Засгийн газраас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын талаархи зургаан хуулийн төсөл, тэдгээрийг дагалдуулж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа. Энэ долоо хоногт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр төсөл санаачлагчийн хүсэлтийн дагуу Мөрдөх албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулж, бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, түүнийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ш.Түвдэндорж танилцуулав.
Яг одоо хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гадаадын иргэн, харьяатын албаны албан хаагчдын давхардсан эрх, үүргийг нэг мөр болгох, үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг “хүчний” байгууллагаас ялган салгаж, иргэндээ үйлчилдэг зарчмыг тусгах, ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэхээр тусгажээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )