Монгол судлалыг дэмжих сангийн тухай асуудлыг хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нийт гишүүдийн 79,1 хувийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр саналаа хэлсэн бөгөөд “Би энэ салбартай дөрвөн жил ноцолдсоны хувьд мэдэх зүйл их. Монгол судлалыг дэмжих сангийн тухайд зөвхөн хэл судлал, түүх гэсэн талаас нь хандаад байна. Биет бус өвийн тухай Монгол судлалд оруулах ёстой. Энэ асуудлыг арай өргөн хүрээнд авч үзмээр байна. Жаахан явцуу хүрээнд байгааг хэд хэдэн гишүүн хэлснийг дэмжинэ. Монгол судлалыг хөгжүүлэх хэдэн сургууль дээр ямар арга хэмжээ авах гэж байгаагаа тодорхой хэлээч ээ. Намайг сайд байхад Бурхан Халдун ууланд шинжилгээ хийх гэсэн гадаадын эрхэмд би татгалзсан хариу өгсөн. Гэтэл манайд байгаа Монгол судлалын төвүүдээр дамжуулаад зөвшөөрөл авч, шинжилгээ хийчихээд одоо дэлхий даяар шуугиулаад явж байна. Энэ мэт уялдаа холбоогүй ажлаа болих хэрэгтэй. Түүнээс биш энэ асуудлыг дэмжинэ” хэмээсэн билээ.

Ийнхүү асуудлаар дүүрэн өрнөсөн УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм. Чуулганы маргаашийн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллээр эхлэх бөгөөд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан танилцуулах юм байна.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top