УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Монгол судлалыг дэмжих сан байгуулах тал дээр дэмжлэг авахыг хүссэн. Харин уг асуудлыг Ж.Энхбаяр гишүүн нэлээд олон талаас нь харж буйгаа дуулган “Гантөмөр сайдын хэлж байгаагаар бол, Монгол судлал нь дотоод тал руугаа хандсан шинжтэй байна. Миний бодлоор, Монголыг судалж байгаа гадаад орнуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах нь илүү чухал гэж үзэж байна. Таны хувьд хэдэн ном гаргаад гадаад ертөнцийн Монгол судлалыг орхигдуулаад байх шиг. Ер нь, Монгол судлал гэдэг шинжлэх ухааныг та өөрөө хэрхэн үзэж байгаагаа нэг томьёолоод өгөөч” хэмээн санал тавилаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр үүнд “Монгол судлал нь зөвхөн дотоод бус гадаад ертөнц дэх Монгол судлалын салбаруудыг ч хамруулна. Өв соёл, түүхийн гайхамшгаа дэлхийд таниулснаар бидний гадаад орчин дахь Монгол судлалын цар хүрээ нэмэгдэнэ. Урьд нь энэ асуудал дандаа орхигдож байсан” гэхэд Ж.Энхбаяр гишүүн “Монгол судлал гэдэг бол хэл соёл, угсаатан зүй, өв соёл гэх мэт Монголтой холбоотой бүхнийг судалж буй гадаадын шинжлэх ухаан гэж ойлгож байна. Тэгэхээр бид Орос, Хятадыг судалж байж Монгол судлалаа хөгжүүлнэ. Эхлээд гадаад ертөнцөө судлах хэрэгтэй юм биш үү” хэмээн сөргүүлж тавилаа.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )