УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр гишүүд санал бодлоо хэлж сууна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн эмзэг сэдэв болчихоод байна. Бие болон сэтгэлзүйн хүнд дарамтанд байгаа охид эмэгтэйчүүд, хүүхэд багачуудыг түр байранд байлгах асуудалд ямар арга хэмжээ авч байна вэ. Мөн бодит заналхийлэлд өртсөн гэрч, хохирогчийн гадаад төрхийг өөрчлөх мэс заслын тухайд бодолцох хэрэгтэй болов уу. Хэдийгээр амь нас нь эрсдэлд орсон ч гэлээ, хувь хүний хүсэлтийн дагуу энэ бүхнийг хийх ёстой. “Таны амь нас хутганы ирэн дээр байна” гээд гадаад төрхийг нь өөрчилж болохгүй байх аа” хэмээн өөрийн саналаа хэлсэн.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч уг саналыг дэмжсэн бөгөөд гэрч, хохирогчийг хамгаалахын тулд гадаад төрхийг нь өөрчлөх асуудлыг тусад нь авч үзэж буйгаа илэрхийлэв. “Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авах ёстойг судалсан судалгаа бий. Гэхдээ эдээр арга хэмжээг авах нь ямар төрлийн гэмт хэрэг байхаас шалтгаална. Аль ч улс оронд ийм хамгаалалт бий” гэж тэрбээр хариулсан юм.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )