УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр төлөвлөсний дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх, С.Баярцогтын УИХ-ын дэд даргын үүрэгт албанаас чөлөөлөх тухай, мөн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс гаргасан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх тухай асуудлыг чуулганы үдээс өмнөх болон хойшхи хуралдаанаар хэлэлцэж, багагүй маргаан дэгдсэний эцэст МАН-ын зүгээс асуудлыг илүү тодорхой болгох үндэслэлээр уг асуудлаар завсарлага авсан юм.
УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байсан С.Баярцогтын асуудлыг хэлэлцэх явцад гишүүдийн дунд нэлээд маргаан өрнөсөн бөгөөд АН-ын гишүүд уг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн бол, МАН болон МАХН-ын гишүүд С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөөд зогсохгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх байр суурьтай байлаа. Ингээд гишүүд санал шүүмж хэлж, нэлээд маргалдсаны эцэст МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл энэ асуудлаар завсарлага авснаар дараагийн асуудалд шилжив.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд сонирхсон асуултад тодруулга авсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж “Энэ хуулийн төслийн нэрийг өөрчлөх шаардлагатай юу” гэдгийг тодруулахад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуульд нэг заалт хөндсөн тохиолдолд нэрийг нь өөрчлөх талаар яригддаггүй. Тиймээс энэ асуудлыг хэлэлцээгүй” гэсэн хариулт өгсөн юм
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Ганцхан энэ заалтыг авснаар Монголын эдийн засаг өөрчлөгдөнө гэж бодож байгаа хэрэг үү. Байнгын хороо ямар шалтгаанаар энэ заалтыг өөрчлөх ёстой гэсэн дүгнэлт гаргаж байгаа вэ” гэдгийг тодруулахад Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар “Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Тиймээс бид энэ заалтыг засч, залруулах ёстой гэсэн үүднээс хэлэлцсэн” гэлээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Байнгын хорооны дүгнэлтэд сэтгэл хангалуун бус байна. Зөвхөн төрийн оролцоотой бус төр менежментийг хийж байдаг тохиолдлууд олон байдаг. Тиймээс энэ асуудлыг яаж зохицуулсан бэ” гэдэгт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Аливаа компанийн хувьцааны 49-өөс дээш буюу 100 тэрбумаас дээш хөрөнгө оруулбал төрийн оролцоотой шийдвэрлэнэ гэж байгаа. Бид хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулж байгаа. Тиймээс энэ хоёр хуулийг нэгтгээд явах нь зүйтэй” гэж хариулсан юм.
Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн горимын саналаар санал хурааж, 51 хувийн саналаар дэмжигдлээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Маргааш УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт эхлэх бөгөөд Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон дагалдах бусад 32 хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )