Залуус АНУ-ын төрийн бичгийн даргын ахлах зөвлөхтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 30

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОНХ/-ийн Сайд нарын долдугаар хуралдаан болж байгаатай холбоотойгоор Баянгол дүүрэг, EBI хүрээлэн, Ардчилсан хүчний залуучуудын холбоо \АХЗХ\ хамтран АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Томика Тиллеманнтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа,  Баянгол дүүргийн иргэд болон АХЗХ-ны залуус оролцсон юм.  

Энэхүү уулзалтын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улс ардчиллын загвар орон болж, дэлхий дахинд Монголын  нэр хүнд өсч байна. Монгол орны хувьд дайны аюул, заналхийлэл багатай тайван орон, мөн ардчиллын суурийг зөв тавьсан болохоор бидэнд зөв бодлого байвал хурдан хөгжих боломж байгаа гэж үзэж байна. Тиймээс энэ ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа өнөөдрийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байна” гэв.

Уулзалтыг хамтран зохион байгуулж буй Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбатаас энэхүү арга хэмжээний талаар тодруулахад “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОНХ/-ийн Сайд нарын долдугаар хуралдаан манай улсад амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээг тохиолдуулан бид дүүргийнхээ хүрээнд уулзалт зохион байгуулан хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын ахлах зөвлөх тэргүүтэй зочид төлөөлөгчдийг дүүргийнхээ залуучуудыг хамруулан оролцож байна. Сонгогчид маань ардчилсан хүчинд дэмжлэг, итгэл үзүүлж байгаа болохоор өнөөдрийн зочидтой ардчиллын хөгжил, үзэл бодлын талаар санал солилцож байна. Цаашид иргэд, хороодын дунд бид энэ төрлийн ярилцлагыг олноор хийхээр төлөвлөөд байна.” гэлээ.

Тэгвэл энэхүү уулзалт ярилцлагыг санаачилсан АХЗХ-ны ерөнхийлөгч М.Алзахгүй  “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОНХ/-ийн Сайд нарын долдугаар хуралдаан болж өнгөрлөө. Энэ хурлаар олон орны төлөөлөгч манай улсад ирсэн байгаа. АХЗХ  Монголынхоо залуучууд болон холбооны гишүүддээ зориулаад АНУ-аас ирсэн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь ардчилал гэж юу байдгыг ойлгуулах, залууст олон улсын гарцыг нээж өгөх юм. Манай АХЗХ байгуулагдаад гурван жил болж байгаа ч олон сургалт семнар зохион байгуулсан. Цаашид ардчиллын талаарх үнэн бодит ойлголт өгөх, гадаадын зочидтой уулзуулахад анхаарч ажиллах болно” гэсэн юм.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top