Манайд улсад энэ сарын 27-29-ны өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болох гэж буйтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд, С.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Батбаяр, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Л.Болд, "Бага хурлын хүрээнд Сайд нарын хуралдаанаас гадна үндсэн таван чиглэлээр чуулга уулзалтууд явагдана. Одоогийн байдлаар хуралдаанд оролцохоор 104 орны 1215 төлөөлөгч бүртгүүлээд байгаа. Үүнээс дэд сайд, сайдаас дээд түвшний төлөөлөгч илгээж байгаа орны тоо 50 орчим байна. Ерөнхийлөгч 1, Дэд ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 1, шадар сайд 4 ирнэ. Бусад төлөөлөгчид нь сайдын түвшний хүмүүс бөгөөд иргэний нийгмийн төлөөллүүд, удирдлагууд оролцоно. Хуралдаанд олон улсын 20 байгууллагын төлөөлөгч, удирдлагууд оролцохоос НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Женев дэх НҮБ-ын дарга тэргүүтэй НҮБ-ын төлөөлөгчдийг дурдаж болохоор байна" гэлээ.
Бага хурлын ажиллагаа дэлхийн олон нийтийн анхаарлын төвд байгааг мөн тэрбээр онцолсон. Хурлын үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын хэвлэл, мэдээллийн 50 гаруй байгууллага мэдүүлгээ авчээ. Мөн дотоодын хэвлэл мэдээллийн 200 гаруй байгууллага бүртгүүлсэн байна.
Хурлын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд энэ сарын 27-29-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дугаараар хязгаарлалт хийгдэх тухай Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд мэдээлсэн. Мөн онцын шаардлагагүй бол хотын төв рүү тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгааг дамжуулсан юм. Энэ өдрүүдэд томоохон захын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд ихэнх үзвэр үйлчилгээний газрууд, бар, рестораны ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй гэлээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 1 )
haha