн хүмүүсийг халахгүй яах юм бэ.
М.Энхболд: -“Монголбанк”-инд оруулсан мөнгийг хянаж шалгахгүй бол буруу гараар орж байгаа тухай мэдээлэл бий шүү.
Н.Алтанхуяг: -Хууль бусаар олсон мөнгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулж хэнийг ч, юу ч биш болгож байгаа үйлдэлд чинь дургүй хүрч байна. Хэний хэтэвч хэнийхтэй нь нийлээд байгааг баримттай, нэр устай нь хэлчих.
Х.Тэмүүжин: -Засгийн газрын үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэц шалгах ёстой шүүх болж хувирчихаад байна. Үндсэн хуулийн цэц хямрах асуудлыг та нар гаргаж байгаа шүү, МАН-ынхаан. Ажил хий гэсэн мөртлөө хүрз булаагаад авчихна. Хүрзээ авах гэхээр “Чи хууль зөрчлөө” гэж дайрч байна. Урьд нь улс төрийн захиалгаар шүүх, хуулийн байгууллагынхан ажилладаг байсан байж болно. Харин одоо “Шинэчлэлийн” Засгийн газрын үед увайгүй санаархал, улстөрчдийн шүлсээ үсчүүлсэн тоглоом дуусгавар болно гэдгийг сануулья. Ажил хийхийн тулд боловсон хүчний шинэчлэлт хэрэгтэй. Бодлогоо хөгжүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Гэтэл ингэж ажиллах гэхээр хууль зөрчсөнд тооцоод байгааг нь гайхаж байна.
Д.Нямдорж: -Өмнөх Засгийн газар гэдэг чинь Баяр+Алтанхуяг, Батболд+Алтанхуяг гэсэн үг. Хэрэв ямар нэгэн алдаанд хүрэх юм бол Алтанхуягтай хамт хүлээнэ шүү. Мэдсээр байж худлаа юм ярих хэрэггүй.
М.Энхболд: -Үндсэн хуулийн цэцэд хэлэлцэж байгаа асуудлыг эвтэйхэн аргалаад өнгөрдөг болж. Тэгж яривал, би Ерөнхий сайд байх хугацаандаа Ч.Сайханбилэг таныг Мэдээлэл харилцаа холбооны даргаар хоёр жил ажиллахад чинь ямар нэг дарамт үзүүлээгүй. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт. Гэтэл одоо төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа нь увайгүй үйлдэл.
Сү.Батболд: -“Чалко”-гоос 350 сая ам.доллар, Оюутолгой компаниас 250 сая ам.долларын зээлийг хамтарсан Засгийн газрын үед авсан. Гэтэл одоо өрийн асуудлыг бидэнд тохох гэж байна. Гэрээний асуудлыг төгс төгөлдөр болсон гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Тухайн үед болж бүтнэ гээд гэрээ байгуулан зээл авчихсан мөртлөө одоо болохгүй байна гэж үзээд байвал засч залруулж яагаад болохгүй гэж. Улстөржихөө болиод эдийн засгийн дүгнэлтээ зөв хий.
Ч.Сайханбилэг: -Энд нүүрсний үнэ, макро эдийн засгийн тухай л яриад байхаас биш улс орны бүтээн байгуулалтын талаар асуусан хүн ганц ч алга. Хоосон улстөржихөө хойш нь тавиад юу хийж бүтээж, хаашаа зорьж байгаа талаар ярилцвал яасан юм бэ?
С.Бямбацогт: -Ч.Сайханбилэгийн яриад байгаа тэр бүтээн байгуулалтын ажил бүхэлдээ зогсонги байдалд байгаа. Хэт улстөржиж, бие биеэ үзэн ядсан байдалд хүрээд удаж байна. Шадар сайдаас нь авахуулаад хууль зөрчиж, шүүмжлэл гарахаар түүнийгээ засчихдаг болсон. Хулгай хийгээд цагдаад баригдсан хойноо “Би буцаагаад өгчихсөн шүү дээ” гээд хариуцлагаас мултарч байгаатай яг адил юм болж байна. АН-ын гишүүд гурван байнгын хороонд харьяалагдаж байхад МАН-ынхан яагаад ганцхан байнгын хороонд харьяалагдах ёстой юм бэ?
Ж.Батсуурь: -Өнөөдөр олон уурхай хаагдсанаас болж ажилгүйдэл нэмэгдэн, ард иргэд айдас хүйдэст автаж суугаа. Айл өрх бүр ажилтай, орлоготой байна гэвэл худлаа. Магадгүй, гадаадын аль нэг банкинд данстай хүмүүс айх юмгүй суугаа биз. Ерөнхий сайд энэ мэт асуудлыг хөндөхөөр “Тоо ярь” гэх юм. Тоо ярихаар “Тоо гэдэг чинь юу ч биш” гэнэ. Хууль ярихаар өөрөө үгүйсгэнэ. Монголын нийгэм, эдийн засгийн байдалд бодитой дүгнэлт хийж, тулгарч болзошгүй асуудлуудын талаар ярих болов уу гэтэл ер үгүй.
