Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдсаар байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

Хил хязгааргүй сэтгүүлчид ашгийн бус байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны индекс гарчээ. Уг индексийн үзүүлэлтээр Манай улс өмнөх жилийнхээс 2 байраар ухарч 98 дугаар байранд жагссан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө жил ирэх тусам хумигдаж байгаа гэсэн үг.

Монгол улсын хувьд 2002 оноос тус байгууллагын судалгаанд хамрагдаж эхэлсэн бөгөөд 2005 онд эхний 50-д орж харьцангүй эрх чөлөөтэй гэгдэж байсан. Харамсалтай нь өмнөх УИХ-ын сонгуулийн дараа буюу 2008 онд 7 сарын 11-ний үйл явдлын улмаас ноцтой ухарсан. Тэр цагаас анхаарал татахуйц асуудалтай орнуудын эгнээнд шилжиж одоог хүртэл тасралтгүй ухарчээ.

Дашрамд дурьдахад, Хэвлэлийн Эрх чөлөөний индекс нь дэлхийн улс орнуудын Эрх чөлөөний индексийг тооцоход ихээхэн нөлөөлдөг. Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах тал дээр хууль эрх зүйн орчны хувьд төр засгаас анхаарах цаг болсон гэдгийг хаа хаанаа ярьж хэлдэг ч одоогоор дорвитой шийдэгдсэн зүйл алга.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр ирэх сарын 3-нд болно. Энэ өдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд баярлаж наргиж цэнгэхээ урьтал болголгүй төр засаг, холбогдох байгууллагуудад дуу хоолойгоо хүргэх нь зүйтэй юм. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө бид Монголд хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж буй тодорхой асуудлуудыг гаргаж тавин, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох талаар Төр засагт шахалт, шаардлага хүргүүлэхэд яагаад болохгүй гэж.

Хил хязгааргүй сэтгүүлчид(Reporters Without Borders) хэмээх байгууллага нь 1985 онд үүсэн байгуулагдсан Францын Парис хотод төвтэй ашгийн бус байгууллага. Тус байгууллага нь мэдээллийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах, мониторинг хийх үйл ажиллагаа эрхэлдэг НҮБ-ын зөвлөх статустай байгууллага юм.

Тус байгууллагаас жил бүр өөрсдийн гаргасан аргачлалаар Улс гүрнүүдийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг индексжүүлж, жагсаалт болон тайлан гаргадаг. Энэ жилийн тайланд он гарсаар нийт 17 сэтгүүлч өөрт байгаа мэдээ мэдээллээс болж амиа алдаж, 179 сэтгүүлч баривчлагдсан тухай дурьджээ.

Скандинавын улсууд болон Канад улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр тогтмол дээгүүр явдаг. Манай урд хөрш болох Хятад, Хойд Солонгос болон Ойрхи дорнодын дотоодын үймээн самуунтай улсууд мэдээллийн эрх чөлөөг уландаа гишгэсэн хэвээр байгааг онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hulgaich tortei uls da manaih(27.123.213.131) 2013 оны 04 сарын 30

hulgaichdeeg tolgoidoo zalsan ym chi argagui shde

0  |  0
Top