Монгол Улсын Ерөнхийлөгчид АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож байгаа Коста-Рика улсын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Улаанбаатарт болж буй АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд нь Коста-Рика улсын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месенд талархал илэрхийлэв. Өнгөрсөн нэгдүгээр сард Давосын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Коста-Рика улсын Ерөнхийлөгчтэй уулзаж сайхан танилцсанаа хэлж ноён Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг Монголд тавтай зочлохыг хүсч буйгаа хэллээ. Коста-Рика улсын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен Монгол Улсад хүрэлцэн ирж АОХН-ийн хуралд оролцож байгаагаа нэр хүндийн хэрэг хэмээн үзэж буйгаа илэрхийлж Монголын нийт ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн улс орондоо АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурлыг зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Тэрээр “Хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын хийж байгаа үйл ажиллагааг бид өндрөөр үнэлдэг. Бидний Монгол Улсад хүрэлцэн ирсэн нь түүхэн үйл явдал болж байна. Коста-Рикагийн талаас анх удаа Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр толгойлуулсан өндөр хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирж байна. Анхны энэ айлчлал хоёр орны ард түмнийг ойртуулах хүчин зүйл болох юм. Хэдийгээр хоёр орон газар зүйн хувьд алсоршдог, цаг агаарын хувьд өөр ч ижил төстэй зүйлс бас бий. Коста-Рика бол Латин Америкийн ногоон ертөнцийн сонирхолтой орон. Тогтвортой эко жуулчлал, тогтвортой хөгжлийн төлөө ажилладаг орон” гэлээ. Тус улс өнгөрсөн жилд л гэхэд 1,5 сая жуулчин хүлээн авчээ. Тиймээс аялал жуулчлал хөгжүлдэг туршлагаасаа Монгол Улстай хуваалцахад бэлэн гэдгээ Коста-Рика улсын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен илэрхийлэв. Тэрээр Монгол Улсад байх хугацаандаа Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайдтай уулзаж энэ талаар санал солилцохоор болжээ. Мөн орчин үеийн ардчиллын асуудлаар Монгол Улстай санал нэгдэх зүйл олон байдаг гэлээ. Монгол Улсад анх удаа ирж байгаагийн хувьд хоёр орны цаашдын хөгжил, хамтын ажиллагаа, харилцан бие биеэ таньж мэдэхэд том хувь нэмэр оруулна гэдгээ илэрхийлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Коста-Рика улсын талаас Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн төвшинд анхны түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглээд “Коста-Рика бол маш сонирхолтой орон. Бид маш ойрхон ажиллах ёстой. Таны айлчлалаас манай хоёр орны харилцаанд тодорхой ул мөр үлдэнэ гэдэгт итгэж байна. Аялал жуулчлалын салбарт та бүхнээс сурах зүйл их байна. Олон улсын төвшинд бие биеэ дэмжиж ажиллах ажлууд бий. Ардчиллын чиглэлд, эдийн засгийн чиглэлд Коста-Рика бол маш их дэвшил хийсэн, Латин Америктаа жин дардаг орон” гэлээ. Монгол Улсын ЭСЯ тус улсыг Нью-Йоркоос хамаардаг бөгөөд Латин Америкийн орнуудад өргөмжит консул суулгах, мөн Бразильд Элчин сайдын яам нээх чиглэлээр ярилцаж буйг танилцуулав. АОХН-ийг ирэх хоёр жилд даргалах ажлыг Латин Америкийн Эль Сальвадор улс Монголоос хүлээн авах гэж байна. Монгол Улсын өнгөрсөн хоёр жилд хийсэн ажлыг тус улс цаашид үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байгаагаа уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Р.Есүй
Сэтгэгдэл ( 2 )
Tiimee...elbegdorjtoi ursulduh hun ugaasaa baihgui shdeee...yun baterdene ve ter odoo yah gej baigaan 76 aadaa baival boloo ym bishuuu....mahan tolgoi tsarailchaad uls orniig udirdana ch geh shig
ENE udaagiin eronhiilogchiin songuulid elbegdorjiig demjij baina...iluu ihiig hiij buteeegeerei amjilt!!