Ж.Батзандан: -Манай сөрөг хүчнийхэн их сайхан ярьж, олон асуудлыг хөндлөө. Ингэж ухаарч, томоожиж байгаад нь баяртай байна. Үнэндээ бол АН ч тэр, МАН ч тэр. Ямар ч ялгаагүй шүү дээ. Сөрөг хүчнийхэн нь сөрөг хүчин шиг байж, эрх барьж буй намынхан нь эрх баригчид шиг байж чадахаа больсон. Ингэж найзан дундаа байж назгайрдаг нь улс төрийн соёл биш. Өнөөдөр МАН-ынхан Н.Алтанхуяг сайдыг огцруулчихаар маргааш Монгол Улс сайхан болчихгүй шүү дээ. Улс төр дэх эрх зүйн тогтолцоог сольж байж л монголын нийгэм өөрчлөгдөнө. Гэхдээ сөрөг хүчний гаргаж тавьсан асуудлууд дотор оновчтой зүйл байгаа гэдгийг Ерөнхий сайд анхаарах хэрэгтэй. Найман сартай “хүүхдийг” татаж унагах асуудал бидэнд байхгүй. Дор хаяж 1,6 жил болох ёстой. Ер нь, энэ Засгийн газраас суурь реформ харагдахгүй байгаа. Ялангуяа гадаад харилцааны асуудалд ер анхаарахгүй байна. Тэр Ш.Алтантуяа, Т.Аятунгаа, С.Энхмаа зэрэг олон арван охид эмэгтэйчүүд харийн оронд зовж зүдэрч байхад бид юу хийсэн юм бэ. Монгол хүндээ үйлчилж чадахгүй байгаа тэр албан тушаалтан, Элчин сайдуудыг огцруулах ёстой. Өнөөдөр Засгийн газрыг ахалж яваа цөөн сайд л байна.
Ж.Энхбаяр: -МАН-ынхан үүргээ л биелүүлсэн. Шавдуул, шах, шалга гэсэн зарчмын дагуу бид ажиллаж байгаа. Хэрэв энэ мэт хууль зөрчсөн үйлдэл давтагдсаар байвал бид уг асуудлыг дахин тавина. Монгол залуус нэг сая вон авахын төлөө харь улсад ажиллахаар явдаг байснаа сүүлийн жилүүдэд больсон. Гэтэл одоо төрийн албан хаагчдыг хоморголон халах, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоосноор олон арван залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Н.Алтанхуяг гэдэг хүн АН-ын хамгийн шилдэг улстөрч гээд итгэж суугаа байх. Гэхдээ хууль зөрчиж, улс орны эрх ашгийг уландаа гишгээд байвал хариуцлагыг нь АН өөрөө үүрнэ шүү гэдгийг сануулчихья. Энэ бол хүндрэл бус бүр гамшгийн хэмжээнд хүрсэн асуудал. Арай гэж урагшаа алхах гэж байгаад уначихлаа. Одоо бүр ухарч эхэллээ шүү дээ. Өнөөдөр нэг хүнээ авч үлдэх, МАН-ынхан ялагдахад асуудлын гол утга учир байгаа юм биш шүү.
Н.Батцэрэг: -Ерөнхий сайдыг огцруулах гэсэн зургаан үндэслэлд олигтой юм алга. Манай сөрөг хүчнийхэн зарим асуудлыг хэт дэвэргэж, туйлширсан байдлаар хандаж байгаа нь анзаарагдсан шүү. Ерөнхий сайдыг муулбал өчнөөн юм бий. Гэхдээ нэгнээ шүүмжилж гутаахын оронд улс орныхоо хөгжлийн талаар санаа зовних хэрэгтэй байна. Сөрөг хүчин нь эрх баригчид руу дайрч давшлан, өнөөдүүл нь баалах хэрэггүй. Ерөнхий сайд амралтынхаа өдөр Бурхан Халдун ууланд явж байгаад төөрсөн нь олон сая төгрөгийн зардал чирэгдэл учруулсан гээд шуугиж байна. Засгийн газрын тэргүүнээ эрэхгүй өөр яах юм бэ. Тэнд холбогдох байгууллагынхан нь эрэл хайгуул хийж, ганцхан вортлёт онгоцоор очсон байна лээ. Марз ууланд болсон эмгэнэлт явдлын үеэр бас л өчнөөн зардал гаргаж, эрэл сурал хийсэн биз дээ. Энүүгээр улс төрийн шоу хийх хэрэггүй.
