Нэг сая гаруй интернэт хэрэглэгчдийн нийгмийн шаардлагаар байгуулагдаж буй Онлайн Парламентийн төлөөлөгчдийг сонгох санал хураалт 2013 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 22:00 цаг хүртэл явагдаж дууслаа. Нийт 599 нэр дэвшигч өрсөлдсөнөөс санал хураалтын урьдчилсан дүнгээс харахад 29 эрэгтэй, 4 эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулаад байна.
Интернэт хэрэглэгч сонгогч тус бүр Онлайн парламентийн төлөөлөгчийг сонгохдоо нэг тойрогт нэг л нэр дэвшигчид санал өгсөн бөгөөд саналын ямар ч давхардал байхгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс тодотгож байна. Иргэд фэйсбүүк, твиттер хуудас болон “Зиндаа” эрхээрээ дамжуулан өөрсдийн дэмжиж буй нэг нэр дэвшигчид санал өгсөн юм.
33 тойргийн 33 төлөөлөгч сонгогдсоноор Online PR agency, Zindaa.mn сайтаас хамтран зохион байгуулж буй Онлайн Парламент төсөл бодит үр дүнгээ өгөх цаг ойртож байгааг тодотгоё. Онлайн Парламентийн анхны хурал тавдугаар сарын 1-ний өдөр болно.
Онлайн Парламентын санал хураалтын дүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болоод ялагчдын талаарх танилцуулгыг бид эргэн мэдээлнэ.