С.Энхбат Элчин сайдын албаа хашиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Монгол Улсаас Катар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Катар Улсын Дэд Эмир, Үе залгамлах хунтайж Шейх Тамим Бен Хамад Аль-Тани-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан Элчин сайдыг Дэд Эмир, Үе залгамлах хунтайж Шейх Т.Х.Аль-Тани хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Катар Улсын Эрхэм Дээд Эмир Шейх Хамад Бен Халифа Аль-Тани-д уламжлахыг хүсч, Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Катар Улсын Эмир урилгын дагуу тааламжтай цагтаа Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлж, айлчлалын хугацааг хоёр тал дипломат шугамаар тохиролцох боломжтойг дурдав. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Катар Улсад хийх албан ёсны айлчлалын талаар санал солилцож, энэхүү айлчлал хоёр орны харилцаанд түлхэц өгч, ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.170.67.22) 2013 оны 04 сарын 23

Та уг нь энд монголдоо байх маш хэрэгтэй хүн дээ

0  |  0
Top