Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн нэр бүхий 25 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулах саналыг Улсын Их Хуралд гаргажээ.
Ардчилсан намын бүлэг хуралдаанаараа уг асуудлыг нухацтай хэлэлцээд дараахь санал дүгнэлтийг гаргаж байна.
2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бие даагчид хамтран ардчилал, хүний эрх, эрх чөлөө, Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хийх шинэчлэлийн үзэл санаанд нэгдэн Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан.
Монгол оронд шинэчлэл хийх, шударга ёсыг тогтоох үүрэг Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт ногдсон юм.
Ардчилсан хувьсгалаас хойш сэргэж эхэлсэн “Өөрийн гэх өмчтэй, өөрийн бизнестэй болоод өөрийнхөө хүчээр амьдарна” гэж итгэж байсан Монгол түмний итгэл үнэмшил сүүлийн жилүүдэд аажмаар алдарч, бэлэнчлэх хандлага газар авч, түмний баялгаас сорон амьдрагсад олширсон.
Дэлхий дахинд эдийн засгийн эрч саарч, Европын орнуудын өрийн хямрал хурцдаж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан цаг хугацаа давхцаж, дотоодын эдийн засаг тэнцвэргүй, эмзэг, хөрөнгө оруулалт саарсан улс орныг найман сарын өмнө энэ Засаг хүлээж авсан.
Шинэ Засгийн газар ажлаа эхлэхэд улсын санхүү, эдийн засаг ямар байсныг дурдвал:
- 2012 оны төсвийн тэнцэл 600 тэрбум төгрөгийн алдагдалтай,
- төсвийн орлого 1 их наяд 500 сая төгрөгөөр тасалдсан,
- инфляци 15 хувьтай,
- төлбөрийн тэнцэл 160 орчим сая ам.долларын алдагдалтай,
- Хүний хөгжил сан 1 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй байлаа.
- Үр ашиг муутай гэрээ, авлигын сүлжээ, алсын хараагүй эдийн засгийн бодлогоос үүссэн Уул уурхайн үйлдвэрлэлийн бууралт,
- гадаадын шууд хөрөнгө оруулалтын 800 сая ам.долларын алдагдал,
нийтдээ 2.2 тэрбум долларын гадаад худалдааны алдагдалтай.
Дээр нь :
- Хүний Хөгжил Сангийн хүлээгдэж байгаа 34.5 сая ам.долларын зээлийн хүүний өртэй хүлээн авчээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэг жилийн төсөвтэй бараг тэнцэх эдийн засгийн тааламжгүй нөхцөлийг өнөөгийн Засгийн газар нуруун дээрээ давхар үүрсэн нь бодит зүйл юм.
Гарч болох бүх хүндрэлийг зөв тооцоолж, дэлхийн санхүүгийн зах зээлд 5 тэрбум ам долларын бонд гаргах шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж, эхний 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгосон нь улс орныг эдийн засгийн бодит хямралаас гаргахад онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Бондын хөрөнгө орж ирснээр үндэсний гадаад валютын нөөц хоёр дахин нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа бий болсон.
Улмаар төгрөгийн ханш тогтвортой түвшинд хадгалагдах бодит нөхцөл бүрэлдэж, сүүлийн 5 жилд анх удаа эдийн засаг дахь инфляцийн хүлээлт тогтворжиж байна. Энэ нь Монголбанкнаас бодлогын хүүг бууруулах, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэн эдийн засгийг эрчимжүүлэх боломж, орон зайг үүсгэж өгсөн төдийгүй боломжит зээлийн эх үүсвэрийг өсгөх хүчин зүйл болжээ. Мөн нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх суурь нөхцөл болон Моргейжийн тогтолцоог бүрдүүлж, орон сууцны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжийг бий болгожээ.
Энэ богино хугацаанд Норовын Алтанхуягийн Засгийн газар анх удаа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын захиран зарцуулах хөрөнгийн хэмжээг 2,3 дахин нэмэгдүүлж, бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, хүүхдийн мөнгө олгож, 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн үед ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдэд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, арьс шир боловсруулах, түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож, үндэсний үйлдвэрт малын арьс, ширээ тушаасан малчин, мал бүхий иргэдэд урамшуулал олгох зэрэг иргэдийнхээ амьдралын баталгааг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэж чадсан.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн эрх зүйн орчныг хамгаалж, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөн, банкны тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улсын төсөвт учирч болзошгүй дарамтыг бууруулахад чиглэсэн Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлууллаа.
Өмнөх Засгийн газруудын үед хийгдэж чадаагүй Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг батлуулж, өргөн хэрэглээний барааны импортыг багасгах зорилгоор “Монгол брэнд” хөтөлбөрийг эхлүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого явуулж байна.
