УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хорихоос суллагдсан эмэгтэйчүүдийн төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Тэд хэдийгээр ял шийтгэлээ эдэлж дуусаад суллагдсан ч ажил хийж, амьдралаа залгуулж авч явах наад захын эрх нь хаагдмал, боломж нөхцөл нь хязгаарлагдсаар байгаа учир ийнхүү гишүүн З.Баянсэлэнгэд хандаж, тулгамдаад байгаа асуудлуудын талаар ярилцаж, хэрхэн шийдвэрлэх тухайд зөвлөгөө, дэмжлэг авахыг хүсэж иржээ.
Зөвхөн суллагдсан гэлтгүй хоригдож байгаа эмэгтэйчүүдэд зохих ёсоор анхаарал тавих, эрүүл явах эрхийг нь хангаж, эмч, эмнэлгийн тусламжийн тоо, хүрэлцээг сайжруулах, тэднийг нийгэмшүүлэх нөхцөл боломжийг бодитоор бий болгож, төрөөс үзүүлэх халамж дэмжлэгийн талаар мэдээлэл зөвлөгөө өгдөг, чиглүүлдэг, хүнлэг ёсоор ханддаг байгууллага хэрэгтэй байгааг уулзалтад оролцогсод ярьж байлаа. Мөн хууль хяналтын байгууллага ял эдэлсэн хүмүүсийн бичиг баримтыг үрэгдүүлэх, дээрэнгүй харьцах, өргөдөл гомдлыг замаас нь үрэгдүүлэх зэргээр хариуцлагагүй ханддаг талаар хэллээ.
Гишүүн З.Баянсэлэнгэ хорих ангиудад хуулиас давсан дүрэм журам үйлчилж, хүний эрх зөрчигдсөөр байна гээд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд төрийн бус байгууллага байгуулж шударгаар хөдөлмөрлөх, нийгмийн халамжийн чиглэлээр үйлчилгээ туслалцаа үзүүлдэг чадавхитай болох нь чухал байгааг тэдэнд хэллээ. Мөн хуулийн салбарт хийгдэх шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдан гарах хуулиуд хэрэгжсэнээр мөрдөх, шүүх шатанд иргэдийг хохироож байгаа шударга бус байдлууд устах ёстойг дурдлаа.
Сэтгэгдэл ( 0 )