Д.Эрдэнэбат: -Нэг хүн рүү давшилж, хамгийн муухайгаар харагдуулснаар АН-ын нэр хүндийг унагах асуудал явагдаж байна. 2006 онд Ц.Элбэгдорж огцрохдоо чухам юу гэж хэлж байсныг би хэвлэлээр дамжуулан дахин сануулна. Тухайн үед дайрч давшилж байсан МАХН-ынхан ард иргэдийн амьдрал, авилгын асуудал, улс орны тулгамдсан асуудлын талаар юу ярьж байсныг санах хэрэгтэй. МАН энэ архаг өвчнөөсөө салахгүй бол эрүүл байдлаар хамтарч ажиллах боломжгүй. Өөрсдөө эхэлж алдаатай юм хийчихээд, бүлэг байгуулаад өгөхөөр бөөнөөрөө нийлж дайраад байдаг нь ямар учиртай юм бэ. Төрийн албан хаагчдыг хоморголон халлаа гэнэ, тэнд байгаа зэрлэг ургамлуудаа хамгаалаад байгаа юмуу.
З.Баянсэлэнгэ: -Өнөөдөр ард түмэн байтугай улстөрчид ч айдаст автаж яваа. Юм л бол шалгана, торгоно, хорино гэж айлгадаг болж. Тэртээ тэргүй жижиглэнгээр хооллож яваа ард иргэдээ хооронд нь талцуулах ямар хэрэгтэй юм бэ. Монголын улс төр дэх манан бүр манантаад эхэлж. Төрийн албан хаагчдаас гадна хүүхэд залуус, охид эмэгтэйчүүдийн асуудал бий. Хэсэг бүлэг хүмүүсийн төлөө бус хэн нэгний төлөө зовних зүрх сэтгэлтэй байгаасай.
Ч.Хүрэлбаатар: -Та нар биднийг цөөнх байж үзээгүй гэж шүүмжилдэг чинь зөв. Гэхдээ та нар ч гэсэн олонхи байж чадахгүй шүү дээ. Асуудалд зөв талаас нь хандахаар мушгиж гуйвуулаад унана. Эдийн засгийн байдал эргээд та нар дээр унана шүү, АН-ынхаан.
Ё.Отгонбилэг: -АН-ынхан сайдаа хамгаалаад үлдэх байлгүй. Сөрөг хүчний зүгээс асуудал тавихад та уурлахаасаа илүүтэй нягталж нэг үзээрэй. Өнөөдөр улс орны эдийн засаг уналтад орсон нь үнэн шүү. Одоо жалганы хоёр талаас буудалцаж байгаа үзэн ядалтын арми байхаа больсон нь дээр. Өнгөрсөн жилээс эхэлсэн энэ “дайн” одоо бүр хурцадлаа.
Р.Гончигдорж: -Цөөнхийн хувьд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, эрх барьж байгаа намын үйл ажиллагаатай уялдуулан хамтарч ажиллах байдлаар явах ёстой.
Энэ мэт олон талт асуудлаар маргалдсан гишүүд эцсээ хүртэл “үзэлцсэн”. Мэдээж хэрэг, асуудлын гол зангилаа болсон Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдээгүй. Нэг нэгнийхээ алдаж хэлсэн үгэнд алга ташин “баяр” хүргэж, буруутгах шалтаг хайгаад ч байгаа юм шиг ойлгомжгүй байдал зарим үед үүссэн. Юутай ч, өөр хоорондоо мэтгэлцсээр үдшийн бүрий болтол хуралдсан гишүүдээс ам хуурай суусан хүн ганц, хоёрхон л байлаа.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 7 )
Энэ М. Энхболд гэдэг газрын наймаачинд хариуцлага тооцох цаг нь болоогүй л юм байхдаа.
TS.ERDENEBATIIN HELSEN VGIIG DEMJIJ B\HA MAN-HAMIINHAN TA NAR ODOO BOLIOCHEE.BITGII TUR VIMVVLEED BAI.IINGESNEER TA NAR HOJIHGVI.
TS.ERDENEBATIIN HELSEN VGIIG DEMJIJ B\HA MAN-HAMIINHAN TA NAR ODOO BOLIOCHEE.BITGII TUR VIMVVLEED BAI.IINGESNEER TA NAR HOJIHGVI.
TS.ERDENEBATIIN HELSEN VGIIG DEMJIJ B\HA MAN-HAMIINHAN TA NAR ODOO BOLIOCHEE.BITGII TUR VIMVVLEED BAI.IINGESNEER TA NAR HOJIHGVI.
Shudraga yosnykhon manantuulkhyn esreg chadlaaraa l bna
Гончигдорж гишүүн л зөв үг хэлжээ МАН -д мөрийн хөтөлбөр гэж байхгүй юм байхдаа Тулга тойрсон хэрүүл хийгээд буруутгахын тулд буруутгаад байх нь МАН-ыг муухай харагдуулаад байна Иймхэн бодолтой нам гэж байж болох билүү? мАН авлигаараа том болж харагдчихаад байхад л авлигачдаа хамгаалаад гэсэн сэтгэгдэл төрүүлэх зүйл хийгээд байдаг нам гэж байж болох уу
MAN-haan ta nar tur barih hugatsaandaa yu hiisen yum be Ajil hiih gej bgaa hvmvvstee tusalj demjeech Vneheer ard bidniigee bodoj bgaa yum bol Ih huraliin chuulganii neeltees ehleed l ta nar uursdiiguu hen gedgiigee haruulaad bgaa yum bish vv