Газрын тосоо экспортлож, боловсруулалт хийн Монгол-93 маркийн үндэсний шатахууны брэнд бий болгож байгаа нь шатахууны хараат байдлаас гарах анхны чухал алхам болох юм. Мөн “Сум” төсөл, “Гудамж” төсөл, Авто зам, Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж, олон жил саатсан Хөшигтийн хөндийд барих шинэ онгоцны буудлын ажлыг эхлүүлэхэд бэлэн болгосон байна.
Намар ажлаа эхэлсэн Шинэчлэлийн засгийн газар өвлийн хүнд ачааллыг амжилттай туулж, анхны их бүтээн байгуулалтын гараанд ирэх үед Засгийн газрын тэргүүнийг огцруулах нийгэм, эдийн засгийн алдаа гараагүй гэж үзэж байна.
Шинэчлэлийн Засгийн газрын Таван толгой, Оюу толгойн гэрээг засаж сайжруулахаар гадаадын хөрөнгө оруулагчидтай ажиллаж байгаа үйл ажиллагаанд УИХ саад учруулах учир үгүйг тэмдэглэж байна.
Гэвч Засгийн газар дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх суурь нөхцөлүүдээ эрсдлээс хамгаалж, бодлого зохицуулалтын тогтвортой орчныг бий болгож, бизнес дэх төрийн оролцоог бууруулах, зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг босгохын төлөө ажиллаж байгаа энэ эгзэгтэй үед Монгол Ардын нам улс төрийн өчүүхэн ашиг хонжоо хайж, хөрш орнуудын уламжлалт харилцаанд санаатайгаар сэв суулгах гэсэн увайгүй оролдлого хийж байгаад Ардчилсан нам харамсаж байна.
ОХУ, БНХАУ нь бидний мөнхийн найрсаг, харилцан ойлголцон хамтран хөгжих хөрш орнууд мөн.
Ардчилсан нам Ардчилсан хувьсгалаас хойш төрж бойжсон хэвлэлийн эрх чөлөөг цаг ямагт хамгаалсаар ирсэн бөгөөд хэвлэлийн эрх чөлөөний баталгаа нь байсан, цаашид ч байх болно.
Орон нутагт очсон мөнгө Засаг даргын халаасанд ордог үе дуусч, иргэд төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхээ эдэлж эхэллээ.
Халамжид дулдуйддаг амьдрал дуусч, бүтээж амьдрах цаг Монгол орны өнцөг булан бүрт эхэлж байна.
Энэ шинэ цагийг зогсоох аливаа оролдлоготой Ардчилсан Нам эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж байна.
Боловсон хүчний зарим томилгооны асуудал дээр Үндсэн хуулийн маргаан үүсгэх гэж байгаа оролдлого нь Монгол Улсын үндэсний эрх ашигт харш, нийгмийн зөрчилдөөн үүсгэж болзошгүй үйлдэл рүү түлхэж байгаа хариуцлагагүй үйлдэл юм.
Арван хэдэн жилийн өмнөх сөрөг хүчнийхээ улс төрчдийг сайн муугаар нь хэлж хагаралдуулдаг, УИХ-ын үйл ажиллагааг намын явцуу эрх ашигт нийцүүлж олон сараар гацаадаг, авилгачдаа ямар ч үнээр хамаагүй хамгаалдаг ялзарсан улс төрийн арчаагүй арга мэх өнөөдрийг хүртэл МАН-аас илэрч байна.
Ардчилсан нам засгийн эрх барьж байсан хугацаанд Засгийн газрыг Монгол Ардын нам ээлж дараалан яаж огцруулж байсан түүхийг ард түмэндээ дахин сануулъя.
1997.10.16 М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар,
1998.07.21 Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар,
2006.01.11 Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн засгийн газар ,
2013.04.25 буюу өнөөдөр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг унагах ээлжит оролдлогоо хийж байна.
Энэ түүх бидэнд Монгол Ардын намаар дахин тоглуулахгүйг хатуу сануулж байна.
Улс төрийн явуургүй тоглолтын өртөг ард иргэдэд ямар үнэтэй тусдагийг Ардчилсан нам мэддэг болсон.
Монгол Ардын намын “Юу ч хийсэнгүй” гэж хэлж байгаа үгний цаана нь “Юу ч хийлгэхгүй” гэсэн санаа нуугдаж байгааг ч бид мэддэг болсон.
“... Авлига бол монголчуудын сайн сайхан амьдрах гэсэн, эрх чөлөөтэй амьдрах гэсэн тэр хүсэл мөрөөдөл, бодлыг чоно мэт мэрж байна. Ард түмнийг зуд мэт ядууруулж бүх юмыг нь арчиж хаяж байна”.
