Дэлхий өнөөдөр багасгасан хувилбараараа Монголд багтаж байна. Бага дэлхийн чуулган Улаанбаатарт эхэллээ. Бөмбөрцгийн өнцөг булан бүрийн 104 орны 1215 төлөөлөгч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор Монголын нийслэлд хуран чуулаад байгаа юм.
Мьянмарын ардчилсан хөдөлгөөний лидер Нобелийн шагналт хатагтай Ан Сан Сү Чи, араб эмэгтэйчүүдийн бахархал болсон Йемений Нобелийн шагналт хатагтай Таваккол Карман, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уилльям Бөрнз, Тайландын Вант улсын үзэсгэлэнт Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават нар тэдний тоонд багтаж байна.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/–ийг тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай М.Олбрайт, Польшийн Гадаад хэргийн сайд Бронислав Геремек нарын санаачилгаар 2000 онд Польшийн Варшав хотноо анх байгуулжээ. Тухайн үед 10 настай байсан Монголын ардчилал өдгөө эрийн цээнд хүрч, АОХН-ийг хоёр жил амжилттай даргалаад буухиагаа дамжуулах гэж байна. АОХН нь дэлхийн 106 орныг багтаасан хүчирхэг байгууллага. Тэр олон орны дотроос Монгол Улс шигшигдэн, энэ том нийгэмлэгийг даргалсан нь төв Азийн энэ орны нэр хүндийг илтгэсэн хэрэг юм.
Улаанбаатарт ажлаа эхэлж байгаа АОХН-ийн бага хурлын эхний хоёр өдөрт буюу бямба, ням гаригт парламентчдын, иргэний нийгмийн, эмэгтэйчүүдийн, залуучуудын, бизнесийн ардчиллын чуулга уулзалтууд болно. Ирэх даваа гаригт Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурал хуралдана. Олон орны төр, засгийн өндөр албаны хүмүүс ирж буй тул Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ганцаарчилсан болон хамтын уулзалтууд хийх гэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама видео мэндчилгээ ирүүлэхээр болжээ.
Ийнхүү Монголын нийслэл Уланбаатар ойрын хэдэн өдрийн турш дэлхийн анхаарлын төвд орох гэж байна. Шүүхийн шинэчлэлээ эхэлсэн, авлигаа 26 байраар бууруулсан, иргэд нь шууд ардчилал, иргэний оролцоог хэрэгжүүлж, орон нутгийнхаа төсвийг батлахад оролцож хянадаг болж байгаа гээд олон сайн үзүүлэлттэйгээр Монгол Улс АОХН-ийг даргалсан жилүүдийнхээ тайланг тавих юм.
Ийнхүү олон хэлийн хүн цугласан, олон өнгийн ардчиллын туршлагыг хуваалцсан олон улсын бага хурал Төрийн ордны Их танхим дүүрэн зочидтой ажлаа эхэлж байна.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 1 )
odoo yb yb boon ydargaa erhee hasuulj suuh gej