“Шинэчлэлийн” Засгийн газар гарч ирээд л бүх зүйл нурчихсан гэж үү

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

“Үнийн өсөлтийг бууруулах, чадвал хязгаарлахын төлөө бид чармайж байна. Орон сууцны зээл, үннийн өсөлт гээд л баахан асуудлаар чичлээд байх юм. “Шинэчлэлийн” Засгийн газар гарч ирээд л бүх юм болохоо байчихсан юм шиг дайрах хэрэггүй. Та нар яагаад бидний хийсэн ажлыг үнэлэхгүй байгаа юм бэ. Нүүрсний үнийг 200 мянгаас 80 мянган төгрөг болтол нь буулгасан хойно “Утаа тортог, энэ тэр” гээд шүүмжлээд унах юм. Тэр орон сууцны зээлийн хүү ч гэсэн үүнтэй адил асуудал. Өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүдэд алдаа оноо байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Одоо алдаатай шийдвэрүүдээ засч залруулан, хийх ажлууддаа анхаарал тавимаар байна. Намайг огцруулах гэж түмэн шалтаг тоочиж, өө сэв эрээд байхдаа гол нь биш. Ард түмнээ гэсэн сэтгэл байгаа юм бол ингэж ажил үймүүлж, цаг гарздах хэрэггүй л баймаар юм” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хурадааны үеэр тодорхой ажлуудын талаар мэдээлэл өгсөн бөгөөд МАН-ын байр суурь болон Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь баримт муутай байгааг онцолсон юм. Харин үүнийг дэмжсэн Г.Баярсайхан гишүүн “Үндэслэл муутай гэдэг нь үнэн. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас хойш маш олон бүтээн байгуулалт хийнэ гэсэн. Энэ бүтээн байгуулалтын ажлаа эртхэн эхлэх шаардлагатай байна. Хавар гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байвал Ардчилсан нам доторхи гишүүд ч Засгийн газрыг огцруулах хүсэлт өргөн барихад болохгүй юм байхгүй” гэдгийг санууллаа.

УИх-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан 09.45 цагт эхэлсэн бөгөөд 14.00 цаг хүртэл завсарлалаа.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top