“... Тогтворгүй байдлын үнийг хэн төлдөг юм бэ. Тогтворгүй байдлыг бий болгож албан тушаал эрж байгаа цөөхөн хүнээс бусад нь, бүх ард түмэн төлдөг юм. Тогтворгүй байдлыг ард түмэн төлдөг учраас тэд нар дургүй байдаг юм”.
Энэ үг бол 7 жилийн өмнө Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газрыг Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байх үед түүний хэлсэн үг юм.
Энэ үгийг санах учиртай.
Ардчилсан нам парламентад цөөнх байсан он жилүүдэд улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон бүтээлч, санаачлагатай ажилласан хэдий ч нөгөө талдаа төрд шигдсэн “хогийн ургамал”-уудад амьдрах боломж олгосон нь бидний алдаа байлаа.
Ардчилсан нам тодорхой асуудалтай салбарыг шүүмжилж байснаас хэзээ ч Засгийн газрыг бүхэлд нь огцруулах саналыг гаргаж ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн эсрэг зогсож байгаагүйг түүх гэрчилнэ.
Төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, ах дүү, хамаатан садныхаа дансанд хэдэн тэрбумаар нь байршуулсан, гадаад руу гуйвуулсан, чанарын шаардлага хангахгүй бараа, материалыг хэдэн арван тэрбумаар нь нийлүүлсэн, ашигт малтмалын лицензийг хэдэн зуугаар нь арилжсан зэрэг гутамшигт гэмт үйлдлүүд ар араасаа хөвөрсөөр байна.
Авлигын сүлжээ уул уурхайн том үйлдвэрүүд, төрийн албаны бүх шатанд бэхжиж, авлигын өртөг 1 тэрбум ам.долларт дөхөж байна.
Ард түмэнд айдас байхгүй, шударга иргэдээ айдастай амьдруулах эрх Ардчилсан Намд байхгүй. Авлигачдад айдас бий. Харин үүнийг хамгаалах гэж ардчиллын үнэт зүйлийг харлуулах хэрэгггүй гэдгийг сануулж байна.
МАН-ын гишүүдийн өргөн бариад байгаа огцруулах саналын цаад мөн чанар нь үнэн хэрэгтээ Засгийн газрын тэргүүний нэр төрд хууль бусаар, нотлогдоогүй баримтаар эрээ цээргүй халдан, улмаар Засгийн Газрын нэр хүндийг унагах, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ашиг хонжоо хайсан, намын явцуу эрх ашгаа хамгаалсан, төрийн албанд байгаа авлигачдыг өмгөөлөх гэсэн санаархлаа хэрэгжүүлэхийг эрмэлзсэн, Монголын ард түмний эрх ашгийг умартан улсынхаа эдийн засгийг сөхрүүлэх гэсэн далд оролдлого гэж УИХ дахь АН-ын бүлэг дүгнэж байна.
Өнөөдөр иргэдээ чинээлэг амьдруулж хараахан чадаагүй хэдий ч, өнөөгийн энэ бохир орчноос салсан хөдөлмөрч, боловсролтой, чинээлэг иргэдтэй хариуцлагатай Ардчилсан Монгол орныг ирээдүй хойч үедээ хүлээлгэж өгөхөд Ардчилсан намын эрхэм зорилго оршиж байна.
Зорилгодоо хүрэхэд учрах саад бүхнийг даван туулж, түмнийхээ төлөө сэтгэл гарган ажиллах эрмэлзэл Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт байгаа гэдэгт итгэж,
Монгол Ардын намын бүлгийн Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулах саналыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 4 )
Clear, inratmofive, simple. Could I send you some e-hugs?
сайн байна сайхан хариуг МАН-д өглөө тэдний үнэн санааг анх удаа маш тод сйахан хэлжээ яг л юм хийчих вий гэсэн дээ хийлгэхгүй өөрсдөө баригдчих вий гэсэндээ хэрэгтэн гээд байгаа улс даа ер нь үндсэн тактик нь одоо ч мэдхээрээ нэг боллоо доо ажлын амжилт
Erdenebat gaigui shudraga eh ornoo boddog hun yum bolov uu gej bodogdoj baisan hudlaa yum baina. hend ch yund ch itgehed berh boljee. Ah duu nartaigaa niileed hulgai hiigeed barigdchihaad baihad chin hamgaalaad baih yumaa. Barimt notolgoogoor batlagdlaa shuu dee.
unen unen ene Man garuud hamag bulhai ni garaad ireheer ami ni temtsej bhgui yu