Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинаватын айлчлал эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Тайландын Вант улсын Ерөнхий сайд эрхэмсэг хатагтай Йинглак Чинават манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Тайландын хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээнд ярилцаж, үр дүнтэй хэлэлцээ хийсэндээ сэтгэл хангалуун байгаагаа Засгийн газрын тэргүүнүүд илэрхийлсэн юм. Цаашид хамтын ажиллагаагаа тодорхой чиглэлүүдээр түлхүү хөгжүүлэх, тэр дундаа уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтын болон хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөтгөхөөр тохиролцсоноо хамтарсан мэдээллийн үеэр тэмдэглэв. Мөн аж үйлдвэрийн парк байгуулах, хоёр орны хооронд хуваарьт нислэг үйлдэх боломж бүрдүүлэх, Монголын ноолуур, Тайландын торгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна. Түүнчлэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах, хувийн хэвшлийнхний худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих бодлого баримтлахаар зөвшилцсөнөө Ерөнхий сайд нар дурьдлаа. Эдгээр яриа хэлэлцээний хүрээнд харилцан ойлголцлын гурван санамж бичиг байгуулж, баримт бичгүүдэд хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид гарын үсэг зурлаа.

Монгол-Тайланд улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2014 онд тохиохтой холбогдуулан соёл боловсрол, иргэд хоорондын харилцааг дэмжих олон талт үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулахаар Засгийн газрын тэргүүнүүд ярилцжээ.

Хатагтай Йинглак Чинаватын айлчлал Тайландын Засгийн газрын тэргүүн манай оронд хийж буй анхны айлчлал учир хоёр орны харилцаанд шинэ үе эхлүүлэх ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон бол Азийн хэмжээнд төдийгүй дэвхийн түвшинд чухал байр суурь эзэлж байгаа Монгол Улстай цаашид худалдаа, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулахаа хатагтай Йинглак Чинават илэрхийлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа эх орондоо айлчлахыг урилаа.

Хатагтай Йинглак Чинават манай оронд саатах хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын нээлтэд хүндэт зочноор оролцоно.

Дашрамд дурьдахад, сүүлийн нэг сарын хугацаанд манай оронд Япон, Турк, Тайландын Засгийн газрын тэргүүнүүд айлчлаад байна. Өмнө нь ийм богино хугацаанд томоохон орнуудын өндөр дээд хэмжээний олон зочид төлөөлөгч манай оронд айлчилж байсан удаагүй юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганаа(122.201.18.211) 2013 оны 04 сарын 28

ИХ аятайхан биетэй царай зүс сайтай л хүүхэн байнаа хө Энэ ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших аятайхан хүүхнийг дэмжээр байнаа Харин Оюунхорол биш шүү

0  |  0
zochin(202.179.20.134) 2013 оны 04 сарын 28

neeree hunii tairdas yumaa tailanduud namhan shuudee

0  |  0
n(122.254.119.126) 2013 оны 04 сарын 28

shn amitan bn shuu

0  |  0
Сандаг(112.72.12.37) 2013 оны 04 сарын 28

Тайландчууд чинь уг нь нэг их биерхүү биш ш дээ. Тэгтэл энэ хүүхэн чинь манай төрийн гурван тайрдаснаас хамаагүй өндөр юм аа. Ха ха.

0  |  0
zochin(122.201.18.171) 2013 оны 04 сарын 28

saihan huuhen

0  |  0
Top